Хэвлэл мэдээллийн манлайлал хөтөлбөр эхэллээ

Eagle.mn


Шинэ үеийн сэтгүүлчдэд ажлын бодит туршлага өгч, дэлхийн сэтгүүлзүйн чиг хандлагатай нийцэн ажиллахыг практикаар заах зорилго бүхий Хэвлэл Мэдээллийн Манлайлал Хөтөлбөрийг Монголд анх удаа "Глобал Шэйпэрс Улаанбаатар" нийгэмлэгээс зохион байгуулж байна.

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй уг хөтөлбөрт шалгарсан оролцогчид Монголын шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад тус бүр гурван долоо хоногийн турш дадлага хийх юм. Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оролцогчид тухайн хэвлэл мэдээллийн байгууллагаас ажлын урилга авах боломжтой юм.

Eagle News, Монгол HD, Gogo Mongolia, Ikon, Forbes Mongolia, UB.Life, Үндэсний шуудан, Unread.today зэрэг салбарын шилдэг байгууллагуудад шалгарсан найман оролцогч онолын мэдлэгийг практикт хөгжүүлэн, дэлхийн сэтгүүлзүйн өнөөгийн чиг хандлага, түүний хэрэгцээ шаардлагуудыг салбарын шаркуудаас суралцана.

Дадлагын хугацаанд оролцогч тухайн байгууллагад сэтгүүлчийн үүргийг бодитоор гүйцэтгэх бөгөөд сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн дадлагын эцэст цогц мэдээг тухайн медиа компанийн албан ёсны сувгаар мэдээ болгон гаргах юм. Ингэснээр тухайн оролцогч Хэвлэл Мэдээллийн Манлайлал Хөтөлбөрийг албан ёсоор дүүргэсэнд тооцогдоно.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Глобал Шэйпэрс Улаанбаатар" нийгэмлэгийн дэд тэргүүн А.Ундрал хөтөлбөрийн талаар “Энэ бол хэвлэл мэдээллийн салбарыг сонирхож байгаа, хэвлэл мэдээллийн салбарт ажиллахаар зэхэж байгаа залуу мэргэжилтнүүдэд зориулсан, маш богино хугацаанд олон төрлийн медиа байгууллагуудад ажиллан туршлага хуримтлуулах боломж олгож байгаа хөтөлбөр” хэмээн ярьсан юм.

Хөтөлбөрт сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутнууд, сэтгүүлч мэргэжилтэй ч, мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй, эсвэл өөр мэргэжилтэй ч сэтгүүлзүйн салбарт ажиллах сонирхолтой залуу боловсон хүчнүүдэд зориулагдсан.

Уг хөтөлбөрийн хамтрагч Gogo.mn ерөнхий редактор О. Ариунбилэг энэхүү хөтөлбөрийн эрэлт хэрэгцээний талаар сэтгэгдлээ хуваалцахдаа  “Маш сайн бичсэн зүйлээ камерын өмнө сайн ярьдаг, бичсэн зүйлийнхээ хоолойг уншдаг чадварыг нэг сэтгүүлч эзэмших шаардлагатай болсон. Үүн дээр өөрийнхөө бичсэн сэдвийн олон улсын жишээг хардаг, эш татаж нийтлэлдээ оруулах тийм чадвар мөн тулгарч байгаа. Ийм шаардлагыг биелүүлсэн супер сэтгүүлчийг редакци, эзэд шаардаж байна гэхээс илүүтэй цаг үе, уншигчид буюу хүлээн авагчид шаардаж байна гэвэл илүү зохистой болох байх” гэж онцолжээ. 

Хөтөлбөрт оролцогсдын бүртгэл хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд албан ёсны дадлагууд хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт эхэлнэ.

Оролцогчид нь сэтгүүлзүйн мэргэжил эзэмшсэн байх шаардлагагүй ба:

-Хүсэл эрмэлзэлтэй

-Гадаад хэл эзэмшсэн

-Технологийн хэрэгслүүдтэй ажиллах чадвартай

-Багаар ажиллах чадвартай байвал зохино.

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэг нь дэлхий даяар 450 хотод суурилсан 30 хүртэлх насны салбар бүрийн төлөөллийг багтаасан 6000 гаруй залуусын хамтын нэгдэл юм. Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэг нь 2011 онд байгуулагдсан бөгөөд “Амин хариуцлага” төслөөс гадна “Монгол гэр”, “Залуу Мэргэжилтнүүдийн Групп” зэрэг нийгэм рүү чиглэсэн төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт энд дарж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг "Глобал Шэйпэрс Улаанбаатар" нийгэмлэгийн веб хуудас: www.globalshapers.mn, фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/MongolShapers/ -аас авна уу.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Holbogdoh ymr negen bolomj baina u? Emaileer fbeer holbogdh gj uzlee hariu baidaggui. Holbogdoh utasnii dugaar bi yu?

    0 0 Хариу бичих