Ерөнхий сайдын Солонгос дахь “болзоо”

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нэг танхимд хамт суугаа салбарын сайдтайгаа уулзах боломж гардаггүй бололтой. Энэ нь саяхан цахим хуудсаараа дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайддаа бичсэн “захидал”-аас нь ажиглагдлаа. Тэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” хэмээн танхимынхаа гишүүнд хэлэх гэсэн үгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэлсэн юм.

Үүнээс үзвэл Ерөнхий сайдад Засгийн газрын хуралдаанаас бусад үед танхимынхаа сайдтай уулзаж таван үг солих боломж гардаггүй бололтой. Танхимынхаа гишүүд ч бус ер нь л хүнтэй уулзах боломж гардаггүйг нь нотлох бас нэгэн үйл явдал саяхан боллоо. Юу болсныг сийрүүлье.

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгост очоод зөвхөн Монголынхоо бизнес эрхлэгчидтэй тусгайлан уулзжээ. Нэг улсад, нэг хотод хамт байгаа монголчууд нэг онгоцоор Солонгост цуг очоод өөрсдөө тусгайлан уулзалт хийсэн гэхээр сонирхолтой л юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлж саяхан тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй 60 орчим бизнес эрхлэгч багтжээ. Монгол-Солонгосын бизнес форумд оролцохын зэрэгцээ тэд Солонгосыг зорьсон шалтгаан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийх уулзалт байсан бололтой. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгост очоод зөвхөн Монголынхоо бизнес эрхлэгчидтэй тусгайлан уулзжээ. Нэг улсад, нэг хотод хамт байгаа монголчууд нэг онгоцоор Солонгост цуг очоод өөрсдөө тусгайлан уулзалт хийсэн гэхээр сонирхолтой л юм.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс бизнес эрхлэгчдээ Ерөнхий сайдтай тусгайлан уулзуулах хүсэлт тавьсны дагуу дээрх уулзалт болсон гэх. Форумд оролцох сонирхолгүй ч, Ерөнхий сайдтай уулзах гэж л Солонгосыг зорьсон бизнесмэн цөөнгүй байсан бололтой юм. Магадгүй энэ нь Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих талаар ямар бодлого баримтлахаа тодорхой болгоогүй учраас бизнес эрхлэгчдэд Ерөнхий сайдтай уулзах хүсэлт их байсан байж болох юм.

Танхимдаа байгаа сайдтайгаа “таардаггүй” Ерөнхий сайд Монголдоо байгаа бизнес эрхлэгчидтэй таарахгүй байх нь ч аргагүй биз. Солонгост болсон сонирхолтой “болзоо” үүнийг өгүүлж байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хэтэрхий их хардалт.Солонгосын бизнесийн хүрээнийхэнтэй уулзахад өөрсдийн бизнeсийнхэндээ хэлж ярих юм Ерөнхий сайдад байж болох асуудал биш үү

    0 0 Хариу бичих
  2. сонин шүү Нутагтаа уулзаж ярилцаж болддоггүй заавал Хүний нутагт Уулзалт хийдэг бас цаанаа Учиртай болоод л тэр дээ

    0 0 Хариу бичих