Монгол соёлыг дэлхийд түгээгч

Дэлхийн сонгодог урлаг, дуурийн дуучдын чансааг тодорхойлдог “BBC Cardiff Singer Of the World” уралдаанд монголын залуус оролцож, авьяас, хоолойн чадал, сонгодог урлагийн хүн болж буй эсэхээ шүүлгээд удаагүй. Монгол гэх нэрийг сонгодог урлагийн тайзнаа гайхан бишрүүлж, шүүгчдийн нүдэнд нулимс бүрхэж, сэтгэл зүрхийг нь хөвсөлзтөл дуулж чадлаа хэмээн цоллуулж, уг тэмцээний 4 цомын гурвыг хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар, түүнээс улбаалан Монголын дуурийн дуучдын гайхам авьяасын нууцыг эрэн хайсан BBC Radio-гийн уран бүтээлчид Монголд ирж түүний талаар радио баримтат нэвтрүүлэг хийж дэлхий даяар цацагдлаа. Монголын сонгодог урлагийн дуучид дэлхийн магнайд цахиур хагалах боллоо гэх утга бүхий нийтлэл ч алдарт The Guardian сайтад нийтлэгдэв. Эх орныхоо нэрийг дуурсгаж яваа тэдний ардах ажлыг чимээгүйхэн хэрнээ амжилттай бүтээж яваа нэгэн бүсгүй бий. Урлаг соёлтой зүрх сэтгэлээрээ холбогдож, Монголынхоо урлагийг дэлхийд танигдахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн Жанчивын Өнөрмаа гэх бүсгүйтэй ярилцлаа.

-BBC Radio-гийн баримтат нэвтрүүлэг, The Guardian сонин МУГЖ Г.Ариунбаатарын тухайд онцлон баримтат нэвтрүүлгийнхээ гол баатраар сонгож буй нь Монголын дуурийн урлаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж бололгүй яахав, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэсэн үг. 2017 онд МУГЖ Г.Ариунбаатар шилдэг тавд багтаж, Кардифын уралдааны Романсын төрөлд түрүүлсэн. Анх 2015 онд МУГЖ Э.Амартүвшин “BBC Cardiff Singer Of the World” тэмцээнд оролцож үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байлаа. Дэлхийд алдаршсан олон залуу дуурийн дуучдын ажил, амжилтын гараагаа эхлүүлж байсан түүхтэй, сая сая үзэгчдийн хүлээн авч сонсдог уралдаанд манай дуучид оролцож амжилт үзүүлж байгаа нь, Монголын дуучид яагаад гэнэт цахиур хагалж гарч ирэх болов гэдэг нь тэдний сонирхлыг  төрүүлсэн байх. Үүгээр ч зогсохгүй манай монголын дуурийн дуучдын авьяасаас гадна мэргэжлийн багш нарын ур чадвар ч шавь нарынх нь үзүүлэлтүүдээс харагдаж байна гэж зарим мэргэжлийн хүмүүс дүгнэсэн. Тийм ч учраас ийм мундаг дуулаачид бэлтгэж буй багш нартай нь BBC Radio-гийнхан уулзаж ярилцсан.

-Монгол гэдэг нэрийг өнөөх л нүүдэлчин амьдрал, Чингис хаан гэдгээрээ төсөөлдөг дэлхийд биднийг сонгодог урлаг гэсэн цоо шинэ дүр төрхтэйгээр танилцуулж байгаа хэрэг байхнээ дээ?

 -Яг үнэн. BBC Radio 4 суваг нь хөгжим, урлагийн чиглэлээр дагнан нэвтрүүлэг бэлдэж цацдаг онцлогтой. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагаас анх удаа хөгжмийн чиглэлээр, тэр дотроо дуурийн урлагт дуулж дэлхийд танигдаж эхэлж буй монгол залууд төрж өссөн ахуй, амьдрал, монголын дуу хөгжим, язгуур урлаг нь хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг талаар мэргэжлийн сэтгүүлч эх оронд нь очиж судалж хийсэн баримтат нэвтрүүлэг болж байгаа юм. Урлагийн баримтат нэвтрүүлгийн хэлбэрээр хийгдсэн анхны томоохон нэвтрүүлэг нь гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хөрөг болон ийнхүү хийгдлээ. Тус нэвтрүүлгийн багийнхан Монголд очоод нүүдэлчин гэсэн түүхэн байдал, орчин үеийн Монгол гэхчилэн бүх талаас нь харуулж нэвтрүүлгээ хийж байгаад нь талархаж байна гэдгээ хүмүүс хэлж байсан л даа. Тэгэхээр яг өөрийн чинь хэлснээр Монголчууд гэртээ амьдарч, морь унаж, хөөмийлж, морин хуур тоглодог ард түмэн гэж мэдэхээс биш дуурийн урлагт ингэж хүчтэй гарч ирж байгаа сонгодог урлагийн хүрээнд цөөхөн хүн л мэддэг болсон. Тэр байдлыг BBC Radio-гийн нэвтрүүлэг цацагдсанаар эднийхийг сонсдог 12 сая сонсогч, дэлхийн дуурь сонирхдог бусад ард түмэн, дуурийн урлагийн шүтэн бишрэгчид, монголчууд бид өөрсдөө ч гэсэн сонсохнээ. Энэ утгаараа маш өргөн хүрээтэй, авьяастай чадварлаг залуучуудаараа эх орноо сурталчилсан сайхан үйл ажиллагаа болж байгаа.

-Таны хувьд BBC Radio-гийн баримтат нэвтрүүлгийн багийнхантай хэрхэн холбогдож энэ нэвтрүүлгийн багт орох болов?

-2015 онд болсон “BBC Cardiff Singer Of the World” тэмцээнд монгол дуучин оролцох болсноос үүдэн орчуулга болон харилцааны хувьд туслалцаа үзүүлэх байдлаар хамтарч ажиллаач ээ гэсэн хүсэлтийг Кардифын уралдааныг зохион байгуулагчдаас хүлээн авч байлаа. Британи дахь манай Элчин сайдын яамнаас ч гэсэн ийм хүсэлт давхар тавьсны дагуу уралдаан эхлэхээс 6 сарын өмнөөс, уралдаан үргэлжлэх 14 хоногийн турш хамтарч ажилласан. Тухайн үед Э.Амартүвшин маань ганцаараа тус уралдаанд оролцож байсан. Монгол хүнийхээ үүднээс, Соёлын элчийнхээ хувиар тэрхүү уралдаанд оролцоход нь бүхий л талаар дэмжсэн дээ. Дараа нь 2016 онд Кардифын маань хүмүүс эргээд холбогдсон, ахиад 2 монгол дуучин манайд тэмцээнд оролцохоор боллоо гэсэн нь МУГЖ Г.Ариунбаатар, Б.Батжаргал хоёр байсан.

Дараа нь Кардифын уралдааны захирал, уран сайхны удирдаач Дэвид Жэксон надтай холбогдож BBC Radio-гийнхон тантай холбогдох хэрэгтэй байна гэсэн. Удалгүй BBC Radio-гийн продюссер Стивен Ражам надтай 2017 онд Кардифын уралдаанд амжилттай оролцож Романсын төрөлд тэргүүн байр эзэлсэн МУГЖ Г.Ариунбаатарын тухай радио нэвтрүүлэг хийхээр төлөвлөснөө дуулгасан. Бид нар BBC-д ийм нэвтрүүлэг хийх тухай саналаа өгсөн чинь дэмжигдэж батлагдсан. Энэ зун явах сонирхолтой байна. Та уулзаж, яриа авах хүмүүсийг санал болгож, хөтөлбөр гарган туслалцаа үзүүлж чадах уу гэсэн. Миний үзүүлэх туслалцаа гэдэг нь Монголд очоод хийх бүх уулзалт, Монгол улсын Засгийн газар, урлаг соёлынхонтой холбож өгөх зэрэг байлаа. Соёлын элчийн хувьд МУ-ын ГХЯ-тай санал солилцож, мөн өөрийн боломж, продюсерийн тавьсан шаардлага дээр үндэслэн би санал оруулж хөтөлбөрөө батлуулаад түүнийхээ үндсэн дээр хамтарч ажилласан. Тухайлбал, нэвтрүүлгийн гол баатар нь МУГЖ Г.Ариунбаатар, зочдын 90-ээс дээш хувь нь Монголд ажиллаж амьдарч байгаа англи хэлээр ярьдаг, нийгэм, соёлын салбарт гол төлөөлөл болсон хүмүүс байх ёстой гэх мэт шаардлага тавьсан. BBC Radio-гийнхан өөрсдөө бас судалгаа хийсэн байсан л даа. Тэр судалгааныхаа дагуу манай залуу уран бүтээлчидтэй холбогдох, Англид байгаа Ази тивийн болоод Монголын дуу хөгжмийг сонирхон судладаг судлаачидтай уулзаж ярилцах гэх зэрэг нэмэлт хөтөлбөрүүдийг ч программдаа оруулсан байна лээ. Продюсерийн зүгээс намайг мөн орчуулга, зарим дуу оруулалт дээр ажиллахыг хүссэн. Энэ сайхан бүтээл дээр хамтран ажилласандаа их баяртай байгаа. Бидний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт оролцсон бүх зочиддоо талархал илэрхийлье.

-Монголын дуурийн дуучид анх удаа уралдаанд оролцсоноосоо хойш хоёр жилийн дотор гайхалтай амжилт үзүүлчихлээ. Талын нүүдэлчин монголчууд сонгодог урлагт гэнэт цахиур хагалан гарч ирсэн нууцыг тайлахаар иржээ дээ?

-BBC Radio-гийнхний анхны бодол төсөөлөл нь монголчууд оросуудаас сонгодог урлагийг авсан, оросууд хүчээр тулгаж соёлжуулж, хүмүүжүүлсэн гэсэн бодолтой Монголд очсон. Тэгтэл монголчууд хэдийгээр сонгодог урлагтай оросуудаар дамжуулж танилцсан ч гэлээ бид “Учиртай гурван толгой”, “Ламба гуайн нулимс” зэрэг үндэсний томоохон дуурьтай, ДБЭТ-ийн урын сан дэлхийн том театруудынхаас дутахааргүй баялаг, байнгын ажиллагаатай, манай дуурийн дуучид авьяас чадалтай гэдгийг BBC Radio-гийнхан ч өөрсдийн нүдээр харсан.

Монгол хүний эрх чөлөөтэй, эрч хүчтэй байдаг гэдгийг Г.Ариунбаатартай хамт хөдөө яваад л ойлгосон доо. Хөдөө замд явж байгаад л машинаасаа буугаад сайхан дуулаадхаач гэхэд л хангинатал сайхан аав ээж минь гээд л дуулдаг, яриа өгөнгөө морин дэл дээрээ ч сайхан дуугаа дуулаад л... BBC-ийн сэтгүүлч Кэйт Моллисон ( The Guardian-д нийтлэл нь тавигдсан) тэгэхэд нь үнэхээр гайхамшигтай юмаа гээд л дуу алдаж байгаа юм. Таны байгаа байдал, цээжээ тавиад л, толгойгоо өргөөд, харц чинь тогтож тэнгэрлэг болоод, дуулалт энэ бүхэн чинь байгаль дэлхийтэйгээ хүртэл зохицжээ. Эх орон чинь танд их нөлөөлдөг юм байна гэж магтаж байлаа. Дэлхийн ямар тайз таалагддаг вэ? гэхэд нь  Г.Ариунбаатар Миний эх орны тайз л таалагддаг. Ялангуяа хөдөө нутагт дуулаад явж байхад бүр жаргалтай байдаг гэж хариулсан. Билэг танхай гэдэг билүү, тийм байдал нь дуулж байхад нь ч гэсэн харагдсан /инээв/ .  Энэ дашрамд, BBC Radio-гийн нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч, нэвтрүүлгийн багийг “Сүлд” чуулга, СУИС-иар зочлуулж, өөрийн төрсөн нутгаар аялуулан, монгол зан заншил, өөрийн амьдрал, уран бүтээлтэй танилцуулсан МУГЖ Г.Ариунбаатартаа болон түүний гэр бүл, аав ээж, ах дүүс, найз нөхдөд их баярласанаа илэрхийлэхийг хүсч байна.  

-Гэхдээ дэлхийд эх орноо сурталчилж байгаа хүмүүсээ бид төдийлөн анхаарахгүй байх шиг. Тэр дундаа сонгодог урлагийн салбарыг. Кардифын уралдаанд түрүүлсэн дуучин маань өөрөө гадны театрт ажиллаж байна шүү дээ.

Харамсалтай нь тийм. BBC Radio-гийнхан  Г.Ариунбаатарыг Монголын дуурийн театрын дуучин гэж бодож байсан. Тэгээд асуухаар нь Г.Ариунбаатар маань Буриадын театрт бүтэн цагаар ажиллаж байгаа, монголынхоо дуурийн театртаа ажилладаггүй юм аа гэсэн. П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээнд түрүүлээд Марийнский театрын дуучнаар ажилладаг, одоо ч бас хааяа дуулдаг гэдгийг нь ч тайлбарласан. Яагаад эх орныхоо дуурийн театрт дуулдаггүй юм болоо гэж BBC Radio-гийнхан их гайхаж байсан л даа.

-Монголын дуурийн дуучид дэлхийд үнэлэгдлээ. Сонгодог урлагаараа бид дэлхийд танигдлаа. Дэлхийд нэрээ гаргаж байгаа уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаагийн таны нүдээр  хувьд, гадны тэмцээн уралдаанд оролцох бүх зардлаа өөрсдөө олдог, бор зүрхээрээ бүхнийг зохицуулдаг уран бүтээлчиддээ төр засгаас юунд нь анхаарч, туслаж чадахаар харагддаг бол?

-Спортын тэмцээн, дууны уралдаан хоёр ерөөсөө л яг адилхан хурдан морь шиг биеэ сойно, сэтгэлээ сойно, авьяасаа сойно. Тухайн уран бүтээлч, дуучин хичнээн авьяас чадвартай байсан ч сэтгэл зүйн бэлтгэл зайлшгүй хэрэгтэй. Мөн мэргэжлийн бэлтгэл хэрэгтэй, наад захын хэлний мэдлэг, англиар, оросоор ярьдаггүй хүмүүс чинь тэр хэлээрээ дуулах дуугаа ойлгож байж, сэтгэлийнхээ гүнд оруулж байж эргээд ард түмэнд, сонсогчдод нөлөөлнө. Энэ залуу дуучдад яг юу хэрэгтэй байна вэ? Гадаад хэлээ сайжруулах уу, эсвэл мэргэжлийн түвшний мастер багш нар гадаадаас хэрэгтэй байна ч гэдэг өөрсдийнх нь үгийг сонсмоор санагдсан.  Эсвэл бүр гадагшаа явж судалж, суралцаж яагаад болохгүй гэж. Би бол тийм зүйлсийг дуртайяа зохион байгуулна. Энэ ажлыг бодлогоор зохицуулж, судалгаан дээр тулгуурлан хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд гол нь манайхнаас санаачилах ёстой. Жишээ нь сэтгэл санааны бэлтгэл, харилцааны урлаг аливаа уралдаан, тэмцээнд оролцогчдод чухал байдаг. Олон улсын уралдаан тэмцээнд оролцох боллоо гэхэд бие болоод санаа сэтгэл, хэл яриа ямар байх ёстой вэ? Эндээс хэрэв та дэлхийн хүн болчихвол биеэ хэрхэн авч явах вэ гэдэгт нь сургах, заах зүйл олон бий. Үүнийг суралцсан залуус нь эргээд уралдаан тэмцээнд шинээр оролцох гэж байгаа найз нөхөддөө зааж зөвлөдөг болчихвол сайн хэрэг. Үүнээс гадна нэгэнт л уран бүтээлч хүн юм чинь уралдаанд оролцоход нь мөнгө төгрөгнөөс эхлээд хоол ундаа хэрхэн зохицуулах вэ гэхчилэн жижиг гэлтгүй асуудал дээр нь санхүүгийн хувьд Монгол Улсын Засгийн газраас дэмжиж өгвөл зүгээр санагддаг. Миний мэдэхээр амжилт үзүүлээд очихоор нь нэг шагнаад байх шиг байгаа юм. Гэхдээ түүнээс өмнө уран бүтээлчдээ нийтэд нь сайхан дэмжих хэрэгтэй. Ганцхан хүн уралдаанд амжилттай оролцоод эх орноо хэрхэн сурталчилж байгааг бид энэ удаагийн жишээн дээрээс харж байна. Засгийн газраас гаргасан мөрийн хөтөлбөрийн дагуу тодорхой төсөв тусгаад уран бүтээлчдийн, бүтээлч салбарын ажилтнуудынхаа хэрэгцээг эхлээд судлах хэрэгтэй юм даа. Тухайн уран бүтээлчид нэн чухал хэрэгцээ юу байна вэ гэдгийг нь эхэлж судлаад, санал аваад тэрнийхээ дагуу л дэмжиж өгвөл манай залуучууд маш авьяастай.

ГХЯ-гаас өргөмжлөгдсөн Соёлын элчийн ажил үүргийнхээ хүрээнд аливаа соёлын харилцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ миний хувьд тус яамтай нягт хамтран ажилладаг. Энэ удаа ч BBC Radio 4 сувгийн багийнхантай Монголд ажиллах бэлтгэл ажлыг хангах болон бичлэг хийх явцад бүрэн дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан ГХЯ, түүний дотор тус яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг болон түүний хамт олонд, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нарт болон МИАТ компанийн хамт олонд талархал илэрхийлье.

-Гадаадынхан уран бүтээлчдээ дэлхийд таниулж, сурталчилах тал дээр ямар бодлого баримтлаж, хэрэгжүүлдэг юм бол?

-МУ-ын ЗГ-аас баталсан “Дэлхийн монголчууд”, “Монгол Улсыг гадаадад сурталчилах” хөтөлбөрүүдийг баталсан. ГХЯ, гадаад улс орнууд дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудаар дамжин хэрэгжээд явж байгаа. Соёлын элч нар ч тодорхой үүрэг хүлээн, гадаадад байгаа Монголчууд, түүний дотор Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг төрийн бус байгууллагууд тэр үүргийг хуваалцаад хамтарсан байдлаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөр батлагдаад хоёр жил гаран болж байгаа ч харамсалтай нь ямар ч төсөв батлагдаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгжих магадлал багатай гэсэн үг.

Ийм хөтөлбөр баталж байгаагийн гол суурь нь зөөлөн хүчний бодлого буюу соёлын бодлогоор дамжуулан бусад оронтой нөхөрсөг харилцаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх зорилготой. Бусад орны жишээ гэвэл, тухайлбал Хятад улс, Солонгос улс алсын хараа гаргаж бодлоготойгоор ийм хөтөлбөр хэрэгжүүлдэг. Британид арван жилийн өмнө Хятадын жил гэж зарлан олон үйл ажиллагаа явуулсан. Тэрнийхээ хүчинд хоёр улсын эдийн засгийн харилцаа өндөр түвшинд гарч, хэдхэн хоногийн өмнө Британийн ЗГ-аас “Хятад Улс Британийн гадаад худалдааны хамгийн том түнш юм” гэсэн бичлэг цацсан. Хятадын зураачдын үзэсгэлэн жилдээ өчнөөн олноороо зохиогдож, ингэж танигдсаныхаа хүчинд уран бүтээл нь хэдэн сая ам.доллараар зарагддаг болсон.

-Дэлхийн тайзнаа гарсан Монгол уран бүтээлчид, тамирчиддаа тухайн улсад амьдарч ажилладаг монголчууд маань их тус болдог. Тийм халуун сэтгэлтэй хүмүүсийн манлайлагч нь Таныг гэдэг. Тиймдээ ч Соёлын элчээр өргөмжлөгдсөн бизээ. Ж.Өнөрмаа эгчийн хувьд Англид амьдраад хэр удаж байгаа вэ? Урлагтай хэдийд ингэж гүнзгий холбогдов?

Миний хувьд Англид ирээд 20 дахь жилтэйгээ золгож байна. Анхны мэргэжил маань англи,орос хэл судлаач. 1998 он хүртэл Монгол улсдаа  Шинжлэх ухаан технологийн мэдээллийн төв, УИХ-н Тамгын газарт гадаад харилцааны мэргэжилтэнээр ажиллаж байгаад Англид ирсэн. Энд хэл, соёлын зөвлөгөө өгдөг компани байгуулан ажилласан. Тэр үеэс л эхлэн монгол улсынхаа соёлыг сурталчилах ажлуудыг хийж ирсэн дээ. Ажлынхаа хажуугаар иргэний зоригоороо давхар ажиллаж байна даа. /инээв/

Анх 2008 онд монгол зураачдын үзэсгэлэнг Лондон хотноо гаргаж байхад Англичууд Монгол улсад зураач байдаг юм уу гэж гайхаж асууж байлаа. Түүнээс хойш  жил бүр монгол зураачдынхаа зургаар үзэсгэлэн гаргадаг болчихсон болохоор хүмүүс ч таньдаг болж, үзэсгэлэнгээ энэ жил хэдийг дэлгэх вэ , шинэ зураг ирсэн юм уу гэж асууж сонирхдог хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ маань өөрөө сурталчилгааны ажил ямар чухлыг харуулж байгаа юм. Ийм ажлуудыг сайн дураараа хийж, өөрсдөө бүх зардлыг гаргадаг. Тэрнээс биш ямар нэгэн төсөв дэмжлэг аваад тэгж ажилладаг гэсэн үг биш . Соёлын элч гэхээр хүмүүс улсаасаа төсөв мөнгө авдаг гэж ойлгодог шиг байгаа юм. Бид чинь үнэндээ сайн дураараа ажилладаг, өргөмжлөлтөй сайн дурынхан гэсэн үг /инээв/. Манай улс өнөөдрийн байдлаар 20 гаруй соёлын элчтэй, энэ тоо нэмэгдсээр байгаа. Өмнө нь ихэвчлэн гадаадын иргэдийг ийнхүү  өргөмжилдөг байсан бол одоо монгол иргэдээ өргөмжилдөг болсон. Зөвхөн нэр хүндтэй олны танил хүмүүсээс гадна амьдрал дээр яг тэр чиглэлээр ажиллаад явж байгаа хүмүүс соёлын үрийг тарьж, илүү хүртээмжтэйгээр ийм төрлийн ажиллагаа явуулах боломжтой юм байна гэдгийг Гадаад харилцааны яам буюу төр засгаас мэдэрч Соёлын элч гэх өргөмжлөлийг иргэдийнхээ хийж буй үйлсийг урамшуулж олгосон хүндэтгэл юм болов уу гэж боддог доо. Соёлын элч нь урлаг, соёл, түүх, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ажил гэсэн таван чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой хувь хүмүүс, байгууллагуудыг хооронд нь холбож өгч, үйл ажиллагаа нь дэмжин ажиллах үүрэгтэй.

Таны өөрийн сонирхол урлаг руу их талтай байдаг юм шиг санагдлаа. Сонгодог урлаг дуурь, уран зураг хэр сонирхдог вэ?

-Би хөгжимд тэр тусмаа сонгодог хөгжим, уран зурагт дуртай нь ийм ажлуудыг хийж залуучуудтай хамтарч ажиллах бас нэг шалтгаан болдог. Багаасаа л дуу хөгжим, уран зураг гээд их сонирхдог байсан тэр сонирхлоо дагаад яагаад манай монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн Англид гарч болдоггүй юм гэж бодоод л түүнийгээ бодит ажил болгон хэрэгжүүлсэн.  Би Монголоо яаж өөр өнцгөөс харуулах вэ гэж анх бодсон. Бид дэлхийн хөгжилтэй, дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн, та нартай л адил амьдралтай, хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, дэлхийн бусад хүмүүсээс дутахааргүй мэдлэгтэй, мэдээлэлтэй, авьяас чадвартай орчин үеийн монгол шүү  гэдгийг таниулах нь чухал.

Хип хоп сонирхдог, граффити, уран зураг зурдаг залуучууд Монголд ч байгаа гэдгийг үлгэр жишээ болгон гайхуулж үзэсгэлэнгээ зохион байгуулдаг, уран бүтээлчиддээ тэр сэтгэлээрээ, монголоо гэсэн сэтгэлээрээ хандаж чадахаараа тусладаг даа. Миний хувьд уран бүтээлчдээ бүгдийг нь л дэмжиж ажилладаг. Чадлаараа дэмждэг болох юмсан ч гэж боддог. “Алтан Ураг” хамтлагийн Европ дах менежерээр ажилладаг. Марко Поло олон ангит кинонд “Алтан Ураг” хамтлагийн хөгжмийг ашиглуулах гэрээг нь хийж байсан, тус хамтлагийн ахлагч Б. Эрдэнэбатаар саяхан Английн кино найруулагчийн кинонд хөгжим бичүүлэх ажлыг хийсэн гэх мэтээр үнэхээр авьяастай залуучуудаа бүгдийг нь ижилхэн дэмждэг.

Монголынхоо уран бүтээлчдийг дэлхийд гарах үүдийг нээж, эх орноо эерэг сайхнаар сурталчилж Соёлын элч болж яваа Ж.Өнөрмаа эгчдээ баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсэе.

Жич: МУГЖ Г.Ариунбаатарын тухай BBC Radio 4-ийн хийсэн баримтат нэвтрүүлгийг хоёр дугаарыг энд дарж сонсоно уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)