Монгол, Америкийн улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо

Б.Нандин-Эрдэнэ


Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XII улс төрийн зөвлөлдөх уулзалт 2018 оны нэгдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтад оролцсон Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Америкийн талыг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нар тэргүүлж оролцсон байна.

Зөвлөлдөх уулзалтад мөн Монголын талаас БОАЖЯ, СЯ, ХЗДХЯ, БХЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, ЭХЯ, ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, америкийн талаас АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Дотоодын аюулгүй байдлын яам, Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын төлөөлөгч оролцлоо.2017 онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй, улам өргөжиж ирснийг талууд уг уулзалтаар харилцан тэмдэглэв. Тухайлбал, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улсыг Хоёр дахь конпакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан, манай улсын махны экспортыг дэмжих 10 орчим сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжиж эхэлсэн, хоёр улсын Эрчим хүчний бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт болсон, АНУ-ын Конгресст Монголын бүлэг дахин байгуулагдсан, манай улсыг “Н2” ангиллын визийн хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн, “LEAD Mongolia”, “FLEX” зэрэг залуучуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирснийг онцлов.

Энэхүү арга хэмжээний үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах, дэмжих, батлан хамгаалах, энхийг сахиулах, хөдөө аж ахуй, эрчим хүч, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах бэлтгэлийг хангах, “Н2” визийн хөтөлбөрт хамрагдах ажлыг хэрхэн уялдаатай хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцав.

Мөн төлөөлөгчдийн тэргүүн нар олон улсын харилцааны тулгамдсан асуудал, түүний дотор Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, сүүлийн үед Солонгосын хойгт болж буй хандлагын талаар санал солилцов. Уулзалтын үеэр Америкийн талаас Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн үзэл баримтлал, бодлогынхоо талаар танилцуулсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)