Өвлийн олимпийн түүх: Хоёрдугаар наадам Санкт Мориц 1928

Х.Батсайхан


Скандинавынхны амбийц

“Өвлийн спортын төрлүүдийн олон улсын анхдугаар долоо хоног” буюу Өвлийн олимпийн наадам маш амжилттай болсны дараа Олон улсын олимпийн хороо 1925 оны тавдугаар сард хуралдаад, уг наадмыг дөрвөн жил тутамд “Өвлийн олимпийн наадам” нэрээр зохион байгуулах шийдвэрийг гаргажээ.

Өмнөх наадамд медалийн дийлэнхийг хүртсэн Норвеги, Швед тэргүүтэй улсууд өмнө нь 20 гаруй жил зохион байгуулагдаад байсан “Нордик гэймз” буюу “Умард Европын наадам”-д илүү ач холбогдол өгөх ёстой”, өөрөөр хэлбэл, Энэхүү тоглолтод дэлхийн бүх орнуудыг оролцуулдаг болгоход л болно гэсэн санал дэвшүүлсэн ч ОУОХ-ны Ерөнхийлөгч Анри де Байе-Латур “Өвлийн спортын төрөл зөвхөн Скандинавын орнуудад хөгжих ёсгүй” хэмээн хатуу хариу барьжээ.

“Нордик гэймз” 1901 оноос өвлийн спортын төрлөөр зохиогдож ирсэн ч зөвхөн скандинавын орнууд оролцдог, тэр дундаа Швед улс байнга зохион байгуулдаг байсан нь статусыг нь өвлийн олимпийн хэмжээнд аваачихад саад болжээ.

Ингээд энэхүү хурлаас Өвлийн олимпийн хоёрдугаар наадмыг Швейцарийн санкт Мориц хотод зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Уг нь бол тэр үед Зуны олимпийн наадмыг зохион байгуулах улс өвлийн олимпийг мөн зохион байгуулах давуу эрх байсан гэдэг. Франц улс ч энэ жишгээр өвөл, зуны олимпийг зохион байгуулсан. Гэтэл 1928 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан Голландын Амстердам хот газар зүйн байршлаас болоод энэ эрхээ эдэлж чадахгүй болсон тул Швейцарийн Санкт Мориц эрх авчээ. Ингэхдээ улс дотроо Давос, Энгельберг хотуудыг ялж гарч ирсэн байдаг юм.  

Эдийн засаг

Швейцарийн Парламент өвлийн олимпийн наадмын зохион байгуулалтад зориулж Үндэсний олимпийн хороондоо 100 мянган швейцарь франк шийдэж өгчээ. Энэ мөнгөний 40 хувийг олимп зохион байгуулахад, үлдсэн 60 хувийг Санк Морицын өювлийн болон амстердамд болох зуны олимпод оролцох Швейцарийн шигшээ багийн бэлтгэл сургуулилтад зарцуулахыг даалгасан байна.

Хэвлэл мэдээллийнхэнд ач холбогдол өглөө

Санкт Морицын олимпийг сурвалжлахаар 27 орны 330 сэтгүүлч ирсэн нь урьд хожид болж байгаагүй үйл явдал байв. Германаас хамгийн олон буюу 81 сэтгүүлч ирсэн бол талбайн эзэн Швейцарь 51, Франц 30, Итали 21 сэтгүүлчээ илгээсэн аж. Аргентин, Мексик л олимпийн наадамд оролцсон мөртлөө сэтгүүлчээ илгээгүй улс болжээ. Зохион байгуулагчид ч сэтгүүлчдэд зүй ёсоор хүндлэл үзүүлж, “Виктория Палас”  хэмээх зочид буудлыг хэвлэлийн төв маягаар тохижуулан гаргаж өгсөн байдаг.

Тамирчдын тоо нэмэгдлээ

Санкт Морицын олимпийн наадамд 25 орны эрэгтэй 438, эмэгтэй 26, нийт 464 тамирчин оролцсон нь Шамонигийн олимпийн наадмаас илүү гарчээ. “Шамони 1924” анхдугаар наадамд оролцсон улсууд бүгд дахин ирсний дээр Герман, Аргентин, Литва, Люксембург, Мексик, Голланд, Румын, Эстон, Япон гэсэн ёсөн улс анх удаагаа оролцсон байна. Герман улс Дэлхийн нэгдүгээр дайныг өдөөсөн буруутай учир анхдугаар наадамд оролцох эрхээ хасуулсан аж. Аргентин, Япон Өмнөд Америк, Азиас олимпод оролцсон анхны улс болжээ. 

Гол баатрууд

Өмнөх олимпийн баатар, Финландын тэшүүрч  Клас Тунберг Санкт Морицод  ч мөн адил гялалзаж, 500, 1500 метрийн зайд түрүүлжээ. Ингэснээр тэрбээр олимпийн таван алтан медальтай болж, өвлийн олимпийн “домогт” тамирчин болсон юм.

Санкт Морицод бас нэгэн тамирчин “домог” болох эхлэлээ тавьсан нь уран гулгалтын алдарт тамирчин Соня Хени. Энэ тамирчин 1928, 1932, 1936 оны олимпод түрүүлж, ганцаарчилсан төрөлд гурван алтан медаль хүртсэн анхны тамирчин болсон юм.

Дэлхий, Европын олон удаагийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Ивар Балланруд мөн алдрын замналаа санкт Морицоос эхлүүлж 5000 метрийн зайд аваргалсан. Тэрээр дөрвөн жилийн дараа болсон олимпоос гурван алтан медаль хүртсэн юм.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)