Арилжааны банкууд дэргэдээ охин компанитай байхыг хориглоно

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн гол агуулга нь арилжааны банкуудад тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах юм. Тухайлбал, энэ хуулийн төсөл батлагдсанаар арилжааны банкууд дэргэдээ охин компанитай байхыг хориглоно. Банкны тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг ирэх дөрөвдүгээр 1-нээс хэрэгжүүлж эхэлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, түүнээс хойш арилжааны банкууд дэргэдээ охин компани байгуулахыг хориглох юм. Хууль зөрчиж охин компани байгуулсан тохиолдолд зөрчлын тухай хуульд заасны дагуу хамгийн ихдээ 10 сая төгрөгөөр торгох юм байна. Үүнийг гишүүд эсэргүүцэж Банкны тухай хууль дотор нь хариуцлагын заалтыг суулгаж өгөх ёстой гэдгийг онцолж байлаа.

Арилжааны банкуудыг харилцан хамаарал бүхий этгээд болон хувь эзэмшигч нь дампууруулсан тохиолдол өмнө нь гарч байлаа. Тодруулбал, хувь нийлүүлэгч нь давуу эрхээ ашиглан их хэмжээний зээл гаргуулан авч санхүүгийн  байдлыг нь тогтворгүй болдог. Үүнээс сэрэмжлэх үүднээс хувь эзэмшигч хамгийн ихдээ банкныхаа нийт активын таван хувьтай тэнцэнх хэмжээний зээл авч болно гэсэн заалтыг тусгажээ. Мөн эзэмшиж буй хувиа барьцаалж зээл авах, зээлийн шалгууртаа хөнгөлөлттэй нөхцөл эдлэх зэргийг хориглосон байна.

Удаан хугацаанд хэлэлцэж буй Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл ийнхүү эцсийн хэлэлцүүлэг давлаа. УИХ уг хуулийн төслийг энэ долоо хоногт эцэслэн батлахаар төлөвлөөд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)