Үнэт эдлэлийн дархан бэлтгэх сургалтын танхим нээгдлээ

Б.Нандин-Эрдэнэ


Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн Үнэт эдлэлийн дархны сургалтын танхим өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү танхим нь Монгол Улсын бичил уурхайчдыг албажуулах, үнэт металлаар хийсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх төслийн хүрээнд нээгдэж байгаа ажээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ш.Дуппел, Швейцарын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга И.Дали болон Монголбанк, Стандарт хэмжил зүйн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид, Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооныхон оролцсон юм. Түүнчлэн хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, улмаар эдгээр иргэдийг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломжийг бий болгох зорилгоор дээрх байгууллагууд хамтран өнгөрсөн жил уран дархчуудын дунд уралдаан зарлаж, үзэсгэлэн гаргажээ. Уран дархны уламжлалт сургалтын агуулгыг баяжуулан тэлэх, багшлах хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр 2017 онд зохион байгуулсан "Уламжлалаар ирээдүйг гоёхуй" уралдаанд оролцсон уран дархчууд салбартаа шинэ залуу хүний нөөц болон бэлтгэгджээ. Энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа дараагийн шатны ажил нь өнөөдөр үүдээ нээсэн Үнэт эдлэлийн дархны сургалтын танхим юм байна. 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд нийтлэг үйлчилгээ, гар урлал, урлал дизейн, техник, технологийн 32 мэргэжлээр ажилтан бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулж ирлээ. Үнэт эдлэлийн дарханы танхим ашиглалтанд орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг нь эцсийн бүтээгдэхүүн болж дотоодын болон гадаад зах зээлд гарах боломжийг нээж, Монголын түүхэн уламжлал дээр суурилсан дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан сургалт явуулах боломж бүрдэж буй юм. Үнэт эдлэлийн дархны сургалтын танхимын тоног төхөөрөмж дээр суралцах залуусаас мэргэжлийн өндөр төвшинд хүрсэн, өөрийн гэсэн хэв маяг, арга барилтай уран дархчууд төрнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тус сургуулийн Монгол дархан 3А ангийн оюутан О.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Би энэ мэргэжлээрээ сураад гурван жил болж байна. Мэргэжилдээ дуртай. Цаашдаа ажлын байр элбэг олдоно гэж бодож байгаа. Яагаад гэвэл үнэт эдлэлийн үйлдвэрүүд манайд олон байдаг” гэлээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)