МУГТ Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт эхний барилдаанаа хийлээ

Х.Батсайхан


Фото: МУГТ Э.Бэхбаяр "Рио 2016" олимпийн наадамд хийсэн барилдаан.

Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн “Мумбай Махарати” багт барилдахаар гэрээ байгуулсан МУГТ, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Бэхбаяр өчигдөр эхний барилдаанаа хийжээ.

Энэ өдөр түүний “Мумбай Махарати” баг “Харьяана Хаммерс” багтай өрсөлдөж, 3:4-аар хожигдсон байна. Манай бөх багийнхаа гурав дахь барилдааныг өөрийн үндсэн жин 57 кг-даа ххийж, “Харьяана Хаммерс” багийн тамирчин, олимпийн аварга Владимир Хинчегашвилид 4:8-аар хожигджээ.

Э.Бэхбаяр гавьяат гурав дахь удаагаа Энэтхэгийн лигт хүч үзэж байгаа нь энэ юм. Түүний орсон “Мумбай Махарати” багт олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одуня Адекурой (Нигери) “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт эзэн орны Сакши Малик нарын шилдгүүд барилддаг юм. Энэтхэгийн зургаан хотын баг тойргоор өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 3-4 барилдаан хийгээд байна. Э.Бэхбаярын хүчин зүтгэж буй Мумбай хотын баг нэг ялалт, хоёр ялагдалтай дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лигийг “Пунжаб Роялс” гурван ялалт, нэг ялагдал, ЮП Дангал баг гурван ялалт, нэг ч ялагдалгүй тэргүүлж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)