Татвар нэмэх шийдвэрийн эсрэг ажил хаях хүртэл тэмцэнэ

Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлж буйг эсэргүүцэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 22 салбар, аймаг орон нутгийн салбарын ажилтнууд Сүхбаатарын талбайд жагсаал хийлээ.

Жагсаалд оролцогчид Үндэсний статистикийн хорооноос гаргадаг дундаж цалингийн хэмжээн нь үндсэн цалин дээр  хээрийн, шөнийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл зэргийн нэмэгдэл нэмэгдсэн дүн байдаг. Их эрсдэл дунд ажилладаг салбаруудын ажилчдын цалин ганц хүний биш бүхэл бүтэн гэр бүлийн цалин байдаг. Дэлхийн дундаж цалин 3000 ам.доллар гэж тогтоосон байхад манай улсад үүнээс хоёр дахийн бага  буюу нэг сая таван зуун мянга төгрөгийн цалинтай иргэдийг чинээлэг хэмээн үзэж байна гэлээ. Бид жагсаалыг зохион байгуулж байгаа МҮЭХ-ны удирдлагууд болон жагсаалд оролцож байгаа ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонссон юм. Тэдний ярьж байгаагаар хүнд нөхцөлд илүү цагаар ажилласны нэмэгдэл хэмээн авдаг 1,5 сая төгрөгийн цалин бол цэвэр орлого биш гэлээ. Мөн тэтгэврийн насыг нэмсэн нь нэг ангид 70 орчим хүүхэдтэй ажилладаг багш, өдөртөө 10 кг багаж үүрч явдаг замчин эмэгтэйчүүдэд ахадсан байгааг хэлж байлаа. 

Гэр бүлээ ганцаараа тэжээж, банкны зээлээ төлж буй уурхайчин залуу ч мөн орон сууцны зээл барагдуулдаг хэмжээний мөнгийг татварт суутгахаар үлдэх орлого нь амьжиргаанд арай гэж хүрч байгааг учирлаж байлаа. Ингээд тэдний яриаг хүргэе. 

-Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж хүнд тэмцлүүдийг хийнэ-

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Адъяа: "Өнөөдрийн цуглааны гол шаардлага бол Засгийн газраас гаргасан тэтгэврийн насыг нэмэх, нийгмийн даатгалын хувь хэмжээг ажилчин, ажил олгогчоос нэмж авах, хувь хүний орлогын албан татвар зэргийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг эсэргүүцэн жагсаж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байгууллагууд эрс эсэргүүцэж байгаагаа илэрхиилсээр ирсэн. Эсэргүүцлийн арга хэмжээний дараа хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн хүрээнд тодорхой арга хэмжээ авахгүй бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон ялангуяа хүнд үйлдвэрийн салбарт ажиллагсад төрийн шийдвэрийг эсэргүүцэж ажил хаях хүртэлх тэмцлүүдийг хийнэ.

-60 гарсан багшид 70 хүүхэдтэй зургаан настны ангийн ачааллыг даах тэнхээ бий юу-

Монголын боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны зохион байгуулагч З.Цогтгэрэл: Бид бүхэн цалин хөлсөө нэмэгдүүлэхээр өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн өдийг хүртэл тэмцэж байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар цалингийн хэмжээнд нэг ч төгрөгийн бодит нэмэгдэл, өөрчлөлт ороогүй. Засгийн газрын зүгээс иргэдийг төөрөгдүүлж багш нарыг өндөр цалин авдаг мэтээр ойлгуулж байна. Дээрээс нь он гарснаар хэрэгжиж эхлээд буй өөрчлөлтөд татварын нэмэгдэл их дээд сургууль, шинжлэх ухааны зарим байгууллагуудад хамаарах болоод байгаа. Дээрх хэмжээний цалинг маш их хөдөлмөрлөж, оюуны ачаалалтай ажиллаж байж олдог.

Тэтгэврийн нас нэмэгдэж байгаа нь боловсролын салбарын ажиллагсдад тохирохгүй байна. 60 нас хүрчихээд зургаан настай хүүхэдтэй ажиллах ямар ч боломжгүй. Доод тал нь 70 хүүхэдтэй ангид хичээл зааж байгаа  олон цагаар оюуны хөдөлмөр эрхэлж, асар их стресс дунд ажилладаг багш нар тэтгэвэрт хүрэх өндөр насыг хэр барагтай наслахгүй. Тэтгэврийн насыг нэмэх шаардлагатай бол нийтээр нь биш салбарын ачаалал, онцлогийг харгалзаж тогтоох хэрэгтэй.

-Өдөр бүр 10 кг багаж үүрдэг замчид тэтгэвэрт гарах 50 насыг хүлээдэг-

"Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн замчин А.Бурмаа: Би Улаанбаатар төмөр замд замчнаар 24 дэх жилдээ ажиллаж байна. Замчид бид цайны цагаас бусад үед зам дээр халуунд халж, хүйтэнд даарч ажил үүргээ гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд замын ажилдаа үүрийн дөрвөн цагаас хөдөө гарч замд дээр ажилладаг. Эмэгтэй хүний хувьд хүнд ажил. Гэхдээ манай замчдын ихэнх нь эмэгтэйчүүд. Ажлын нөхцөлийг дагаад бидний ар гэр, үр хүүхэд ихэнхдээ орхигддог. Замчид ажлаа гүйцэтгэхдээ өдөр бүр 5 кг замын алх, 5 кг-ийн жинтэй лап үүрч, 75 кг-ийн жинтэй шофал түрдэг. Ингэж хүнд нөхцөлд ажиллаад арай гэж 50 нас хүрч тэтгэвэрт гардаг байсан бол тэтгэврийн насны шаталсан нэмэгдлийг дагаад таван жилээр нэмэгдэж байна. Тэгж өндөр наслаад хөдөлмөрийн багажаа дийлж ажлаа хийнэ гэдэг шийтгэл шиг санагдаж байна.

-Уурхайчдын цалин бүтэн өрхийн орлого болдог-

“Оюутолгой” ХК-ийн Ил уурхайн засварын хэлтсийн ажилчин  Ө.Түвшинбаяр: Манай байгууллагыг төлөөлж Улаанбаатарт амарч байгаа болон оффисын 1000 гаруй ажилтан жагсаалд ирлээ. Уурхайчид 14 хоног ажиллаад долоо хоног амрах,  28 хоног ажиллаад 14 хоног амрах ээлжтэйгээр ажиллаж ихэнх цагаа гэр бүлээсээ хол өнгөрөөдөг. Ингэж ажилласныхаа хүчинд ар гэрээ тэжээж, зээлээ дарж амьдарч байна. Жишээ нь, би эхнэр бага насны хүүхэдтэйгээ амьдардаг. Гэрээсээ ганцаараа ажилладаг нь. Миний цалин бүтэн өрхийн орлого болдог. Гэтэл сар бүр банкны зээлд төлдөг хэмжээний мөнгийг ахин татварт өгөхөөр болоод байна. Тэгэхээр татварын нэмэгдэл уурхайчдын амьдралд их хүндээр тусч байгаа. Мөн дуу чимээ ихтэй, хортой, амь насны эрсдэлтэй өдөр  тутам нүүр тулж ажилладаг уурхайчид тогтоогоод байгаа тэтгэврийн насны хэмжээ яав ч тохирохгүй.

-1,5 сая төгрөг бол цэвэр цалин биш-

Дулааны хоёрдугаар цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Э.Адъяасүрэн: Манай байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг учраас нийт ажиллагсдын 15 хувь нь л өнөөдрийн жагсаалд ирлээ. Бид өнөөдөр энд тэтгэврийн насыг нэмэхийг эрс эсэргүүцэн жагсаж байна. Бид хөдөлмөрийн хэвийн бус, халуун нөхцөлд 50 настай тэтгэвэрт гардаг байсан бол одоо нэмэгдчихлээ. Тоос шороо, дуу чимээтэй хортой нөхцөлд эрүүл мэндээрээ хохирч ажиллаж байж тодорхой хэмжээний цалингийн нэмэгдлүүд авдаг. Тэр нэмэгдлээ авсны үндсэн дээр татварын илүү төлөлтийн сая 500 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэний тоонд ороод байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Энэ маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа иргэдийнхээ халаасыг ухах нь шударга бус энэ засгийн газар, их хурал иргэдийн төлөө бус эсрэг хууль баталаад суугаад байна.Иймд огцруулах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  2. MAN zailaarai

    0 0 Хариу бичих
  3. ene link orj mongo hiihee bodoo zaluuchuudaa. Bi lav 3 odriin dotor 550-d USD avlaa. Hyamraliin ued ashtai uy daa kkkk. goo.gl/MFK2uL

    0 0 Хариу бичих
  4. Хүрэлсүх, Хүрэлбаатар нар юу ярьж гарсанаа санахгүй юмаа. Дахин танарыг хэзээ ч хэзээ ч сонгохгүй. Хаширахын дээдээр хаширлаа.

    1 0 Хариу бичих
  5. Yamar ch songuuli bolson MAN zailtsan baigaarai

    1 0 Хариу бичих
  6. Зөв

    2 0 Хариу бичих