Өөрчлөлтийн тохироо

Үндсэн хуулийн өөрчлөлтийн өнөөгийн явц

Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм. Б.Чимид

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Үндсэн хуулийн нөөц шавхагдсан гэдэгтэй огтхон ч эвлэрдэггүй нэгэн. Цэцийн гишүүнээр цөөнгүй жил ажиллаж буй хүний хувьд Үндсэн хуулиа хамгаалах талд зогсох нь үндсэн үүрэг нь байх. Тиймдээ ч хэдхэн хоногийн дараа 26 жилийн босго давах гэж буй хуулиа хамгаалж, “Үндсэн хуульд хугацаа тавьдаггүй юм” гэж мэдэгдэл хийсэн удаатай. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахын тулд улс орон даяар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн, одоо өөрчлөлтийг зөвхөн ард түмэн л хийх эрхтэйг тэр сануулсаар ирсэн билээ. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

Монгол Улс тэр үед хоёр сая гаруй иргэнтэй, сонгуульд санал өгдөг нь нэг сая орчим хүн байсан. Давхардсан тоогоор сонгуулийн насны 900 гаруй мянган хүн одоогийн Үндсэн хуульд санал өгсөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны бүх иргэний 90 хувь нь саналаа өгсөн. Нэг ёсондоо бүх ард түмнээр хэлэлцэгдэж, батлагдсан Үндсэн хууль. Тэр бүх саналын 40-өөд хувийг Үндсэн хуульд, үлдсэнийг бусад дагалдах хуульд тусгасан.

Тэгвэл өнөөдөр бидний “шинэ” гэж тодотгосон Үндсэн хууль үнэхээр хуучирчихсан уу. Нийгмийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, шинэ зохицуулалт шаардлагатай болсон гэдэг нь үнэн үү. Эсвэл зөвхөн улс төрийн хүрээнд л өрнөж буй сэдэв үү. Уг нь хүний эрхийг дээдэлсэн, өмчийн хэлбэрүүдийг зөвшөөрсөн Үндсэн хуулийн үзэл санаа бат бөх оршсоор л байна. Орших ч ёстой. Гэтэл сүүлийн хэдэн жил Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг дагасан төслүүд УИХ-д хэдэнтээ орж ирлээ. Баталж л чадаагүй болохоос хэлэлцүүлгийн шатанд орж ирэх шахсан төсөл ч цөөнгүй бий.

Хэрэв УИХ нийгмийн тусгал, бүх ард түмний төлөөлөл гэдэг нь үнэн л юм бол улстөрчдийн дунд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэсэн хэсэг илүүтэй жин дарж байна. 

Нийгэмд ч ийм хандлага давамгайлж буйг “МЕС” компанийн өнгөрсөн сард хийсэн судалгааны дүн харуулах ажээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон эсэх талаарх иргэдийн байр суурь

Иргэд үнэхээр ийм саналтай байгаа нь үнэн бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах цаг хугацаа болжээ. Анх баталснаас нь хойш хуанлийн хуудас бүтнээрээ 28 удаа эргэж, хэдхэн хоногийн дараа нэгдүгээр сарын 13 буюу Үндсэн хуулийн ойн өдөр болох гэж байна. Нийгэмд ч технологийн эринд шилжиж, эдийн засаг ч зах зээлийн гольдролдоо хувиралтгүй оржээ. Харин Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй нь дээрх судалгаанаас харагдаж байгаа бол өөрчлөх эрх нь гагцхүү УИХ-д л хадгалагдаж буй. Ийм учраас л анхаарал, болгоомжлол илүүдэхгүй биз. 

ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИ ҮНДСЭН ХУУЛИЙГ ХҮЧ ТҮРЭХ ҮҮ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах онцгой эрх УИХ-д бий. Тэр тусмаа УИХ-ын 57-гоос дээш гишүүн санал нэгдвэл “эцэг” хуульд ямар ч өөрчлөлт хийх боломжтой. Иймээс л үнэмлэхүй олонхи Үндсэн хуулийг хүч түрэн өөрчлөх вий гэсэн болгоомжлол нийгэмд байгаа юм. 2016 оны сонгуулиар МАН УИХ-д 65 суудал авсан. Дангаараа ердийн байтугай Үндсэн хуулийг ч өөрчлөх “бяр”, эрх тэдэнд бий. Кнопны олонд дулдуйдаж нийгмийн сэтгэл зүйг сөрөн, сөрөг хүчнээ үл тоон Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал эргээд нийгмийн гэрээ гэгддэг эцэг хуулийн хүлээн зөвшөөрөгдөх чадвар алдагдах эрсдэлтэй. Ийм болгоомжлол зөвхөн доороос гараагүй, дээд талаас эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

25 жил болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, Монгол Улс, хоёрдугаарт Монголын гурван сая ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой гэдэг үнэхээр гол асуудал. Гэтэл хэлэлцүүлгийн явцад УИХ-д 65 суудал авсан МАН-ын зүгээс энэ дарааллыг өөрчлөх вий гэсэн болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын эрх ашиг эн тэргүүнд эрэмблэгдэх вий.

УИХ-ын гишүүдийн 65 нь нэг намынх, тэдний 41 нь анх удаа шинээр сонгогдсон байгааг Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ анхаарч үзэхэд илүүдэхгүй шүү хэмээн болгоомжилж буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн.

Харин Төрийн тэргүүний энэ байр суурийн яг эсрэг явах хүчин зүйл нь цаг хугацаа юм. Хэрэв энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах л гэж байгаа бол сүүлийн боломжтой жил нь 2018 он. Монгол Улс 4 жилийн мөчлөгтэй УИХ-ын сонгууль явуулдаг. 2016-2020 оноор жишээ татахад сонгуульгүй, сонгууль бодохгүй ажиллах боломжтой ганц жил нь энэ жил юм. 2016 онд УИХ-ын сонгууль, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль гээд улстөржсөн бол 2019 онд дараа жилийн зуны тухай бодол хүссэн ч, эс хүссэн ч улстөрчдөд төрөх нь ойлгомжтой. Иймээс ч УИХ онцгой анхаарч, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг 65 суудлаараа бус, нийт иргэдээр хэлэлцүүлж, цаг хугацааны хувьд 2018 онд багтааж батлах зорилт тавьсан болов уу.
УИХ-аас 2017 оны зургадугаар сарын 2-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан 39 дүгээр тогтоол батлахдаа хэд, хэдэн зарчмыг онцгой анхааруулсан. Зөвлөлдөх ардчиллын дагуу явуулсан зөвлөлдөх санал асуулгын үр дүнд тулгуурлаж, иргэдийн дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулж байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахыг үүрэг болгосон билээ.

Энэ дагуу УИХ-ын Тамгын газраас орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэд олон нийтийн санал бодлыг тусгасан тусгай архив үүсгэснээ УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд хүлээлгэж өгөөд байгаа юм. Тэр бүх саналд үндэслэж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болно. 

Суурь нь бэлэн болчихсон энэ төслийг хойно задалж өгүүлэх учраас түр азная. 

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон

УИХ-ын Тамгын газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлгээр үндсэндээ 327375 иргэний саналыг авсан. Үүгээрээ бид 2607 ширхэг архивын нэгж бий болгосон. Үүнийг Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дуустал УИХ-ын Тамгын газар хадгалж байгаад дараа нь Архивын байгууллагад хүлээлгэж өгнө. Мөн эдгээр саналаа бүгдийг нь УИХ-ын Тамгын газрын компьютерт суулгасан. Иргэд өгсөн саналтайгаа танилцъя гэвэл регистрийн дугаараараа ороод харж болно. Ер нь бол Үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд анх удаа сонгуулийн насны иргэдийн тавны нэгийг хамарсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дууссаны дараа ч Үндсэн хуулийн эрх зүйд хэрэгтэй, олон жилийн турш хэрэглэх судалгааны томоохон материал болно. 

Дашрамд дурдахад энэ хэлэлцүүлэгт оролцож, санал өгсөн нийт иргэдийн 47.3 хувь нь эрэгтэй, 52.7 хувь нь эмэгтэй байсан бол насны хувьд 32.2 хувь нь 18-35 насны залуучууд, 35.9 хувь нь 36-55 насныхан, 31.9 хувь нь 55-аас дээш насны иргэд байжээ. УИХ-ын Тамгын газар хэлэлцүүлгийн талаархи 750 цагийн дүрс бичлэг, 1100 гэрэл зураг, санал асуулгын хуудсаар 2607 хавтас архивын нэгж үүсгэсэн нь УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд бүрддэг архивын хэмжээтэй дүйж очиж байгаа аж.

ДОЛОО ХЭМЖИЖ НЭГ ОГТОЛ

Сэтгэлийн хөөрлөөр, тэр тусмаа хүчний олонхиор баталдаг хууль бол Үндсэн хууль биш. Суурь зарчмыг нь хөндөхгүйгээр, нийгмийн хөгжилд саад болохгүй ч сатааруулах хүчин зүйл байгаа бол өөрчлөх нь зүйтэй гэдэгт судлаачид, иргэд ч санал нэгдсэн. Харин энэ бүх саналыг УИХ хууль болгон батлахдаа “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн зарчим баримтлах ёстойг УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн.

УИХ-ын дарга М.Энхболд

Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаар сүүлийн 10 гаруй жилд байнга санал гарах болсон. УИХ дээр л гэхэд үүнээс өмнө 4 удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байв. Тиймээс эдгээр санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хөндөж байгаа юм. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажилд энэ удаагийн УИХ онцгой ач холбогдол өгч, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандаж байгааг миний бие өмнө нь илэрхийлж байсан билээ. 

УИХ-ын дарга М.Энхболд үүнээс гадна “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бодит хэрэгцээ шаардлага, нягт нямбай тооцоо судалгаа, орон даяар явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлах нь ойлгомжтой юм. Түүнчлэн өөрчлөн шинэчлэх олонхийн хүсэл эрмэлзэл, дордуулж муутгачих вий гэсэн цөөнхийн эргэлзээ болгоомжлолыг ч адил тэнцүү авч үзэх ёстой” гэж хэлсэн нь дээр өгүүлсэн Ерөнхийлөгчийн эргэлзээнд ч хариулт өгсөн билээ.

Тэгвэл энэ өргөн хүрээний хэлэлцүүлэг, санал асуулгын эцэст Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан шийдвэрт үндэслэн боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зүйл, заалтаас зөвхөн нэгээс бусдыг нь иргэд 53.3-78.2 хувьтай дэмжсэн байна. Харин Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих тухай заалт дээр эсрэг байр суурьтай ханджээ. 

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ГЭЖ БУЙ ҮНДСЭН ӨӨРЧЛӨЛТҮҮД ЮУ ВЭ?

Зөвлөлдөх зөвлөлөөс гарсан саналд үндэслэн боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд туссан голлох зүйл, заалтын товч агуулгыг танилцуулъя. Дашрамд дурдахад, дээр өгүүлсэн 327375 иргэн эдгээр заалтыг дэмжсэн эсэхийг ч давхар орууллаа. Харин одоо энэ саналуудад тулгуурлан УИХ-ын ажлын хэсгээс дахин нэгэн төсөл боловсруулж, түүнийгээ Ард нийтийн хэлэлцүүлгээр оруулж эцэслэн батлах юм. Өөрөөр хэлбэл, одоо танилцуулах гэж буй заалтууд бол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийн гол суурь нь болох учиртай.

Тойрог тойрсон лоббиг зогсооно

УИХ төсөв батлахдаа төслийг нь анх өргөн барьсан Сангийн сайд нь хүртэл танихгүй болтол өөрчилдөг жишиг бий. Гишүүдийн тойргийн мөнгөнөөс эхлээд ямаанд мөнгө хуваарилах хүртэл ужгирсан энэ эмгэгийг засах саналыг иргэдийн 72 хувь нь дэмжжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ төсвийн төслийг хэлэлцэхдээ зардлын шинэ төрөл нэмэх, зарлага нэмэгдүүлэх бол заавал Засгийн газрын саналыг тусгайлан авахаар Үндсэн хуульд тусгахаар төлөвлөжээ. Засгийн газар “за” гэвэл хэлэлцэгдэж, “үгүй” бол УИХ-ын гишүүд яаж ч чадахгүй болно гэсэн үг.

Ээлжит чуулганы хугацааг сунгана

1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 75-аас доошгүй хоногоор хуралддаг байсан билээ. Тэгвэл 2000 онд оруулсан өөрчлөлтөөр энэ тоог “50-иас доошгүй” болгон өөрчилсөн юм. Харин “эцэг” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд хуучнаар нь буюу “75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж оруулахаар тусгасан байна. Энэ саналыг ч иргэдийн 70.9 хувь нь дэмжсэн байна. Хэрэв хуучин хэвэнд нь хуулийн заалтыг оруулбал УИХ-ын байнгын тасралтгүй ажиллах процесст ч тустай гэж үзжээ. Харин энэ заалт хуралдаа суудаггүй гишүүдэд улам л хүндхэн шаардлага болох нь гарцаагүй. 

20 гишүүн хууль батлахыг хориглоно

2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийн нэг нь чуулганы ирц. Анхны хуулиараа бол нийт гишүүний дийлэнх олонхи буюу 51 гишүүн ирж байж УИХ-ын ирц бүрддэг байсан билээ. Харин АН олонхи байсан 1996-2000 оны хооронд 50 суудалтай эрх баригч нам ганцхан гишүүний ирцээр сөрөг хүчин МАХН-д “бойкотлуулж”, эцэстээ Үндсэн хуулийг өөрчилж ирцийн босгыг намсгасан юм. Харамсалтай нь, УИХ хуралдаж чадахгүй болтлоо гацдаг байснаас үүдсэн өөрчлөлтөөс болж өдгөө ердийн олонхи буюу 39 гишүүн хуралд оролцож, тэдний олонхи буюу 20 хүн л хууль баталж байна. Иймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хуралдах ирц олонхи хэвээрээ байх ч хууль батлах босгыг нь дийлэнх олонхи болгож өсгөх аж. Өөрөөр хэлбэл, одоо 39 гишүүний 50-иас дээш хувийн саналаар (20) хууль баталдаг байсан бол нэмэлт, өөрчлөлтийн төслөөр гуравны хоёрын саналаар тухайн хууль батлагдах нь. Энэ саналыг ч иргэдийн 66.1 хувь нь дэмжжээ.

Ерөнхий сайдаа 30 хоногийн дотор томилж чадаагүй УИХ тарна

Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 26 жилийн хугацаанд УИХ тарсан тохиолдол нэг ч байхгүй. Гэхдээ тарах үндэслэлтэй бол тэрийг нь зохицуулсан хууль, эрх зүйн орчин байх ёстой. Анхны хувилбараар (1992) бол “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ” гэсэн заалт Үндсэн хуульд байсан. Үүн дээр нь 2000 онд өөрчлөлт оруулахдаа нэмээд “...Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөөр тарах буюу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” болгож өөрчилсөн юм. Тэгвэл энд өгүүлсэн заалтыг “... УИХ анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол...” Ерөнхийлөгч тараах шийдвэр гаргана гэж төсөлд тусгасныг иргэдийн 68.1 хувь нь дэмжсэн байна. 

Хүчний байгууллагыг хууль тогтоогчид мөрдөнө

Үндсэн хуульд цоо шинээр “28 дугаар зүйл” болгон нэмэх гэж буй энэ заалтыг иргэдийн 68.5 хувь дэмжсэнийг эхэнд нь тодотгоё. 

Энэ бол парламентын хяналт шалгалт явуулах, нэг ёсондоо УИХ-д мөрдөн шалгах эрх олгох агуулгатай юм. Төсөлд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ хянан шалгах түр хороо байгуулж болно гэсэн агуулгаар тусжээ. Түүхэн талаас нь үзвэл парламентын мөрдөн шалгах загварын үндсэн хоёр туршлага байдаг нь АНУ, ХБНГУ гэж судлаачид дүгнэсэн байна.

Харин өдгөө дэлхийн ихэнх улс орон засаглалын эрхээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, шударга ёсыг тогтоох, хууль тогтоох байгууллагыг үнэн бодит мэдээллээр хангах зорилгоор мөрдөн шалгах эрхийг Үндсэн хуулиараа тогтоогоод байгаа аж. Нөгөөтэйгүүр, парламентын мөрдөн шалгах эрхийн хамгийн гол агуулга бол тусгай албадыг хянах парламентын хяналтын чиглэлд илүү өргөн ашиглах болсон байна. 

УИХ хяналтын эрхийг өөрсөддөө авна

Мөн л шинээр нэмэх гэж буй заалт. УИХ-аас өдгөө Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг цөөн хэдэн байгууллагыг л дэргэдээ байгуулж ажилладаг. Харин хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд бүгд гүйцэтгэх засаглалдаа хамаардаг билээ.

Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар парламент дэргэдээ хяналтын чиг үүрэг бүхий, нэг ёсондоо Засгийн газарт хяналт тавих төрийн байгууллагатай болох санал төсөлд туссаныг хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн 69.2 хувь нь дэмжжээ.

Олон жилийн маргаанд цэг хатгана

Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Гэвч хуулийн энэ заалтад орсон “шууд” гэсэн үг улстөрчдөд өгөөш болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Цэц ч энэ асуудлаар “хөдөлгөөн”-тэй байр суурьтай байдаг болсон.

Хэд хэдэн удаа сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлж, УИХ-ыг байгуулсан хэрнээ 2016 оны сонгуулийн өмнөхөн Цэц шийдвэр гаргаж, зөвхөн мажоритар тогтолцоогоор л сонгууль явуулах боломж Үндсэн хуулиар олгогдсон гэж шийдвэрлээд байгаа юм. Үүнийг нь ч 2012-2016 оны парламент өөрсдөө захиалсан юм шиг шуурхай хүлээж авсан.

Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй болох уу?

Хууль санаачлах онцгой эрх Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газарт хадгалагддаг. Тэгвэл Зөвлөлдөх зөвлөлийн саналд үндэслэн боловсруулсан төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах заалт орсныг хэлэлцүүлэгт оролцсон 327375 иргэний 53.4 хувь нь дэмжсэн байна. Харин МЕС судалгааны байгууллагын өнгөрсөн сард явуулсан санал асуулгад оролцсон 760 иргэний 67 хувь нь буруу гэж үзжээ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах болсон шалтгаан нь сонгодог парламентын засаглал руу дөхөх гэсэн тайлбартай бол хадгалж үлдэх ёстой гэсэн хэсэг нь “Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчид хууль санаачлах эрх байх ёстой” гэж үзэж байгаа юм.

Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх эрх

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дэмжээгүй ганц санал нь энэ. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг иргэд Үндсэн хуулиас хасах шаардлагагүй гэж үзжээ. Харин хасах ёстой гэсэн үндэслэлээ Зөвлөлдөх зөвлөлд оролцсон иргэд “Чиглэл авсан бол Засгийн газар заавал шийдвэрлэх хэрэгтэй болдог. Энэ нь төсвийн хүндрэл дагуулах нь ч бий” гэж үзжээ. Учир нь 1992-2009 он хүртэл Ерөнхийлөгч нараас ийм чиглэл тун цөөхөн Засгийн газарт ирж байсан аж.

Харин Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-2016 он хүртэл 30 гаруй чиглэлийг Засгийн газарт өгсөн нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн сэдэл төрүүлсэн бололтой. 

Давхар дээлтэй сайдын тоог хязгаарлана

Дан, давхар дээлийн маргаан түрүүчийн парламентын үед хүчтэй өрнөж байлаа. Засгийн газраа УИХ-аас бүрдүүлж, 20 гишүүний кнопоор хууль батлуулж байна гэх шүүмжлэл одоо ч тасардаггүй. 2000 оноос хойших Засгийн газруудыг харьцуулж үзэхэд Н.Энхбаярын танхимын 13 сайдын дөрөв нь УИХ-ын гишүүн байжээ. Энэ бол хамгийн бага үзүүлэлт нь. Харин энэ харьцаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн болж өссөн байна. Үүнийг нь хүчтэй шүүмжилж байсан МАН ч өнөөдөр өөрсдөө У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулахдаа Ерөнхий сайдаас бусад бүх гишүүнийг нь УИХ дотроос томилоод байгаа билээ. Танхимаараа шахуу давхар дээлтэй болчихдог иймэрхүү зүйл тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн үзэмжээр шийдэгдэж ирсэн.
Тэгвэл энэ асуудлыг Үндсэн хуульд тодорхой тусгаж, Засгийн газрын гишүүний гуравны нэг нь л УИХ-ын гишүүн байж болох хязгаар тавихаар төсөлд туссан байна.  Иргэдийн 60.5 хувь нь ч үүнийг дэмжжээ.

Танхимаа бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад өгнө

Засгийн газрын тэргүүн танхимынхаа 50 хувь нь гэдэг боловч үнэндээ хүчтэй Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх боломж Монголд хомс. Аль ч Ерөнхий сайдын шүдний өвчин нь танхимын гишүүд нь байдаг. Өмнөх дөрвөн жилд, тодруулбал АН-ын үед жишээ нь Засгийн газар ханлигийн маягтай ажиллаж байсан. 

Фракцуудын тэргүүнүүд нь бүгд засагт орж ирчихээд, бараг бүгдээрээ Ерөнхий сайд шиг аашилсан тохиолдол ч цөөнгүй. 

У.Хүрэлсүхийн танхим ч ялгаагүй. Өнөөдөр 33:32-ын бүлгийн нэг намын хамтарсан Засгийн газар шахуу байгуулагдсан. Энэ бол Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдийнхээ нэрийг УИХ-д өргөн барьдаг ч УИХ нь хүн нэг бүрээр хэлэлцэн томилдогтой холбоотой. Нөгөө талаас нэгэнт томилох эрх нь байгаа хойно сайдыг огцруулах эрх ч УИХ-д хадгалагддаг. Иймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэрийг дангаараа гаргах бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-д зөвхөн танилцуулна, түүнийг нь 72 цагийн дотор Ерөнхийлөгч батламжилж байх заалт төсөл тусчээ. Ингэснээр Ерөнхий сайд УИХ-ын өмнө бүрэн хариуцлага хүлээх боломж бүрдэж байгаа юм.

Томилгоо хугацаатай болно

Өнөөг хүртэл мөрдөж ирсэн Үндсэн хуулийн зарчмаар бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний тэн хагас нь огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцдог. Огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь санаачилсан тохиолдолд энэ асуудлыг парламент хэлэлцдэг. Ийм дархлаа муутай нөхцөлд Монголд Засгийн газар маш амархан солигддог болсон. 

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 13 Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалыг толгойлсон ч бүрэн эрхийн дөрвөн жилээ бүтэн хэрэгжүүлсэн нь ердөө хоёрхон. 

Том зургаар нь үзвэл Засгийн газрын дундаж наслалт 19 сар л болж байгаа аж. Иймд Үндсэн хуульд байгаа “Засгийн газрын гишүүдийн тал нь огцорвол...” гэсэн заалтыг хасч, зөвхөн Ерөнхий сайдад хариуцлага тооцох зарчмыг Үндсэн хуульд үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд огцорсноос хойш хугацаа алдахгүйн тулд шинэ Ерөнхий сайдыг долоо хоногийн дотор томилох ёстой гэж цаг хугацааны цаад заагийг тавьж өгөхөөр төсөлд оруулжээ. 

Засгийн газрын сайдын тоог хязгаарлана

Улс төрийн нөхцөл байдал, Ерөнхий сайдын үзэмжээр яамдын нэр, тоо өөрчлөгдсөөр ирсэн нь бодит үнэн. Нэг нам нь гарч ирээд л Хууль зүйн яам байгуулахад, нөгөө нь гарч ирээд Хууль зүй, дотоод хэргийн яам болгон өөрчилдөг. Онцын ялгаагүй зүйл. Бас Гадаад харилцаа, Гадаад хэрэг гэхчилэн ганц үгийн зөрүүгээр яамаа нэрлэх нь бий. Үүнээс үүдэж ядаж л хаяг, албан бланкны зардал хүртэл төсөв дээр нэмэгддэг билээ. Мөн нөлөө бүхий улстөрчдөд албан тушаал амлахын тулд Засгийн газрын яамны тоог хэдээр л бол хэдээр тогтоох боломж нээлттэй байдаг. Шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны Засгийн газар 1992 онд анх 16 яамтай байсан. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх засаглалууд хамгийн бага нь 9 яамтай байжээ. Үүн дээр Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын, Монгол Улсын сайд гэхчилэн нэмэгдсээр Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн тоо дээд тал нь 19-д хүрсэн удаатай. Тэгвэл төсөлд Засгийн газрыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчны яам гэсэн үндсэн чиг үүргийн зургаан яамтай байхаар нэр зааж оруулж өгөхийн зэрэгцээ Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт 7 хүртэлх яамыг нэмж байгуулж болохоор зааж өгөхөөр төсөлд тусгасан байна. Ингэснээр Засгийн газар дээд тал нь 12 яамтай байхаар Үндсэн хуулийн хязгаар тавьж өгөхөөр төлөвлөжээ. 

БУСАД

Иргэдийн дэмжсэн хийгээд дэмжээгүй саналуудыг онц чухлаас нь эхлэн задалж бичвэл иймэрхүү байна. Үүнээс гадна 327375 иргэний дунд явуулсан хэлэлцүүлгээр дараахь саналууд дэмжигдсэн юм. Санал нэг бүрийн товч агуулгыг дэмжсэн хувьтай нь жагсаавал:

- Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх -78.2 хувь
 
- Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох – 77.6 хувь 
 
- Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох -75.5 хувь
 
- Шүүхийн ерөнхий зөвлөл 11 гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах -71.6 хувь
 
- ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор УИХ-д танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор ШЕЗ-өөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах -71.4 хувь
 
- Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, 30 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох -69.9 хувь 
 
- Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх -65.9 хувь 
 
- Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох 53.3 хувь нь тус тус дэмжжээ.
 
26 жилийн босго давах гэж буй шинэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах явц нэг иймэрхүү байна. Энд өгүүлсэн саналуудыг багцлах замаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн ахалсан ажлын хэсэг дахин төсөл боловсруулах бөгөөд түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлж, улмаар дэмжигдвэл Ард нийтийн санал асуулгаар эцэслэн батлахыг төгсгөлд нь тодотгоё. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Пунсалмаагийн Очирбат бол улсын нууцаар баяжсан хар амиа бодогч хүн

    0 0 Хариу бичих
  2. http://ccmoney.club/3023177931768/ Mongolchuudaa ene hayagaar orj burtguuleed dollar olooroi 2 odort 300 dollar olloo. Olon ulsiin Visa cartaaraa tataj avhad shuud orj irj bn.

    0 0 Хариу бичих
  3. BILEGDELIIN ZASAGTAI ULSAD YAMAR ZASAG TOHIROH VE GEH MEHANIZMDAA ILUU ANHAARCH GADAAD DOTOODIIN ERDEMTEDIIN OROLTSUULAH

    0 0 Хариу бичих
  4. OCHIR ZOCHID BUUDAL DAMBA OCHIRIINH MUNHNAR EEJ

    0 0 Хариу бичих
  5. Монгол улсын иргэн надад хэлэх санал олон байна.Ганцхан саналаа жишээ болгон хэлэхэд: УИХ-ын эрхэм гишүүдийн гадаад томилолтын зардалыг бууруулах. Энэ нь 2 эерэг үр дагавартай 1-т зардал хэмнэнэ, 2-т хурлын ирц бүрдэнэ.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ