Д.Цогтбаатар Европын холбооны сайд нартай уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Европын холбооны Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферри болон Улаанбаатаар дахь Европын холбооны гишүүн Их Британи, Франц, Итали, Герман, Чех, Унгар, Болгар зэрэг орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал,  2018 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцжээ. Тухайлбал, 2017 онд Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээр 2017 оны 11 дүгээр сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, Европын холбооны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдсэн, хоёр талын яриа хэлэлцээний механизм өргөжиж, хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээ эхлүүлсэн зэрэг томоохон ажлыг хамтран амжилттай хэрэгжүүлснийг онцлов. Энэ онд Монгол Улсын экспорт, Европын холбооны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө дорвитой ажил хийж, бодит үр дүнд хүрэх, хөрөнгө оруулалтыг татахад тулгарч буй саад тотгорыг арилгах чиглэлд хамтран ажиллахаар тохирсон байна.

Мөн сайд Д.Цогтбаатар Европын холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Монгол Улсыг ойрын хугацаанд хасуулахад гишүүн орнуудын дэмжлэгийг хүсчээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газар татварын хууль, эрх зүйн орчноо олон улсын жишигт хүргэх, сайн засаглалыг бэхжүүлэх, нээлттэй, ил тод байдлыг дэмжих чиглэлд тууштай ажиллаж байгааг Элчин сайд нарт мэдээлсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)