УИХ-ын дарга Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд оролцлоо

БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт боллоо. Энэхүү чуулга уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Монгол Улсын парламентын төлөөлөгчид оролцож, хоёр талын хэд хэдэн уулзалт хийж, УИХ-ын гишүүд салбар хуралдаануудад оролцжээ.


 Чилийн конгресст Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана

УИХ-ын дарга М.Энхболд эхний уулзалтаа Бүгд Найрамдах Чили Улсын Үндэсний конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Фидель Эспинозатай хийв. Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү ойртуулах, түүгээр дамжуулан худалдаа, эдийн засгийн харилцан түншлэл тогтоох нь чухал байгааг хөндөж ярилцлаа. УИХ-д Монгол-Латин Америкийн парламентын бүлэг байдаг бол Чилийн парламентад Монголын бүлэг байхгүй юм байна. Тиймээс тун удахгүй Чили-Монголын бүлэг байгуулна гэж ноён Фидель Эспиноза амлалаа.

Байгалийн баялгийн ашиглалт, ялангуяа зэсийн олборлолт, боловсруулалт, борлуулалт, үнэ гэх мэт асуудлаар яриа хөөрөө өрнүүллээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн гол тоглогч байхын тулд Чили-Перу-Монгол гэсэн гурамсан холбоо бий болгох нь зөв гэж Чилийн парламентчид үзэж байна. Парламентуудын хамтын ажиллагааг үр ашигтай өрнүүлэхийн тулд тодорхой нэг асуудлаар, тухайлбал хууль тогтоох байгууллагын ил тод байдал, эсвэл гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлаар хамтран ажиллаж болно гэж тэд онцоллоо.
Түүнчлэн Чили Улс сүүлийн жилүүдэд боловсролын салбартаа онцгой анхаарал хандуулж, тогтолцооны шинэчлэл хийж байгаа тул энэ чиглэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар арга туршлагаа харилцан солилцох боломжтой гэдгийг Конгрессийн гишүүн Жоржиа Жексон тэмдэглэсэн бол УИХ-ын дарга М.Энхболд Чилийн хөрөнгө оруулалтын болон баялгийн сан бүрдүүлэлт, тэтгэврийн даатгалын тогтолцооны туршлагаас суралцах хүсэлтэй байдгаа илэрхийллээ.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийн асуудалд онцгой анхаарахыг хүслээ

Бүсийн чуулга уулзалтад БНСУ-ыг төлөөлж буй төлөөлөгчдийг тус улсын Үндэсний ассамблейн байнгын хорооны дарга Ли Жинбок тэргүүлж иржээ. Түүнтэй УИХ-ын дарга М.Энхболд уулзах үеэрээ “Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлахдаа хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх саналыг тавьсан нь харилцааны цаашдын ирээдүйд чухал алхам боллоо. Энэ бол Монгол Улсын төр, засаг, ард түмний хүсэл эрмэлзэл юм. Бид БНСУ-ыг хөрөнгө оруулалтын гол түнш, ах дүүгийн харилцаатай ард түмэн гэж үздэг” хэмээн онцоллоо.

Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын цалин хөлс, даатгал, эрүүл мэнд гээд хөдөлмөрлөх болон хүний эрхийн асуудалд Үндэсний ассамблейн зүгээс анхаарал хандуулж байхыг хүслээ. Түүнчлэн удахгүй эхлэх гэж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг БНСУ амжилттай зохион байгуулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Ли Жинбок монгол иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудалд бид онцгой анхаарсаар ирсэн. Цаашдаа ч анхаарсаар байх болно гэж онцлоод, “Бүх салбарыг хамран амжилттай хөгжиж буй хамтын ажиллагааг улам өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын чухал зорилт юм. Тиймээс та бид энэ чиглэлээр их зүйл хийх нь төр, засаг, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага юм” гэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Пёнчаны олимпод зочноор оролцохыг урилаа.

Лаосын тал Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээрхамтран ажиллах санал тавив

УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга Сэнгнүан Саяалаттай уулзах үеэрээ хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Лаос руу мах, махан бүтээгдэхүүн, хивс экспортлох, Лаосоос модон эдлэл, жимс жимсгэнэ импортлох талаар ярьж буй тохиролцоогоо хоёр тал ажил хэрэг болгох нь чухал гэдгийг тэмдэглэлээ


Тэрбээр БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам” санаачилгад хоёр орон хамтарч оролцохоос гадна удахгүй ашиглалтад орох Куньмин-Вьентьяны төмөр замын боломжийг сайтар ашиглах нь чухал. Тиймээс Хятад-Лаос-Монголын хооронд дамжин өнгөрөх тээврийн гурван талт гэрээ хэлэлцээр байгуулах бэлтгэлийг одооноос хангах нь зөв юм гэв. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд хоёр улс бие биенийг харилцан дэмжихийн чухлыг тэмдэглээд, Монгол Улсын АСЕАН-ы гишүүнээр элсэх чармайлтад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ноён Сэнгнүан Саяалат худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдтой санал нэг байгаагаа тэмдэглээд, хууль боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих туршлагаасаа хуваалцах, Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг БНАЛАУ-д айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.
 
Салбар хуралдаануудад УИХ-ын гишүүд оролцлоо
Энэ өдөр Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”-ны салбар хуралдаанууд болов.

“Бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг тогтоож, хөгжил цэцэглэлтийг цогцлоохын төлөөх парламентын дипломат ажиллагаа” сэдвийн дор өрнөсөн улс төр, аюулгүй байдлын салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Б.Пүрэвдорж нар оролцлоо. Уг хуралдаанаар парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар улс хоорондын болон бүс нутгийн харилцаанд дэмжлэг үзүүлэх арга механизм, санал санаачилгыг хэлэлцлээ.
Түүнчлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд улс орон бүр хууль тогтоомжоо сайжруулж, хамтын хүчин хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэй гэж гишүүн орнууд үзэж байна. Мөн терроризм, хар тамхи, мөнгө угаах, хүний наймаатай холбоотой хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар өмнөх хуралдаануудаар дэвшүүлсэн асуудлуудын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилгоо зөвшилцөв.
Хоёр дахь салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг, А.Сүхбат, Ч.Улаан нар оролцож, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангахад хууль тогтоох байгууллагуудын оруулах хувь нэмэр, хүчин чармайлтын асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар бүс нутагтаа олон талт худалдааны нэгдсэн тогтолцоотой болох, худалдаан дахь тарифын бус хориг саадыг арилгах, интернэт худалдааг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, эко хөдөө аж ахуй, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, санхүү, технологийн боломж нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлаар гишүүн орнууд, түүний дотор Монголын парламентчид байр сууриа илэрхийлжээ.
Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд чуулга уулзалтад оролцож буй улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт БНСВУ-ын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фү Чонг-д бараалсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнүүд Ханой хотоос мэдээлэв. УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ныг дуустал БНСВУ-д тус улсын Үндэсний ассамблейн тэргүүн, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар айлчлал хийх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. УЛААНБААТАР МОНГОЛ Монголчуудын сайн сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Адддар, Ордос Хятадаас ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: ([email protected]) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү ([email protected]) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй ([email protected]) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлээр дарамтгүйгээр зээлийг авсан.

    0 0 Хариу бичих