Засгийн газар "Эрдэнэт"-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргалаа

Eagle.mn


Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Улмаар тус үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Ч.ХҮРЭЛБААТАР: -Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” ХХК, Монголросцеветментийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг зэргээс суутган тооцож төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа. ОХУ-ын талд 400 сая 270 мянган ам.долларыг “Монголын зэс” корпорац төлсөн. Энэ мөнгийг харилцан суутгах замаар шийдвэрлэх саналаа Засгийн газарт танилцуулж хэлэлцүүллээ. Ингэхдээ Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээлүүд, 217 тэрбум төгрөгийн концессыг хүчингүй болгож мөнгөн дүнг нь суутгалд оруулж тооцсон. Мөн “Монгол зэс” корпорац руу шилжсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ногдол ашгийг суутгалд тооцлоо. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгалын тооцоо гарлаа. Үүнтэй холбогдуулан 49 хувийг төрийн өмчид авахыг холбогдох байгууллагуудад даалгалаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2017 оны УИХ-ын 23 тогтоолыг бүрэн биелүүлж байгаа юм. 

-Та Засгийн газрын гишүүнээр томилогдоогүй байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой УИХ-ын шийдвэрийг эсэргүүцэж байсан. Харин одоо Засгийн газрын энэ шийдвэрийг зөв гэж үзэж байна уу?

-УИХ-ын тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газар энэ хүрээнд “Монгол зэс” корпорацтай хоёр сар орчим хэлэлцээр хийсэн. Засгийн газар олонхиороо шийдвэр гаргадаг. Тиймээс хэн нэг нь Засгийн газрын шийдвэрийн эсрэг байх тухай ойлголт байхгүй.

-Засгийн газар шийдвэрээ гаргахаасаа өмнө “Монгол зэс” корпорацтай хэрэг зэрэг сайн ойлголцсон бэ?

-Засгийн газрын ажлын хэсэг “Монгол зэс” корпорацынхантай дөрвөн удаа уулзалт, яриа хэлэлцээ хийсэн. Ингэхдээ УИХ-ын 2017 оны 23 дугаарт тогтоолын гуравт заасны дагуу суутгал тооцоо хийх саналтайгаагаа илэрхийлсэн. Тэдний хувьд санал нийлэхгүй зүйлүүд ч байгаа. 

Ц.НЯМДОРЖ: -УИХ хурлын тогтоол гараад бараг жил болж байна. Өмнөх Засгийн газар харилцан суутгал хийх арга хэмжээг огт хийгээгүй. Гэвч энэ хооронд нь Улсын бүртгэл, оюуны өмчийн газар 100 хувь төрийн өмч гээд бүртгэчихсэн юм билээ. Үүнтэй нь холбоотой гомдол явсаар байгаад Дээд шүүх дээр очсон. Дээд шүүх 49 хувийг нь “Монгол зэс” корпорацын нэр дээр бүртгэх шийдвэр гаргасан. Үүний дагуу бүртгэл хийгдсэн. Өнөөдрийн гарч байгаа шийдвэрийн шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд ОХУ-д төлсөн мөнгөтэй нь төсвөөс шууд болон тойруу замаар авсан мөнгөтэй нь тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийгээд “Эрдэнэт”-ийг 100 хувь улсын өмч гэж бүртгэх шийдвэр гаргалаа. Өмнө нь ийм шийдвэр гарч байгаагүй. Ялгаа нь үүндээ л байгаа юм. Одоо Засгийн газар, УИХ-ын шийдвэр хэрэгжинэ.

-“Монгол зэс” корпорац дахиад шүүхэд хандвал яах вэ?

-Гомдол гаргах эсэх нь тэр хүмүүсийн асуудал.

-Энэ асуудал Арбитрийн шүүх рүү ч шилжих магадлалтай. Ингэсэн тохиолдолд Засгийн газар их хэмжээний төлбөрт унах эрсдэлтэй юм биш үү?

-Арбитрийн шүүхэд хандах эсэх нь тэр хүмүүсийн асуудал. Тийм алхам хийвэл Засгийн газар өөрийнхөө шийдвэрийг зөв гэдгийг батлах баримтуудаа гаргаж өгнө. Ер нь 2016 оны зургадугаар сарын Засгийн газрын шийдвэр хууль бус гэдгийг ажлын хэсэг тогтоосон. 2016 оны зургадугаар сард Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө таван сая ам.долларын гүйлгээ ОХУ руу хийгдчихсэн байсан. Бүр дөрөвдүгээр сарын 21-ний өдөр. Гэрээ нь хүчинтэй, Засгийн газар хувьцаагаа хэрхэх тухай шийдээгүй, УИХ-д ямар нэгэн танилцуулга хийгдээгүй байхад төлбөрөө төлөөд эхэлчихсэн байна гэдэг чинь хуйвалдаан аль хэдийнэ эхэлчихсэн байсан гэсэн үг. Энэ мэт хууль бус зүйл олон болсон.

Г.ЗАНДАНШАТАР: -2014 онд “Кью Эс Си” компани төсвөөс ямар нэгэн хөрөнгө авахгүйгээр Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртлэх 33.4 км төмөр зам, 95 км хатуу хучилттай авюто зам барих Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас, Хүдэр сум хүртэл цахилгаан дамжуулах шугам барих, дэд станц барихаар тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулсан. Гэвч 2015 онд энэ гэрээгээ барьж ашиглах гэрээ болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, барьж ашиглаж, шилжүүлэх гэрээгээ барьж, ашиглах гэрээ болгон өөрчилсөн. Ингэснээр 240 тэрбум 772 сая төгөгийг улсын төсвөөс авчихсан. Энэ нь концесс, төсвийн үндсэн зарчмыг алдагдуулсан. Хэвийн хэвшлийн хийж байгаа ажлыг улсын төсвийн мөнгөөр санхүүжүүлж болохгүй гэсэн төсвийн үндсэн зарчмыг зөрчсөн. Тиймээс энэ мөнгийг буцааж авах шийдвэр гаргасан. “Кью Эс Си” компани нь “Монгол зэс” корпорацтай харилцан хамаарал бүхий этгээд учраас энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд суутган тооцож байгаа юм. Цаашдаа “Эрдэнэт” ХХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашигтай ажиллуулахын тулд олон нийтэд тодорхой хувийг нь хөрөнгийн биржээр хувьчлах асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан.

-Тэгэхээр “Эрдэнэт”-ийн тодорхой хувийг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжаална гэж ойлгож болох уу?

-Хуулиараа бол стратегийн ордуудын 10 хувийг олон нийтэд эзэмшүүлэх ёстой. Засгийн газар төрийн өмчийн компанийг олон нийтийн хяналттай болгох олон улсын туршлагыг судалж хуулийн хүрээнд шийдвэр гаргах чигтэй байгаа.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. 2016 onii zasgiin gazriin shiidver huuli bus geed baihad deed shuuh nogoo tald shiidver gargaad baigaagiib uchir yu ve? Deed shuuh gej yatsan baiguulga ve? Hahuuli avaad baina uu?

    0 0 Хариу бичих
  2. Дөчин долдугаар зүйл. 1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.

    0 0 Хариу бичих
  3. Одоо Элбэгдорж Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Эрдэнэтийн үүсмэл орд буюу овоолгыг хуйвалдаж барьцаалж Ачит Ихт компанийг байгуулсан П.Цагааныг бас шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэн 100%төрийн өмчид буцаан авах хэрэгтэй. Төр ингэж дампуурч болохгүй ш дээ.

    0 0 Хариу бичих
  4. Бүх зүйл тодорхой байна ш дээ. Маш зөв гаргалгаа гаргасан байна. Засгийн газрын хурлаас өмнө 5.0 сая доллар шилжүүлж хуулийн хугацаа авч байсаныг хашир хуульч анзаарч Дарханы төмрийн үйлдвэрээр нь дарамталж амыг нь хаасан байна. Хамгийн гол нь хэн зохион байгуулсан, хэн ингэж төрийн өмчийг идэж болдог гэсэн логикийг эхлүүлэв гэдгийг илрүүлнэ гэдэгт найдаж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан хүнийг албан тушаал хашиж байхад ял үүрүүлж болдогыг харуулж байхад буусан хүнээс ял асууж болохгүй юу байхав дээ. Уг нь манай ардын амьдралын алтан сургаальд Шунал ихэдвэл шулам болдог, Их идвэл гэдсэнд халтай, их шунавал илдэнд хадаастай гэсэн философи бас байдаг ш дээ.

    0 0 Хариу бичих
  5. Танай телевиз Хятадын тухай ярихаа болихгүй юмуу? Байнга Хятад хятад хятад орон гэж байх юм.

    0 0 Хариу бичих
  6. Маш сайн байна. Баярлалаа.

    0 0 Хариу бичих
  7. Энэ улсад засгийн газар нь дээд шүүхийнхээ шийдвэрийг эсэргүүцээд байвал шүүх,прокурорын хэрэг байгаа юмуу???Одоо ОУ-ын арбитрын шүүхийн өмнө манай ЗГ яах юм болдоо? Хэрвээ ОУ-ын арбитрын өмнө ЗГ буруутвал түүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Хувийн компани бол ч яах вэ, өөрийнхөө хөрөнгөөр төлөх биз.

    0 0 Хариу бичих
    • Яг үнэн. Төрийн инстутицийн үүрэг роль алдагдаж шүүхээс гадуур шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг болох гэж байгаа юм байхдаа

      0 0
  8. ЁСТОЙ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ТЭР ЛУЙВАРЧИД ХУДАЛ ҮГИЙГ 1000 ДАВТАХААР ҮНЭН БОЛДОГ ГЭЭД ӨӨРСӨДДӨӨ ИТГЭЭД ЯВААД БАЙНА. АРД ТҮМНЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨР АВЧААД ХУВИЙН ӨМЧ ГЭЖ ХУЦААД БАЙГАА М ДАА, ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА

    1 0 Хариу бичих
  9. Эрдэнэтийн луйврыг таслан зогсоосон зөв шийдвэр гаргасанд баяр хүргэе.

    0 0 Хариу бичих
  10. Монголын ард тумэн болон МАНд баяр хурэгье. Одоо хээл хахуульд нэвт шингэсэн АНы томилсон шуухч прокуроруудыг хуу халж ял оноох хэрэгтэй

    1 0 Хариу бичих
  11. SHUUHIIN SHIIDBERIIG BELUULEHGUI YUM BOLDEED SHUUH HUULI ZUIN UAM SAIDIIG NIBUGDIIG NI ZAILUULAA AMOROO

    0 1 Хариу бичих
  12. Засгийн газар нэн зөв шийдвэр гаргасан байна. Баяр хүргэе. Хувийн өмчийг үндэсний аюулгүй байдал, нийгмийн ашиг сонирхолын үүднээс экспроприаци хийх, реквизаци хийх, конфиксаци хийх замаар нийгэмчлэх (төрд авах) олон улсын эрх зүйн онол, практик байдаг бөгөөд хуулиар энэ эрх нь УИХ-д хадгалагдаж байгаа. УИХ нь Эрдэнэтийн 49 хувийг нйигэмчлэх (төрд авах) шийдвэрээ нэгэнт гаргасан. УИХ-ын энэ шийдвэр нь хуулийн нэгэн адил хүчинтэй. Дээд шүүх Монгол улсын хуулийг (УИХ-ын шийдвэрийг) өөрөө зөрчиж Эрдэнэтийн 49 хувийг хувьд өгөх шийдвэр гаргасан байна. Хууль зөрчсөн Дээд шүүхийн шийдвэр нь хүчин төгс бус шийдвэр юм.

    2 1 Хариу бичих
    • том хуцдаг байна шд, хаха, дээд шүүхийн хуулийн дагуу ажилладаг байгууллага, дээд шүүх хууль зөрчсөн эсэхийг шийддэг байгууллага, УИХ бол хууль баталдаг байгууллага, хэрвээ засгийн газар дураараа шийдвэр гаргаж болдог юм бол шүүх, цагдаа болон хүчний бусад байгууллагыг татан булга, их мэдэмхийрч гэнэ

      1 0
    • Дураараа ш дээ...

      0 0