Л.Эрхэмбаяр: Одоо фракцаар бойкотлож чадахгүй

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдсэн үү. Та намынхаа гол тогоог хариуцаж байхдаа эхлүүлсэн энэ шинэчлэл таны төсөөлж байсантай дүйж байна уу?

-Ардчилсан намын шинэчлэл үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулахаас эхэлсэн. Төсөөлж байснаар явж байна. Гэхдээ хүссэн хүсээгүй Эрдэнэ гэдэг хүнээс их зүйл хамаарах тогтолцоо руу манай нам шилжчихлээ. Өөрөөр хэлбэл, өмнөх дүрэм хэдэн фракцууд ҮЗХ-ы гишүүдийг “хувьчилж” аваад өөрсдийнх нь эрх ашигт нийцэхгүй байвал “бойкотлодог” байсныг болиулж, фракцаас хамаарахгүй хүчтэй намын даргатай байх тогтолцоо шинэчлэл рүү орсон. Өнгөрсөн 800 жилийн түүхийг аваад үзэхэд Монгол Улс Чингис хааны үед хүчтэй байсан. Хүч нь нэг хүн дээр төвлөрөхөө болиод олон хүн рүү шилжээд ирэхээр задарч байсан бага хаадын түүх байна. Хүчтэй ганц нам, Цэдэнбал чиглүүлж байхад Монгол Улс хөгжиж байсан түүх бий. Ардчилалд шилжсэнээс хойш хүн бүр эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй, дураараа байж болдог гээд ойлгочихсон. Улс төрийн нам, ард түмнээ ч зөнднь орхисон. Тиймээс намын даргаа хүчтэй, эрх мэдэлтэй болгосон юм. Нам гэдэг олон нийтийн байгууллага. Улс орны нийгмийн асуудлыг харах нь 1-2 жилийн асуудал биш. Тэвчээртэйгээр үр дүнг нь харахын төлөө явах ёстой.

-Нэг хүнд хэмжээлшгүй их эрх мэдэл өгснөөр сөрөг үр дагавар захаас аваад мундахгүй. Үүн дээр алдсан юм биш биз дээ?

-Энэ бол нэг харах ёстой өнцөг мөн. Гэхдээ хувь хүний түүхэнд гүйцэтгэх үүрэг их. Хүчтэй Ерөнхийлөгчтэй байхын эхлэл нь хүчтэй намын даргатай болох юм. Энэ нам хэрхэн явах нь улс орны асуудалтай тодорхой хэмжээгээр холбоотой.

-Намын дарга солиод шинэчлэл хийчихлээ гэж л “сэрүүн зүүдэлж” яваа нөхөд танай намд олон байна. Үндсэндээ Ардчилсан нам бүх шатандаа мөнгөний дарга нартай болчихлоо. Та эхлүүлсэн энэ шинэчлэлийнхээ үйл явцад өнөөдөр хэрхэн оролцож байна вэ?

-Бусдад боломж олгох ёстой. Ялагдаж байх үед намын генсек байсан хүн одоо асуудал бүр рүү хошуу дүрээд байх нь зохимжгүй. Аливаа лидер цагаа болохоор явж чаддаг байх ёстой. Би улс төрөөс нэг хэсэгтээ хөндийрч байна. Намынхаа бусад хүмүүст боломж олгох ёстой. Хатуухан хэлэхэд бүх шинэчлэгдэх үйл явцын 98 хувь намын дарга болон аймаг, нийслэлийн намын дарга нараас шалтгаалахаар байна. Намын даргыг бүх гишүүдээс сонгосон учраас хэн ч намын даргыг огцруулж чадахгүй. Энэ тогтвортой байдлаа хувийнхаа эрх мэдэлд ашиглах уу эсвэл хамгийн сайн, зөв гольдрилол руу чиглүүлж чадах уу гэдэг нь Эрдэнэ дарга болон аймаг, нийслэлийн намын хорооны дарга нараас ихээхэн хамаарна. Эрдэнэ даргад өөрийгөө бэхжүүлэх, эрх мэдэлтэй байх нэг боломж ч бүх потенциалыг татах эрх нь ч байгаа. Тэгэхээр манай намын дарга, түүний багт их эрх мэдэл байгаа ч нөгөө талдаа асар том хариуцлага байна.

-Манай нам фракцгүй болсон гэж та ярилаа. Гэтэл бодит байдалд энэ фракцууд чинь улам идэвхжиж байгаа харагдах юм?

-Одоо фракцаар бойкотлож чадахгүй. Фракцын ач холбогдол бага болсон учраас би ингэж хэлээд байгаа юм. Фракцууд манайд байгаа юу гэвэл байна. Гэхдээ тэдний эрх мэдэл илүү багассан. Фракцуудын гүйцэтгэх үүрэг, эрх мэдэл манай намын шинэчлэлийн хүрээнд эрс багассан учраас би фракцгүй гээд байгаа юм.

-Жишээлбэл, та одоо ямар фракцад харьяалагдаж байна?

-Манай нам фракцгүй болох талаа би барьж байна.

-Та МоАХ угшилтай Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуй хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ Ерөнхийлөгч ч МоАХ фракцынх. Та өмнө нь МоАХ фракцад харьяалагддаг байсан шүү дээ. Танд Ерөнхийлөгч Х.Баттулга ямар нэг ажлын санал тавьсан уу?

-Урсгал ус руу хоёр дахин ордоггүй гэдэг үг бий. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тамгын газарт зургаан жил ажилласан. Энэ надад хангалттай. Надад албан тушаал хэрэггүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын тамгын газрын бодлого, институцид та ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ. Өмнөх Ерөнхийлөгчийн багт ажиллаж байсан учраас нэлээд ханатай хариулт хэлэх болов уу?

-Энэ Ерөнхийлөгчийн институцид дүгнэлт хийхэд арай эрт байна. Нөгөөтэйгүүр төр удирдаж байгаа тогтолцоо гурван толгойтой. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар асуудал бүр рүү орж ажилладаг хэр нь муу зүйлд нь хариуцлага хүлээдэггүй, сайн дээр нь эзэн нь олддог төрийн тогтолцоотой болчихоод байгаа. Үүнийг нэг тал руу болгох нь зөв. Нэг үгээр хэлбэл, хүчтэй Ерөнхий сайд эсвэл хүчтэй Ерөнхийлөгчтэй болох ёстой. Монгол хүний уламжлал, сэтгэхүй ч энэ тал руугаа явж эхэлсэн байна.

-Тэгэхээр та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ парламентаар хийлгэж болохгүй.

-Бусаддаа боломж олгох ёстой гэж та хэд хэдэн удаа хэллээ. Үндсэндээ танай намд үе солигдох хугацаа болчихоод байхад хөгшчүүл нь зайгаа тавьж өгөхгүй байна гэж харагддаг. Энэ тухайд та юу хэлэх бол?

-Зайгаа тавьж өгч байгаа. Ер нь зайгаа ч тавьж өгдөггүй юм, өөрсдөө олж авдаг юм. Өөрөө ажиллах боломжтой, бусад нь хүлээн зөвшөөрөөд байхад хэн ч “Би болъё” гэдэггүй. Энэ дэлхийн нийтийн жишиг. Өөрсдөө тэр зайгаа олж ав, хоолыг ам руугаа халбагадуулах ёсгүй. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ дурлаж хийх ёстой, тэгж байж өөрийнхөө зайг эзэлж авна. Манай нийгэмд нэг л их зай тавиулдаг, хэн нэгний дэмжлэгийг авдаг байдал бий болчихож. Нарийн ярьвал үе гэж байдаггүй юм.

-Улс төрөөс хөндийрсөн гэж байна. Та одоо юу хийж байна вэ?

-Мэргэжлийн ажлаа хийж байна. Нэг хэсэг улс төрийн амьдралд оролцож мэргэжлийнхээ ажлыг орхигдуулсан тал бий. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Манайх жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай учраас мал өвөл, хаварт байнга уургаар дутагдаж байдаг. Зун, намартаа авсан тарга тэвээргийнхээ 25-30 хувийг алдаж онд ордог. Тарга тэвээргээ алдсан малаас ямар ашиг шим авах  билээ. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуйд маш чухал. Тиймээс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх талаар цогц ажил хийхээр “Агрофийд” тэжээлийн үйлдвэр байгууллаа. Манай үйлдвэр “Сүүт” тэжээл худалдаанд гаргасан. Энэ бол тэнцвэржсэн хивэг, улаан буудайн няцалбар хоёрыг хольсноос тэс өөр. Өвөл, хаврын улиралд мал дутагддаг эрдэс бодис, амин дэм, хүчил, уургуудыг нөхөж өгсөн найрлагатай. Үүнтэй адил үйлчилгээтэй “Тарга” тэжээлийг ч үйлдвэрлэж байна. Малд дутагдаж байгаа амин хүчил, уургийг нөхөж өгдөг. Голланд, БНХАУ-ын Тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн багтай хамтарсан бүтээл юм. Хамгийн гол нь Монголын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн. Энэ бол Монголын тэжээлийн аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шинэ эринг бий болгосон бүтээл гэсэн үг. Таван хошуу малд үхэр, адуу гэж ялгалгүй бүгдэд нь хэрэглэнэ.

-Монголын хөрсөнд ургасан ургамлууд юм уу?

-Монгол орноороо нэг бүрчлэн явж ургамал судалсны дүнд уургийн агууламжтай түүхий эд дээр эрдэс баялгийн нэмэгдлүүдийг нэмж шинэ жор бүтээсэн. Улаанбуудай, овъёос, арвай, рапсын шахдас, эрдэнэшиш зэргийг оруулж тэжээлээ хийж байна. Манай уураг ихтэй, үр тарианы ургамлыг заавал тарих ёстой. Гадаадаас авахаар л нэмүү өртэг шингээд үнэтэй болчихоод байгаа юм. Мэргэжлийн бус хүмүүс сайд болж, тэднийг дамжаанд сургасаар төрийн бодлого алдагдаад байна. Сайд гэдэг дамжаа биш, суралцах гэж сайд болдоггүй. Ингэж Монголын ард түмэн, Монгол Улсыг зольж болохгүй. Сайд гэдэг бодлогын хүн гэдэг. Гэтэл бодлогоо мэдэхгүй байна шүү дээ. Бүх салбарт ийм байна.

-Танай нам засаглаж байх үед ч ийм л байсан. Гэнэт ийм гажуудал үүсээгүй шүү дээ?

-Энэ үзэгдэл улс төрийн хоёр намд хоёуланд нь байна. Энэ дампуу байдлыг засах ёстой. Монгол Улсын мал аж ахуйг хөгжүүлье гэвэл бүх төрлийн малын тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх ёстой. Малын тэжээлийн НӨАТ-аас хамгийн ихдээ 10 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрч байгаа. Хэрэггүй зүйлд шоудаж, хэдэн тэрбумаар нь мөнгө зарахын оронд асуудалд бодитой ханд. Манай нам ч ялгаагүй сайд дарга болчихоороо хүний үг сонсохоо больдог. Энэ манай нийгэмд байгаа нэг гажиг.

-Та олон нийтийн сүлжээнд нэлээд идэвхтэй байдаг болсон байна лээ. Энэ улс төрөөс хөндийрсөнтэй тань холбоотой юу?

-Өөрийнхөө мэддэг зүйлээ Монгол түмэнд сурталчилж харуулах нь иргэн хүний үүрэг. Би юун төлөө хөдөө аж ахуйн боловсрол эзэмшсэн билээ. Насаараа хөдөө аж ахуйн салбартаа амьдралаа холбосон. Дэлхий нийт энэ чиглэл рүү явж байна. Бид ч бас хоцрох ёсгүй учраас олон нийтийн сүлжээгээр энэ талаар хэлдэг. Олон нийтийн сүлжээ нэг талаараа зөв юм байна шүү. Хүмүүс өөр өөрсдийнхөө түвшинг их сайн илэрхийлдэг.Хэр зэрэг төлөвшсөн хүн гэдэг нь аандаа мэдэгддэг байх жишээтэй. Сошиал ертөнцөд сайн ч  муу ч тал байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Yaxavdee, uurtuu bol bolj l yavaa xun yumdaa. Xun ni ix sul xun shig sanagdsan. Erdem shinjilgee taldaa sul. Xarin uls turduu bas gaigui umu. Yariltslaga gaigui xaragdad bga.

    0 0 Хариу бичих
  2. эргүү эрхэм ээ

    0 0 Хариу бичих
  3. АН ын нэр хүндийг С Х ДҮҮРЭГТ Ш

    0 0 Хариу бичих
  4. Leader?!!!!!!!!!

    0 0 Хариу бичих