"БНСУ-ын Ерөнхийлөгч харилцаагаа Стратегийн түншлэлд шилжүүлэх нь чухал гэдгийг онцолсон"

Eagle.mn


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөлөө. Ерөнхий сайд айлчлалынхаа төгсгөлд дагалдан яваа сэтгүүлчиддээ ярилцлага өгчээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал үр дүнтэй боллоо. Пёнчаны олимп болоход цөөн хоног дутуу байна. БНСУ-ын төр засаг бүх төвшиндөө олимпод бэлдэж буй нөр их ажлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулж, амжилттай хийж гүйцэтгэсэн явдал нь манай улсад үзүүлж буй итгэл гэж би ойлгож байна. БНСУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 28 жил өнгөрч байна. Дипломат харилцаа тогтоосон 1990 оны өвөл БНСУ Монголд Элчин сайдын яамаа нээсэн бол 1991 онд Монгол Улс Сөүлд Элчин сайдын яамаа нээж байсан. Тэр цаг үеэс хойш 28 жил өнгөрч байгаа. 2011 онд Монгол, БНСУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцааг тогтсон. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа  бүхий л төвшинд идэвхжин бэхэжсэнийг Монголын ард түмэн мэдэж байгаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч манай хоёр орны хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлээс нэг шат ахиж Стратегийн түншлэлд шилжих нь чухал юм гэдгийг хэлсэн. Энэ нь өнгөрсөн 28 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр дүн сайн байна, цаашид харилцан хамтран ажиллах ёстой гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм. Мөн БНСУ-ын Ерөнхий сайд хоёр орон стратегийн түншлэлд хамтран ажиллах нь чухал байна гэсэн санаагаа албан ёсоор илэрхийлсэн” гэсэн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)