Утаатай тулж биш, зугтаж тэмцье

Х.Батсайхан


/Егөө/

Дэлхийн өвлийн хотуудын чуулга уулзалтад оролцсон дарга нараас хотын мээр тэр жил "Та нар утаанаасаа хэрхэн салсан бэ" гэж шал дэмий асуусан юм. Арай “альтернатив” хариулт сонсоно гэж найдсан манай хүнд скандинав андууд нь сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, хийн түлшээр хоолоо хийж, орон сууцжуулбал болно гэсэн улиг болсон хариулт өгсөн учраас одоо бодоод дэмий гэж байгаа хэрэг л дээ. Өмнө нь манайхан сүрлээр “лаг” зузаан ханатай байшин барьж агаараа цэвэршүүлэхийг оролдсон ч хэдэн байшин шатсаны дараа тэгсхийгээд больсон түүхтэй. Ингээд л өвлийн хотуудын зөвлөсөн дээр улиг болсон аргыг хэрэгжүүлж байгаа билээ. Гэтэл энэ арга нь улиг болсон хуучинсаг хэрнээ хэрэгжүүлэхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдахыг яана. Уушгины өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн ихэнх нь энэ сайхан цагийг хүлээж тэсэх ч үгүй. Шинээр мэндлэх гэж байгаа хүүхдүүд нь бол бүр гарах эсэх нь ч эргэлзээтэй. Харин амьд дээрээ зайлж холдох нь аминд өлзийтэй гэдгийг яс маханд нь тултал ойлгуулах нь илүү үр дүнтэй байж мэднэ.

Өдөр бүр хэдэн арваараа нас барж байгаа хүмүүсийг утаанаас болж нас барлаа гэдгийг дэлгэрэнгүй мэдээлж байх нь энэ аргын нэг шат. Жишээ нь “Утаанд хордож нас барсан талийгаач ... нь Дэнжийн 1000-д ганц биеэр амьдардаг байжээ. Ар гэрийнхэн нь бүгд утааны улмаас амь насаа алдаж байсан аж”, “Он гарсаар нийслэлийн төрөх газруудад эрүүл төрөлт ховор байлаа. Өчигдөр л гэхэд I төрөхөд 10 хүүхэд төрснөөс хоёр нь сэтэрхий уруултай, хоёр нь салбархай чихтэй, үлдсэн зургаа нь бүтэлттэй байжээ” гэсэн мэдээ телевиз, радиогоор байнга явна. Үүнтэй зэрэгцээд хотын удирдлагууд ярайтал зогсчихоод “Бид утаанаас салахын тулд юу ч хийхгүй байсны үр дүнд үхэл хагацал урьд хожид үзэгдэж дуулдаагүйгээр ихэсч байна. Цаашид бид утааг багасгахын тулд хуруугаа ч хөдөлгөхгүй” гэх мэт утгатай мэдэгдэл хийгээд л. Тэгэнгүүтээ хөдөө аймгуудын эмнэлгүүдийг үнэ төлбөргүй болгочих хэрэгтэй. “Нэг бол Улаанбаатартаа үлдээд үх, эсвэл хөдөө очиж өвчнөө эмчлүүлээд хэдэн жил амьд яв” гэсэн сонголтыг л тулгах нь чухал.

Харин Төрийн захиргааны байгууллагуудыг гэр хороолол байхыг хориглосон хуультай шинэ хотод шилжүүлж, хөдөөгийн иргэнд олгох газар, ахуй хангамжийг нэмэгдүүлээд өгөх нь энэ ажлын дараагийн шат байх юм. Ингээд үзээд алдвал яасан юм бэ, дарга нар аа. Энэ бол хүчээр нүүлгэх гэх мэт олон альтернатив аргуудын зөвхөн нэг нь шүү дээ.

 Жүдо бөхийг үндэслэгч Ж.Кано туялзсан мөчирнөөс санаагаа авсан гэдэг. Айкидо хэмээх бие хамгаалах урлаг ч дайсныхаа хүчийг сөрж биш, дагуулж ялдаг. Түүн шиг утааг багасгах гэж үйлээ үзсэнээс хүчийг нь дагуулж муриад шинэ, хот балгад сүндэрлүүлж, хөдөөгөө эзэнтэй болгоод авбал яасан юм бэ. Өнгөрсөн хугацаанд өч, төчнөөн мөнгө зарлаа шүү дээ. Дарга нар аа. та нар хүний зовлонд цадах болоогүй юу.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ЗУГТААХ ЧАДАЛТАЙ НЬ ХЭД НЬ БАЙДАГ ЮМ БОЛДОО ХӨӨРХИЙ

    0 0 Хариу бичих