“Хот ба сэтгүүлч” уулзалт боллоо

А.Санчир


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлалт “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн удирдлагын багийн хамт оролцож нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил зургаан сарын хугацаанд хийсэн ажлууд болон энэ жил хийх ажлуудынхаа талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Нийслэлийн Засаг дарга уулзалтын эхэнд хийсэн танилцуулгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаархи мэдээллээр эхлэв. Бүх салбар, чиглэлд цогц арга хэмжээ авч байж утааг бууруулна. Зөвхөн цахилгаан халаагуур тараах, эсвэл зуух сайжруулснаар утаанаас салахгүй. Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжрууллаа гэхэд жилд 20 мянган айлын халаалтыг шийднэ. Ингэж тооцоход нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч байгаа 202495 өрхийг бүрэн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангахад 10 жил шаардагдана. Хамгийн том зорилт нь Улаанбаатар хотыг орон сууцжуулах явдал гэдгийг хотын дарга онцоллоо.

Нийслэлийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ ойрын хугацаанд, урт хугацаанд хэрэгжүүлэх болон захиргааны шийдэл гэсэн гурван хэсэгт хувааж үзжээ. Захиргааны шийдлийн хувьд агаарын бохирдлыг бууруулах агентлаг байгуулах асуудлыг Засгийн газарт өргөн барьсан байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БОАЖЯ, БХБЯ хамтран Засгийн газарт асуудал оруулж энэ ажилд зарцуулах 500 орчим сая долларын асуудлыг нэг мөр шийдэж байж агаарын бохирлыг бууруулна гэж үзсэн аж. Үүнээс эхний ээлжинд 198 тэрбумыг 2018 онд зарцуулахаар төлөвлөжээ. Ингээд нийслэлийн удирдлагуудын зүгээс сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.  

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ

Нийслэлийн  төр захиргааны байгууллагыг Улаанбаатар хотоос гаргана. Яармагт хотын шинэ төвийг байгуулж тэнд хотын захиргааг нүүлгэнэ. Нийслэлийн бүх агентлаг, улсын үйлдвэрийн газар, төр захиргааны байгууллагууд нүүнэ. Засгийн газраас шийдвэр гаргуулна. 3500 албан хаагч хотын төвөөс гарна, 30 мянган иргэд үйлчилгээ авах гэж хотын төв рүү ирэхгүй болно Яармагт өнгөрсөн жилүүдэд маш сайн дэд бүтцийн ажил хийгдсэн. Мөн Яармаг олон улсын нисэх буудлын дэргэд, хурдны замын хажууд байрлалтай. Энэ суурьшлын бүс нь шинэ. Тэнд газар чөлөөлөх гэх мэт  хүндрэлгүй. Хотын захиргааг дагаад Улааанбаатарын бизнес, санхүүгийн төв бий болно.

Хотын төр захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэхдээ одоо байрлаж байгаа төр захиргааны байруудаа дуудлага худалдаагаар зарж, шинэ захиргаа барих хөрөнгөө босгох юм байна.

Үйлдвэрлэл технологийн паркуудын ТЭЗҮ бэлэн болжээ

Нийслэлийн хэмжээнд дөрвөн Үйлдвэрлэл технологийн парк барьж байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр паркуудын ТЭЗҮ бэлэн болж энэ жилээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд нь эхэлнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын  хөгжлийн асуудал  хариуцсан орлогч П.Баярхүү онцоллоо. Тухайлбал, Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан уг паркийн ажлыг энэ хавар эхлүүлэхээр болжээ. Мөн Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн онд 700 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр хийж бэлэн болгосон байна. Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 2017 онд нэг тэрбум 300 сая төгрөгийг зарцуулжээ. Харин одоо ганц Багахангай дүүргийн үйлдвэрлэл технологийн паркийн ТЭЗҮ дуусаагүй байгаа бөгөөд өнгөрсөн онд 100 гаруй сая төгрөгийн өртгөөр ТЭЗҮ-ийн эхний шатны зураг төслийн ажлыг хийсэн юм байна.

Сэлбэ, Дамбадаржаа, Баянхошуунд дэд төвүүд байгуулна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь дэд бүтцийн төв буюу Сервис центр барьж байгуулах явдал гэж хотын захиргаанаас үзжээ. Энэ жил Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд 200 өрхийг хамруулсан дэд бүцтийн төв барьж ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр гэр хорооллыг иж бүрнээр нь орчин үеийн шийдэлтэй хаус хороолол болгож болох вэ гэдгийг харуулах ажээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн гэр хорооллуудад дэд бүтцийн төв буюу Сервис центрүүд барьж байгуулах ажил цаашид үргэлжилнэ. Тухайлбал Сэлбэ, Дамбадаржаа, Баянхошууны байгуулагдах дэд төвийн бүтээн байгуулалтын ажлууд энэ онд мөн хийгдэх юм байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн оролцоотойгоор түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ногоон нуурт 1008 айлын түрээсийн орон сууц энэ онд баригдана.  

Дагуул таван хотыг хөгжүүлнэ

Улаанбаатар хотын дагуул хотууд Налайх, Багануур, Багахангай болон Аэро сити, Майдар сити байх юм. Эдгээр дагуул хотыг байгуулах хөрөнгө мөнгийг шийднэ. Эхний ээлжид дэд бүтэц хөгжсөн, суурьшил үүссэн дагуул хотуудаа өргөжүүлнэ. Улаанбаатарын суурьшлын бүсэд дахиж нэг ч айл буулгахгүй. Зөвхөн дагуул хотуудад л очиж суурьшиж болно.  

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ene TV-iin Daria gedeg avgai hotin buusgiig dagaad yu hiimer boldog yum bedee

    0 0 Хариу бичих
  2. Хотын удирдлагууд одоо л нэг толгойнын эргүү гарч байгаа болтой. 2 жилийн өмнөөс эхлэх байлаа.

    0 0 Хариу бичих