С.Амарсайхан: Газартай холбоотой асуудал ил тод, иргэд хүссэн мэдээллээ авдаг болно

Баянзүрх дүүргийн XXVIII хорооны өндөр настан н.Цогоо газраа 2008 онд өмчилж авчээ. Ингээд санаа амар сууж байтал нэг л өдөр өөр хүн “Газраа чөлөөлж өг. Энэ миний газар” гэсээр бичиг цаас барьсаар ирсэн байна. Адгийн зарга 10 хоног гэгчээр энэ маргаан явсаар өнөөдөртэй золгожээ. Үүнтэй адил маргааныг тус дүүргийн хэд хэдэн хүн нийслэлийн удирдлагуудад өнөөдөр Соёлын төв өргөөнд болсон “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийн үеэр хаяглаж байлаа. Ерөөсөө Баянзүрх дүүргийн Газрын алба авлигад идэгдсэн газар болсон гэж нэлээд хүн бухимдаж, асуудлыг яг одоо шийдвэрлэж өгөхийг шаардаж байсан юм.

Өнгөрсөн онд газартай холбоотой асуудлаар 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж нэхэмжлэл гаргаснаас 96-г шийдвэрлэж, 120 орчим нь шүүхийн шатанд байгаа аж. Зөвхөн Баянзүрх дүүрэгт л гэхэд 1785 хүн газраа өмчилж авч чадаагүй байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс газрын харилцаатай холбоотой 500 гаруй өргөдөл, гомдол иржээ. Зөвхөн "Дүнжингарав"-т байрлах үйлчилгээний нэгдсэн төвд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй, газрын маргаан 12, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг асуудал зонхилж байгааг албаныхан хэлсэн юм.

Нийслэлд газрын үнэлгээг хавтгайруулж хийсэн нь хамгийн том алдаа болсон хэмээн тус хэлэлцүүлэгт урилгаар оролцогчид хэлж байв. Тодруулбал, айлуудын газрыг үнэлэхээр гэр хорооллын гудамжны урд хэсэг буюу зам дагуу айлууд газраа худалдах сонирхолгүй байдаг аж. Хойд хэсгийнхний газрыг дэд бүтэц очоогүй гээд компаниуд сонирхдоггүй. Иймээс гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажил анхнаасаа учир дутагдалтай байсан гэдгийг зарим хүн шүүмжилж байсан. Энэ талаар Монголын газар зохион байгуулалтын холбоо ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Л.Уранбилэг “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт хоёр зөрчилдөөн үүсдэг хоёр өөр субъект. Газрын асуудалд улс төр байнга ордог учраас хэт замбараагүй болсон. Уг нь бол ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголт хийгдэх ёстой. Агаар, хөрсний бохирдолтой газрын үнэ цэнэ улам бүр унана. Олон улсад хот тэлэх ёсгүй гэж үздэг” гэлээ.

Харин НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Манай дүүрэгт иргэдэд олгох газар үлдээгүй. Дүүрэг, Газрын албад иргэдийг мэдээллээр хангадаггүй. Иргэдийн өргөдөл, гомдлыг маш удаан шийдвэрлэдэг. Дэд бүтцийн асуудлыг шийдэж өгдөггүй. Иргэд яагаад газар авч болдоггүй юм. Гэтэл мөнгөтэй хүн төсөл нэрээр газар авчихдаг. Үнэн хэрэгтээ ядарсан иргэд газар худалдаж авдаг юм” хэмээв.

Дээрх хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханаас газрын харилцаатай холбоотой асуудлаар дараахь тодруулгыг авсан юм.

-Газраа хураалгасан иргэд маш их бухимдалтай байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-НИТХ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийн өмнө иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэд оршин суугчдаас 500 гаруй өргөдөл гомдол ирүүлсэн. Нийслэлийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлын ул суурь болсон газартай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах вэ гэдгийг харилцан ярилцах үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Тэр хэмжээгээр  газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж, гарц шийдлүүдийг эрж олох зорилготой.

-Нийслэлд Газрын албатай холбоотой үйл ажилллагааг иргэд их хэмжээгээр шүүмжилдэг. Үнэхээр шүүмжлэхээс ч өөр арга алга. Нээлттэй болгож болдоггүй юм уу?

-Бид цаашид газартай холбоотой ажлыг илүү нээлттэй ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг хуулийн хугацаа буюу заавал 30 хоног гэж хүлээхгүйгээр гурав хоног дотор шийдвэрлэдэг болох тал дээр анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр иргэдийн өгсөн санал гомдол шийдвэрлэгдэхгүй 10-15 жил болсон газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдсөн асуудлыг шийдэх үүднээс ажлын хэсэг  байгууллаа. Түүнчлэн газрын харилцаатай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй болгож, тэр хэмжээгээр бүх төвшинд энэ асуудал нийслэлийн бодлого шийдвэртэй нийцсэн иргэдийнхээ ажил амьдралыг бодит нөхцөл байдалтай уялдсан болох ёстой. Төрийн байгууллагаас эхлээд харилцан уялдаатай нийтээрээ нэгдэж хүндрэлтэй асуудлаа шийдээд Улаанбаатарын хөгжлийн гол үндэс болсон газрын үнэ цэнийг нэмэх хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байна гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. газрын алба сайн ажиллаж байгаа, цаашид ч өмнө гарсан алдаануудаа залруулаад яван байх. Амарсайхан дарга ч бас тийм ч цэвэр гартай биш байх шүү Газрын асуудал дээр

    0 0 Хариу бичих
  2. Газрын асуудал хамгийн их маргаан дагуулсан ажил.Ажлын хэсэг байгуулагдсан юм бол газрын наймаагаар газар авсан газруудыг тогтоож холбогдох арга хэмжээг авах нь зөв гэж бодож байна. С.Амарсайхан даргад ажлын амжилт хүсье.Эрс шийдэмгий олон ажлыг хийгээрэй

    0 0 Хариу бичих
  3. Сүхбаатар дүүргийн газрын албаны Дамдин гэж түшмэлийг шалгаад өгөөч , хүний авсан гэрчилгээ гаргуулчихсан газрыг засаад хасаад завсраар нь айл чихээд олгочих юм , ийм лалруудаас салмаар бна, эд нар гэрлийн хурдаар баяжиж бна

    0 0 Хариу бичих