Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн  хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хйилээ. Хууль санаачлагчдаас агаарын бохирдлыг бууруулахын тулд төрийн бүх институцийн оролцоог хангах, уг арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг хангах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулах, мөн Агаарын бохирдлын эсрэг сангийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр төслийг боловсруулсан байна.

Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасанд үндэслэн хэлэлцэж буй төсөл батлагдвал хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох саналыг УИХ-ын гишүүд гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Түүнчлэн уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай асуудлуудыг санхүүжүүлэх дэмжлэг үзүүлэх тухай төсөлд тусгах саналыг Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар тусгасан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналыг гишүүдийн олонх дэмжжээ. Мөн агаарын бохирдуулсны төлбөрөөс иргэнийг чөлөөлөх зохицуулалт тусгасан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон агаарын бохирдлын эсрэг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болох иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн болохыг Байнгын хорооны санал дүгнэлтэд дурьдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)