ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Тогтвортой хөгжлийн талаарх талуудын байр суурь

Хөгжлийг эдийн засгийн үзүүлэлтээр хэмждэг байсан бол иргэнд чиглэсэн байх хэрэгтэй гэдэг дээр улс орнууд нэгдэж, хүн төвт хөгжил дээр тулгуурлан тогтвортой хөгжлийг бүтээхээр зорин ажиллаж байна. 2030 он хүртэл хэрэгжих тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн талаар Засгийн газар, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагыг төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газрын дарга Ж.Должинсүрэн, БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Д.Баяр, "Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан нарын байр суурийг хүргэж байна

-Тогтвортой хөгжил гэж юу вэ?-

Ж.Должинсүрэн: Хүн төвт хөгжлийг бий болгоход эдийн засаг, байгаль орчин, нийгмийн системийг ямар байлгах эсэх асуудлыг цогцоор нь тогтвортой хөгжил гэж нэрлээд байна.

Д.Баяр: Тогтвортой хөгжлийн бодлого нь хүнээ яаж хөгжүүлэх талаарх бодлого. Үүний тулд иргэн хүнд байгаль, нийгэм орчны өөрчлөлтийг мэдрэх, оновчтой шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх гэсэн гурван үндсэн ур чадвар эзэмшүүлэх ёстой.

Б.Болорсайхан: Өмнө нь хөгжлийг эдийн засгийн үзүүлэлтээр хэмждэг байсныг хүн төвтэй холбон анхаарах ёстой гэдэг дээр санал нэгдээд НҮБ-ээс  1986 онд Хөгжих эрхийн тунхаг гэх баримт бичгийг гаргасан. Үүнийг гаргахдаа хөгжил гэдэг бол хүний мэдвэл зохих эрх, хүний зайлшгүй эдлэхийн зэрэгцээ эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын хүрээнд хүн бүр хувь нэмрээ оруулж үр шимийг нь хүртэж, түүнээс амьдралд гарч байгаа нөлөөллийг анхаарах ёстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ үзэл санаанд дэлхийн улс орнууд нэгдээд 2000-2015 онд Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлсэн. Мянганы хөгжлийн зорилт нь хөгжилтэй улсуудад анхаарах шаардлагагүй, хөгжил буурай орнуудын эмзэг зүйл дээр анхаарал хандуулах ёстой гээд хүрээгээ тодорхойлж байсан. Гэтэл  аажимдаа зарим улс орнууд түүнийг дагаж мөрдөхгүй байх, зарим бүлэг нь орхигдох, хоцорч үлдэх аюултай байсан. Үүнээс сургамж аваад мянганы хөгжлийн зорилтод үндэслээд 2015-2030 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтыг бий болгосон. Ингэхдээ мянганы хөгжлийн зорилтын хүрээнд хийсэн бүх ажил хэргээ хадгалж авч үлдээд, хэнийг ч үлдээлгүйгээр хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлье гэдэг дээр санал нэгдсэн.

-Хөгжлийн хөтөлбөрийг тунхаг төдий биш бодлогын төвшинд хэрхэн хэрэгжүүлэх вэ?-

Ж.Должинсүрэн: Төрийн зүгээс бодлого хэрэгжүүлэхэд энэ тэргүүнд Мянганы хөгжлийн зорилтод гаргасан алдаагаа битгий давтаасай. Нэг ч иргэнийг ардаа үлдээлгүйгээр  хүн бүрийг үр шимийг хүртэх боломжийг хангах үүднээс дэлхий, бүс нутаг, сэдэвчилсэн байдлаар болон үндэсний төвшний ямар шалгуур үзүүлэлт байх эсэхэд тусгайлан анхаарах хэрэгтэй. Ингэж байж зорилго хэрэгжиж байгаа эсэхийг харах, үнэлэх, биелээгүй тохиолдолд мөрөөр нь шахаж ажиллах боломжтой.

Чанартай боловсролыг дэмжих зорилгын үзүүлэлтийг хангах ажлыг төрийн зүгээс бүрэн хэрэгжүүлж байхад Үндэсний статистикийн хорооноос боловсролын тогтолцоонд дээрх үзүүлэлтийг хэрхэн хангаж байгааг үнэлж чадахгүй гэх үзүүлэлтийг гаргаж ирж байгаа нь учир дутагдалтай байна. Үндэсний хэмжээнд яаж хэмжихээ тодорхойлж чадахгүй юм бол бусад мэдээллийг ашиглаад бүсийн төвшинд, сэдэвчилсэн байдлаар эсвэл олон улсын төвшинд тогтвортой хөгжлийг хэрхэн хангаж байгааг баримжаалах боломжгүй. Баримжаалах боломжгүй бол Засгийн газар үүнийг бодлогын төвшинд яаж хэрэгжүүлж байгаагаа харах боломжгүй. Мөн хүний эрүүл байх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, шударга байх эсэх нь боловсролыг хэрхэн олгож байгаагаас шууд хамаардаг. Цаашлаад бусад  16 зорилгыг хангах суурь болдог. Тэгэхээр үүнийг гаргаж чадахгүй байна гэдэг нь тогтвортой хөгжлийг бодлогын төвшинд бүрэн дүүрэн гаргаж чадахгүй байна гэсэн үг.

Б.Болорсайхан: Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ нэг зорилтыг нөгөөгөөс нь салгаж хэрэгжүүлэх боломжгүй.  Тэгэхээр үр дүнд хүрэхийн тулд зорилтуудын хоорондын уялдааг тодорхойлох, энэ уялдаан дээр үндэслэн хаанаас нь эхлэх ёстой вэ гэдэг дээр бодлогын шийдэл гаргах ёстой. Эндээс бодлогын төвшинд иргэн бүрд чиглэсэн болон хөгжлөөс хоцроод байгаа иргэдэд чиглэсэн бодлогыг яаж тодорхойлох вэ гэдэг дээр анализ хийж, түүнд чиглэсэн бодлогуудыг гаргах ёстой. Бодлогын төвшинд яамдууд, салбар дундын асуудал нэгдсэн бодлогыг зангидаж байгаа газрууд бодлогын хүрэх төвшинг тодорхойлох, анхаарах зайлшгүй шаардлагатай.

Д.Баяр: Тогтвортой хөгжлийн боловсролын асуудлаар сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсролын асуудлаар цуврал зөвлөгөөнүүдийг зохион явуулж байгаа. Чуулганд салбарын багш, ажиллагсад, оюутан залуус болон ажил олгогч зэрэг хөндлөнгийн бүлэг оролцож боловсролын салбарт байгаа асуудал, гарц шийдлийг хэлэлцэж шийдвэрээ гарган, цаашид хэрэгжүүлнэ.

Ирэх хоёр жилд боловсролын салбарт Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар техникийн туслалцааны төсөл хэрэгжинэ. Үүний хүрээнд мастер төлөвлөгөөний чигийг гаргаж цаашлаад мастер төлөвлөгөөгөө зорилтынхоо дагуу ажиллана.

Б.Болорсайхан: Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд нээлттэй засаглал шаардлагатай. Нээлттэй засаглал ил тод байдал, иргэний оролцоо, хариуцлагаас бүтнэ. Шийдвэрээ гаргахдаа иргэдийг татан оролцуулаад, иргэд түүнд дуугарч байх юм бол нээлттэй засаглалын эх тавигджээ гэж харж болно. Үүний дараа нээлттэй засаглалыг сайн бэхжүүлэхийн тулд мэргэжлийн засагтай байх шаардлагатай. Засгийн газрыг мэргэжлийн, үр нөлөөтэй ажилладаг болгохын тулд тогтолцооны хувьд салбар хоорондын зохицуулалт шаардлагатай. Ингэхдээ Засгийн газрын төвшинд байгуулагдах хэрэгжүүлэх, тохируулагч агентлагийн төвшинд үйл ажиллагаа явуулах  институт хэрэгтэй.

-Хөгжлөөс нэг ч иргэн хоцрохгүйн тулд өөрөөр хэлбэл тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд иргэд хэрхэн оролцох вэ?-

Б.Болорсайхан: УИХ-аас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон үйл явцыг нь харахад иргэдийн оролцоо хэр байгааг харж болно. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлохдоо маш олон салбарын асуудлыг богино хугацаанд цөөн хүний дунд хэлэлцүүлээд баталсан. Энэ үзэл баримтлалыг аваад үзэх юм бол 1986 онд яригдаж байсан “Одоо амьдарч байгаа хүмүүс дараа үедээ саад болохгүйгээр өнөөдрийнхөө нөөцийг зүй зохистой ашиглах ёстой. Хөгжил эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын хүрээнд илрэлээ олох ёстой” гэдэг үзэл санааг бүрэн дүүрэн шингээж чадаагүй.

Бодлого тодорхойлох нь төрд байгаа цөөн албан тушаалтан, эрх мэдэлтний ажил биш. Тухайн нийгэмд амьдарч байгаа хүн бүрийн оролцооны асуудал. Тэр бүлгүүдийн оролцоог хангаж бодлогоо боловсруулбал амьдралд бодитоор хэрэгжинэ, амьдралд ойр байна. Ингээгүй тохиолдолд бодлого удаан хэрэгжих боломжгүй бөгөөд нийгэмд сөрөг нөлөөтэй.

Ж.Должинсүрэн: Бодлого тодорхойлоход олон талыг оролцуулсан хэлэлцүүлэг хийдэг. Гэтэл манайд сүүлийн 20 жил энэ механизм алдагдаад байна. Цогц байдал хоорондын уялдааг нь харж чаддаггүй, зөвхөн нэг салбараа хараад чиг болгоод явдаг. Үндэсний хөгжлийн газар бүх салбарын бодлогын уялдааг харж байгаагийн хувьд хоорондын уялдаа, уялдаа дээрээ үндэслээд хаанаас нь эхэлж шийдэх юм гэдэг зураглалыг оролцогчдодоо хэлэлцүүлж гаргаж байгаа.

Б.Болорсайхан: Үндэсний хэмжээнд бодлогын хэрэгжилтийг шалгуур үзүүлэлтээр хангахдаа зарим тохиолдолд дэлхийн болон бүс нутгийн шалгуур үзүүлэлтээс доройтуулсан үзүүлэлтийг гаргаж ирж магадгүй учраас иргэд хяналт тавих шаардлагатай. Гэтэл хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байхад манай улсын иргэдийн хэдэн хувь нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, 17 зорилго өөрийнх нь амьдралд ямар тусгал болж байгааг анхаарч цаашлаад энэ зорилгыг ашиглаад нийгмийн асуудалд хэрхэн байр сууриа илэрхийлж байгаа вэ гэдгийг харахад анзаарагдаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж дуусахад 12 жил үлдээд байна. Урт хугацаа юм шиг санагдаж байгаа ч бодлогын шийдвэр гаргаад түүний хэрэгжилтийг үнэлээд үр дүн дээрээс нь сургамж аваад сайжруулахад маш богино хугацаа. Даруй арга хэмжээ авахгүй бол цаг тулгуу байдал үүсээд байна. Дэлхийн бусад улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилго батлагдах нь тодорхой болчихлоо гээд 2012, 2013 оноос эхлэн Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхдээ гаргасан алдаан дээрээ ажиллаж, цаашид хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлоход анхаарах асуудлаа үндэсний төвшинд хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт хийсэн. Гэтэл манай  улсад эдгээр ажил 2016 оноос эхэлсэн. 

Дуугарч чадахгүй байгаа бүлгийг дуу хоолойгоо хүргэхэд төрөөс боломжийг нь хамгийн түрүүнд бүрдүүлж, хөгжлийн хөтөлбөрт татан оролцуулах, шийдвэр гаргахад тэдний саналыг харгалзах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.   

Ж.Должинсүрэн: Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан зорилгууд манай улсын хувьд тулгамдаж буй асуудлууд. Тиймээс гаднын байгууллагын хөтөлбөр биш үндэсний бодлого болох ёстой. Ингэхийн тулд цогц бодлого, уялдаа холбоо, эрэмбэ цэгцтэйгээр бодлогын хэрэгжилтийг хангах шаардлага зайлшгүй үүсжэж байгаа. Тиймээс бодлогуудын хоорондын уялдааг хангаж зөв бодлого гаргах, зөв засаглалын механизмийг тогтоохгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй.

Д.Баяр: Дээд боловсролд тогтвортой хөгжлийн хүрээнд өөрөө өөртөө ажлын байр бий болгох ур чадвартай хүмүүсийг бэлтгэнэ гэж бий.  Үүнийг манай улсын боловсролын талаар баримтлах төрийн бодлогод ч заасан. Мөн дотоодын дөрвөн их сургуулийг Азидаа тэргүүлэх сургуулийн эгнээнд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

-Хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байна. Үзүүлэлтүүдэд тодорхой үр дүн гарч байна уу?-

Ж.Должинсүрэн: Түрүүн хэлсэнчлэн цогц өөрчлөлтийг хийхгүйгээр дорвитой өөрчлөлтөд хүрч чадахгүй. Хөгжлийг авч ирэхийн тулд салбар бүр нэгдсэн зорилго, байдлаа хоорондын уялдаагаар хангах механизм руу орох хэрэгтэй байна. Одоогийн байдлаар тодорхой үр дүн харагдаж байгаа ч өөрчлөлтийг хийхгүйгээр хүссэн үр дүндээ хүрч чадахгүй.

2030 он гэхэд тогтвортой хөгжилд хүрэхийн тулд эхний таван жил, дунд хугацаанд нь ажлыг зам зураглалыг Үндэсний хөгжлийн газраас боловсруулж байна. Ийм хэмжээний нэгдсэн төлөвлөлтийн ажил манай улсад сүүлийн 27 жил хийгдээгүй. Энэ ажлыг хийх байх явцад манайд чадавхын асуудал алдагдсан байна. Засгийн газрын төвшинд аливаа асуудлыг цогцоор нь харж бодлогын шийдлийг гаргах чадвар маш суларсан байна. Мөн шинжлэх ухааны үүднээс оролцох судлаач нарын оролцоо маш их дутагдалтай байна.

Манайд хүчинтэй хэрэгжиж байгаа 162 бодлогын баримт бичиг агуулгын хувьд хоорондоо уялддаггүй.  Эдгээр баримт бичгийг агуулгын хувьд  үнэлэх шаардлага үүсэж, үнэлэх аргачлалыг гаргасан. Ирэх сараас бүх яамдуудад аргачиллаа сургаад өөрсдөд нь хамааралтай бодлогуудын уялдааг нь хангах ажлыг хийж байна. Одоо байгаа чадавх, хүн хүчний хүрээнд  ийм ажлыг хийж болох ч Засгийн газрын төвшинд институцын өөрчлөлтийг хийхгүйгээр том хөгжилд хүрэх боломжгүй.

Д.Баяр: 1990 оноос өмнө бүх бодлого төвлөрсөн төлөвлөгөөт зарчимаар явагдаж байсан. Тухайн үед тогтолцоо өөр байсан хэдий ч байгууллагуудын хөтөлбөр хоорондоо уялдаатай байж холбоотой ажилладаг байсан.    

Б.Болорсайхан: 2015 оноос хойш Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх тал дээр бүгд нэг тийшээ чиглээд ажиллах ёстой гэж харахгүй, төрийн бодлого тасралтгүй үргэлжилж чадахгүй, хоорондын уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь бодлого хэрэгжихгүй байдлыг үүсгэх нөхцөл бүрдүүлээд байна. 17 зорилгын нэгт байгаа ядуурлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг аваад үзэхэд л эсрэгээрээ нэмэгдсэн дүн гарсан байна.  Уг нь бид нар асуудлуудаа бууруулахаар олон улсын өмнө үүрэг аваад ажиллах байтал асуудлаа улам гүнзгийрүүлээд, олон төрлийн шинэ бэрхшээлүүдийг гаргаж ирэхүйц нөхцлийг бий болгочихсон.

Төрөөс хэрэгжүүлж буй бодлого тууштай уялдаатай явж чадахгүй, улс төрийн хүчин, тухайн төрийн институтэд ажиллаж буй эрх мэдэлтнээс хамааран хэрэгжүүлж буй бодлого гацаж байна. Ингэж хэрэгжихгүй байснаар ахиц дэвшил гарахгүй. Ахиц дэвшил гарахгүй болохоор хөгжлийн асуудал яригдахгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. [email protected] Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

    0 0 Хариу бичих
  2. ийм тогтворгүй , мөнгөн ус шиг хаашаа л бол хаашаа өнхөрдөг улс төртэй байхад тогтвортой хөгжилийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй биз дээ

    0 0 Хариу бичих
  3. dotuur bolovsrol

    0 0 Хариу бичих