Шүлхийн голомтод шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчний голомтот газруудад ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцан, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, тус аймгийн Дэрэн сумын шүлхий өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж,  сумын шуурхай командыг зарлан мэдээллийн дохиогоор цуглуулж, хяналтын постод хүч нэмэгдүүлж, хамгаалалтын зогоон татах, эрүүл бүсээс мал сүргийг өвчний голомт руу оруулахгүй байх үүрэг өгөв.

Мөн дөрвөн гэр гаргуулж, тандалт судалгаа хийх, отор нүүдэл, эзэнгүй мал сүргийн судалгааг гаргах, холбогдох аймгуудтай мэдээлэл солилцох, цасан шуурганы үед голомт руу мал оруулахгүй байх, малчдад мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг өгч, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, хурандаа А.Дашням нарыг Дэрэн суманд ажиллаж зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэгжүүлэв.

Түүнчлэн хил залгаа Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, мал эмнэлэг үржилийн тасгийн дарга нартай Төв аймгийн Өндөр дов гэдэг газар уулзаж шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, Дэрэн суманд байгаа өөрийн сумын малчдын хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм сахиулах асуудалд анхаарч, байнгын холбоотой ажиллаж, сумын удирдлагатай хамтарч зохион байгуулалтаа сайжруулах, сургуульд суралцах хүүхдүүдийн судалгаа гаргах, төрийн албан хаагч, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэхийг үүрэг болгов.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, шүлхий өвчний голомт Даланжаргалан, Эрдэнэ сумын нөхцөл байдалтай танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор үүрэг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ...үүрэг болгов...үүрэгдэв...хурандаа нар л очсон бололтой. Зэрлэг амьтан болон малын өвчин шинжлэх ухааны судлаачын дүгнэлтээр хэрхэн арга хэмжээ авах тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээнд тулгуурлах ёстой. Гэтэл... хурандаа ингэв, хурандаа тэгэв.. үр дүн нь...???

    0 0 Хариу бичих