Утааг ялах уу, утаа ялах уу?

Төрийн тэргүүн он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 28-нд агаарын бохирдолтой шийдвэртэй тэмцэхийн тулд Онц байдал зарлах тухай саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Үүгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой тэмцэх асуудлаар хамгийн хурц шийдэл санал болгосон хүнээр тодорлоо. Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрч, нийслэл хот маань дэлхийн хамгийн их утаатай хотоор нэрлэгдээд удсан ч онц байдал зарлах асуудлыг өмнө нь Ерөнхийлөгч болон УИХ-ын төвшинд тавьж байгаагүй юм. 

“Монгол ялна” хэмээн амалж сонгогдсон төрийн тэргүүн маань утааг ялах уриалга гаргав.

Ямар ч байсан Улаанбаатарын утаа Ерөнхийлөгчийг ч, УИХ, Засгийн газрыг ч хөдөлгөөнд оруулав. Тухайлбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Уг ажлын хэсэг УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан бүх тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх чиг үүрэгтэй ажээ. Энэ дагуу УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа. 

Үүнтэй зэрэгцэн Засгийн газар оны эхний хуралдаанаа утаанд зориулав. Энэ үеэр “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнг Төрийн ордонд зохион байгуулж, 50 шахам компани цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлүүдийг танилцуулсан. Ийнхүү удаан жил яригдаж, ужгирсан Улаанбаатарын утаа өнгөрсөн арав хоногийн дотор Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг “түргэн авахууллаа”. Гэхдээ Ерөнхийлөгч онц байдал зарлах санал анх удаа албан ёсоор гаргасныг эс тооцвол дээр дурдсан шиг хурал, зөвлөгөөн, чуулганууд өмнөх парламент, Засгийн газруудын үед ч зохион байгуулагдаж л байсан. Хамгийн сүүлд яг жилийн өмнө Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд утаатай шийдвэртэй тэмцэнэ гэж мэдэгдэж байв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч агаарын бохирдлын эсрэг санаачилга, алхмууд цөөнгүй гаргасан. 

Агаарын бохирдол, утаагаар овоглосон аливаа арга хэмжээ, шийдвэр, захирамж, зарлигийн үр дүн нь юу байх вэ, шийдэл нь юу вэ гэдэг нь чухал. Тиймээс агаарын бохирдол, утаатай холбоотойгоор “Төрийн гурван өндөрлөг”-ийн хамгийн сүүлд хийсэн акциудаас ямар шийдэл, шийдвэр гарав, олон нийт ямар үр дүн хүлээж байна вэ.

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн 25.2-т заагдсан “Онц байдал” зарлах онцгой эрхээ агаарын бохирдолтой тэмцэхэд ашиглахыг УИХ-д санал болгосон. Ерөнхийлөгчийн хувьд гэр хорооллын иргэдийг МСҮТ-тэй хамтарч насны ангиллаар нь орон сууц барих хөдөлгөөнд оролцуулах, айл өрхүүдийг орон сууцны зээлд хамруулах, зах зээл дээр бэлэн байгаа 80 орчим мянган айлын орон сууцанд гэр хороололд амьдардаг төрийн үйлчилгээний ажилтан буюу тогтмол орлоготой эмч, багш, онцгойгийнхон, цагдаагийнхныг цалингаар нь барьцаалан оруулах шийдлүүд санал болгож байгаа юм. Энэ талаар төрийн тэргүүн Засгийн газрын бүх төвшинд ярьж ерөнхийдөө зөвшилцөлд хүрч байгаа гэдгээ хэлжээ.

УИХ

Утаатай тэмцсэн арав гаруй жилийн эцэст эрдэмтэд, судлаачдынхаа үгийг сонсох ёстой гэдэг шийдвэрт хүрсэн. Тиймээс 2017 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Ерөнхий сайдын захирамжаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа дүгнэлт гаргах эрдэмтэд, судлаачдын ажлын хэсгийг мөн байгуулсан юм. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл эрдэмтдийн бүтэн жилийн судалгааныхаа дүнг УИХ-ын ажлын хэсэгт өнгөрсөн лхагва гаригт танилцуулжээ.

Гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн гэрийн дулааны алдагдлыг багасгах нь хамгийн гол зорилт гэж эрдэмтэд, судлаачдын ажлын хэсэг үзсэн байна. Мөн тэд зориулалтын дулаалгыг хямд өртгөөр нийлүүлэх, 20-24 хэмд дулаанаа удаанаар барьж, нөөцөлдөг дулааны аккумуляторын үйлдвэрийг барих асуудлыг шийдэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

УИХ-ын гишүүд энэ сарын 12-ны дотор нийслэлийн дүүргүүдэд ажиллаж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсохоор болжээ. Хамгийн гол нь УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг төсөл боловсруулж, түүнийгээ УИХ-ын тогтоол болгон өнгөрсөн баасан гаригт батлууллаа. Одоо хэрэгжилтийг нь Засгийн газраас шаардах л үлдэж байна. 

Засгийн газар

Засгийн газар энэ оны анхны хуралдаанаараа гэр хорооллын айл өрхүүдэд хуримтлууртай цахилгаан халаагуур ашиглуулах шийдвэр гаргав. 

Ингэхийн тулд дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болжээ.

Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагууртай болно. 

Цаашид 60 мянган айл өрх ийм халаагуур ашиглах боломж бүрдэнэ. хуримтлууртай халаагуур нь өөрийгөө цэнэглэдэг бөгөөд шөнийн цагаар цахилгааны тариф тэглэгдсэн үед хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой юм.

Тэрбумаас их наяд руу өсөх утааны ханш

Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. 

Үүний үр дүнг тооцсон нь үгүй. Шахмал түлш, гэрийн бүрээс, зуух тараахаас эхлээд олон арга чарга хэрэглэж туршсаар өнөөг хүрэв. Энэ туршилт дотоод орчны агаар шүүгч төхөөрөмж, утааны шүүлтүүртэй маскаар үргэлжилж байгаа. Гэтэл өнгөрсөн жил батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд 2025 он хүртэлх долоон жилд 9.9 их наяд төгрөг шаардагдана гэсэн тооцоо бий.
Засгийн газраас хамгийн сүүлд гаргасан шийдэл нь айл өрхүүд дулааны алдагдлаа багасгах, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуурыг гэр хорооллынхонд тараах. Эхнийх нь хувь хүн, айл өрхүүдээс 100 хувь шалтгаална. Хоёр дахь арга хэмжээг хэрэгжүүлснээр гэр хорооллын янданг 60 мянгаар бууруулна гэж тооцжээ.

Хуримтлууртай цахилгаан халаагуурын тендерийг Засгийн газар зарлаад байгаа гэсэн мэдээлэл байна. Тендер зарлаж худалдан авсан халаагууруудаа гэр хорооллынхонд үнэгүй тараах бололтой.

Бүрэн шаталттай зуух үнэгүй тараагаад үр дүнгүй хоцорсон сургамж уг нь бий. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Тиймээс агаарын бохирдлын эсрэг тусгай сан байгуулаад уг сангаас иргэдэд хүүгүй зээл олгож, хуримтлууртай халаагуур худалдан авахыг дэмжих нь оновчтой. Эс тэгвэл өмнөх жилүүдийнх шиг үр дүнгүй, буруу бодлого, менежментээр явбал агаарын бохирдол, утаанд тэрбумаар биш их наядаар мөнгө зарцуулаад ч үр дүн гарахгүй л болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. мэргэжлийн хүний үгийг сонсохгүү юмаа,86245026-утааг бууруулах арга байнаа.яриарай.фб-ээр хэлээд дуулахгүү юм.төстэй төхөөрөмж хятадууд сычуанд хийцэн байна шүү.

    0 0 Хариу бичих
  2. CREDIT OFFER Түргэн шуурхай, итгэлтэй. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа ГИФ БАНК-тай хамтран шийдэж, хувь хүмүүст болон хэрэгцээтэй бүх хүмүүст зээл олгохоор шийдсэн. Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд хувь хүмүүсийн хоорондох зээлийн хэрэгцээ, таны үйл ажиллагааг сэргээх, эсвэл төслийг хэрэгжүүлэхийн тулд банкууд таны өргөдөлд татгалзах шалтгаан болдог Бид 5000 еврогоос 500 еврогоос 500,000 еврог хүртэлх зээлийг 3% -ийн хүүтэйгээр зээлээр авах боломжтой. Бид танд туслах боломжтой газруудыг энд харуулав. * Санхүү * Ипотекийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Нэгтгэсэн өр * Зээлийн шугам * Хоёр дахь ипотекийн зээл * Зээлийн гэтэлгэл * Хувийн зээл Та банкинд хоригдож, банкинд тааламжтай байдаггүй, эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилтгүй, муу зээл, төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулдаггүй. Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай. Бусад мэдээллийн талаар бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих: [email protected] [email protected] Whatsapp: 0033644664081

    0 0 Хариу бичих
  3. 96333551

    0 0 Хариу бичих
  4. Утааг арилгана гэж мөнгө иддэгээ боль, энэ утаа чинь ойрын 10 жилд арилахгүй, Яагаад гэвэл хот дотор 5 том цахилгаан станц, 500 гаран мянган машины утаа ,200 шахам мянган гэрийн утаа олгойдож байхад арилгана гэж зүүдлээд хэрэггүй. Бас хот маань 4 уулын дунд ,Хүн чулууны хонхорт байгааг санах хэрэгтэй. Харин утаанд зарж байгаа хэдэн зуун тэрбум төгрөгөө 10-15 саяар нь хөдөө гарч амьдрах сонирхолтой ,мал маллах юмуу, ЖДҮ эрхлэх хүмүүст өгөөд орон нутагт нь юмуу хаа амьдрах газар луу явуулах хэрэгтэй тэгсэн цагт утаа багасна. Хотоос 100 мянган айл л гарвал утаа багасна.

    0 0 Хариу бичих