Цалин "буулаа"

Л.Эрдэнэжаргал


Аливаа төр түшмэдээ тэжээж, өөрийгөө тогтоон барихын тулд ард иргэдээсээ олон төрлийн татвар авах ганц гол үйл хийдэг хэмээн Америкийн эдийн засаг, улс төр судлаач хэлсэн нь бий. Монгол үгэнд ч төр оршихуй дор татвар буй, татвар буй дор Төр буй гэдэг.

Татвар нэмэх нь төсөв тэлэх хамгийн хурдан, боломжит арга хэдий ч хувь хэмжээ, тухайн татварын нэмэгдэлд өртөж буй иргэд, ААН, байгууллагуудад хэр хэмжээний дарамт ирэх, үүнээс үүдэн гарах хүндрэлүүдийг тооцолж үзээгүй байна гэх шүүмжлэл эдийн засагчдын зүгээс төдийгүй бизнес эрхлэгч, иргэдийн амнаас гарах болсон.

Шинэ онд биднийг тааварлашгүй олон сайхан зүйлстэй хамт татварын 5 төрлийн нэмэгдэл хүлээж байгаа. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болсон манай улс төсвийн орлогоо нэмэгдүүлж, зарлагаа танах шаардлагатай тулгарсан гэдэг. Зайлшгүй тулгарсан уг шаардлагыг татвар нэмэх замаар шийдвэрлэхээр болсон нь олны дүргүйцлийг хүргээд байгаа билээ. 

Бид л өөрсдөө “цалин буулаа” гэж ярьдаг нь цалингийнхаа хэмжээг бууруулах амны билэггүй үгнээс боллоо гэх хошигнолын ард инээд бус эмгэнэлт явдал, ирээдүйгээ хараагүй, эдийн засгийн тооцололгүй, энгийн амьдралаас тасарсан, өндөр хөгжилтэй орнуудын жишээг шууд хуулбарласан үйлдэл болжээ. Татвар нэмэх нь төсөв тэлэх хамгийн хурдан, боломжит арга хэдий ч хувь хэмжээ, тухайн татварын нэмэгдэлд өртөж буй иргэд, ААН, байгууллагуудад хэр хэмжээний дарамт ирэх, үүнээс үүдэн гарах хүндрэлүүдийг тооцолж үзээгүй байна гэх шүүмжлэл эдийн засагчдын зүгээс төдийгүй бизнес эрхлэгч, иргэдийн амнаас гарах болсон.

Зоосны хоёр талд буюу үргэлж Сүлд бууна 

Хувь хүний орлогын төвшингөөс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах хувилбарыг Засгийн газар танилцуулсан. Түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн гэдгээ зарлав. Ийнхүү шатласан татварын тогтолцоонд шилжсэнээр бага орлоготой иргэдийн одоо төлж буй ХХОАТ-ын хувиас бага ачаалал үүрнэ, татварын төлөгч иргэдийн 85 хувьд татварын дарамт багасах болно гэсэн сайхан үгсээр өөрсдийн үйлдлээ цайруулж байгаа юм. Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх ХХОАТ-ыг шүүмжилж буй гол шалтгаан нь шударга бус, ялгаварлан гадуурхсан явдал болж байгаа юм. ХХОАТ-ын хувьд нийт татвар төлөгчдийн дийлэнх хэсэгт одоогийн 10 хувийн татвар ногдуулж байгааг хэвээр үлдээж, нийт татвар төлөгчдийн 5.4 хувийг 15-25 хувийн татварын хувь хэмжээнд хамруулна гэж тайлбарлажээ. ХХОАТ-ын нэмэгдэлтэнд нэн тэргүүнд өртөх татвар төлөгчдийн дийлэнх нь уул уурхайн салбарынхан юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд дурдсанаар манай улсын хамгийн өндөр цалинг уул уурхай олборлолтын салбарынхан авдаг, тэдний дундаж цалин 2.2 сая төгрөг байгаа аж. Уул уурхайн салбарын ажилчид нь Монгол Улсын нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дөрвөн хувийг эзэлдэг гэсэн тооцоо ч бий. Судалгааны дүнд гарсан 2.2 сая төгрөгийн цалинг өдөрт 12 цаг, сард 230 орчим цаг буюу жирийн албан хаагчдаас 50 орчим цагаар илүү ажиллаж, амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, жилийн 365 хоногийн 250 өдрийг гэрээсээ хол, үр хүүхэд, ар гэрийнхнээсээ тусдаа өнгөрүүлж буй хүмүүс авдаг гэдгийг хууль тогтоогчид мэддэггүй бололтой. Эндээс л татварыг орлогод ногдуулах, үе шаттайгаар нэмэх гэх мэт аргууд нь тийм ч тохиромжтой биш, шударга биш гэдэг нь харагдана. Үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцлийн эсрэг эрх баригчид ОУВС-гийн шаардлагаар ийм арга хэмжээ авлаа гэж байгаа нь ч эргэлзээтэй. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер “ОУВС-гийн оролцоо бол бодлогын зөвлөгөө өгөх, хандивлагчдаас санхүүжилт олж авахад дэмжлэг үзүүлэх юм. Валютын сангийн зүгээс ямар нэгэн нөхцөл тулган тавьдаггүй” гэж “Өдрийн сонин”-ы №270(5837) дугаарт өгсөн ярилцлагаа дурджээ. ХХОАТ-ыг нэмж байж олж авах 50 тэрбумын оронд төсвөөс хэмнэж болох олон зарлага байгааг УИХ-ын зарим гишүүн хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Харамсалтай нь эрх мэдэлтнүүд өөрсдийн зардлаа хэмнэх тухайд биш иргэдийнхээ бүсийг чангалах тал дээр илүү анхаарч ажиллав. 

Хамгийн сонирхолтой нь манай уул уурхайн салбарт ажиллаж, хамгийн өндөр цалинг нь авдаг гадаад ажилчид татварын уг нэмэгдэлтэд хамрагдахгүй аж.

“Оюутолгой” ХХК-ийн Үйлдвэрчний хорооны дарга Г.Баярмаа

Манай улс 20 орчим оронтой давхар татварын гэрээтэй байдаг. Тэр гэрээнд хамрагддаг орны ажилтан, ажиллагсад Монгол Улсад хувь хүний орлогын албан татвар төлдөггүй. Тухайн улсынхаа татварын хуульд хамрагддаг. Тэгэхээр өндөр цалинтай гадаад ажилтнуудын олонхи нь хамрагдахгүй. Нэг үгээр хэлбэл бид монгол ажилтнуудынхаа цалингийн татварыг дангаар нь ярьж байгаа гэж ойлгож болно.

Үүн дээр нэмээд татварын дарамт хөдөлмөр эрхлэгчдийн хэдэн хувьд дарамт үүсгэж байна, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нөөц баялгуудаас тухайн иргэн, ААН, компаниуд сэргээгдэхгүй нөөц баялгийг нь хэрхэн ашиглаж хэдий хэр ашиг олов, нөгөө талд сэргээгдэх нөөцийг ашиглаж хэдий хэр ашиг олов гэдгийг тооцох, үүнээсээ хэнд хэдэн хувийн татвар ногдуулах гэхчилэн байгалийн баялаг, нөөцийг эзэмшсэн байдлаар нь татварын бодлогоо тодорхойлж, хувь хэмжээгээ тогтоох хэрэгтэй юм. Иргэдийн орлого, халаасанд орж буй мөнгөтэй шууд хамаатуулан тогтоосон татварын хувь хэмжээний цаана мөнгөний худалдан авах чадвар давхар яригдаж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй биз. 

Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл 

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхдээ 3 жилийн дотор 5 хувьд хүргэж 2018 онд 117.1 тэрбум, 2019 онд 97.7 тэрбум төгрөг улсын төсөвт бүрдүүлэхээр тооцжээ. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 11 хувь төлдөг бол 2018 онд ажилтан, ажил олгогч тус бүр нэг нэг хувиар, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хувь хүний НДШ 11.5 хувь, ажил олгогчийнх 12.5 хувь болно гэсэн үг юм. ХХОАТ-ыг шатлалтай болгож, бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж байгаа ч НДШ-ийг хувьчлан нэмэгдүүлэх нь эргээд дийлэнх иргэдийн цалинг бууруулахад хүргэж буй юм. ХХОАТ, НДШ-ийн татварыг нэг цаг хугацаанд, зэрэг нэмж байгаа нь иргэдийн орлогыг мэдэгдэхүйц бууруулж байгаа. Нэг орлогоосоо авч буй хоёр төрлийн татварыг зэрэг нэмж байгаа гэсэн үг.

Хэдийгээр ААН, байгууллага, иргэд улсаас тогтоосон татварыг шударгаар төлөх үүрэг хүлээдэг ч татвар төлөгчиддөө буцаж очих төрийн үйлчилгээ муу, авлига, хээл хахуульд автагдсан төрийн төсвийг зузаатгахаар өрхийн төсвөөсөө тануулах нь хэнд ч шударга бус санагдах нь дамжиггүй. 

Монголын аж ахуйн нэгж, ажил олгогчид, ажилтнуудын дунд байдаг нууц биш нууц нь НДШ төлдөг цалин, гар дээрээ авч буй бодит цалин хоёр байдаг. Бүхний мэддэг энэ зүйл нууц биш нууц байдгийн гол нь халааслах мөнгөтэй нь, аль алиных нь ашиг сонирхол огтлолцдогтой шууд холбоотой. Эрүүл бус татварын тогтолцоо нь жилээс жилд улам гажуудаж буй нөхцөлд олж буй ашгаа шударга бус татварт шууд өгөх хэтэрсэн шударга хүн хэр олон гарах бол. ХХОАТ-ын шатлалаар хуурсан НДШ-ийн хувийг нэмэгдүүлэх нь далд, муу бүхнийг улам л өөгшүүлж буй хэрэг юм. Товчхондоо Монголд ирэх жилээс иргэдийн цалин 1 500 000-д хүрэлгүй царцахын зэрэгцээ НДШ-ийнхээ хувийг тооцсон ажил олгогч, ажилтны хоорондын нууц хэлэлцээрээр цалингийн хэмжээ ажил олгогч, ажилтны хоорондын нууц тохиролцоогоор татвараас зайлсхийхсэн хэмжээнд хүрч тогтмолжих нь тодорхой болно гэж зөгнөх байна. 

Хадгаламжийн хүүгийн орлогоос авах татвар

Иргэд хадгаламжаа жижиглэх буюу 13 сарын хугацаатай хадгаламж байршуулах зэргээр хуулийн цоорхойг овжноор ашиглаж байсны учир өнөө мөрдөгдөж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн иргэдийн хадгаламжийн хүүд ногдуулах заалтын хугацааг наашлуулж орхив. Мэдээж энэ шийдвэрт өнөөх л ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон нь нөлөөлсөн л гэдэг. Хугацаа наашлаад зогсохгүй татвар ногдуулах хадгаламжийн хэмжээ, хугацаа үл хамаарах болов. Энэ өөрчлөлтөөс 2017 онд 43 тэрбум , 2018 онд 67 тэрбум, 2019 онд 70 тэрбум төгрөг тус тус олох боломжтой гэж тооцолжээ. 

Иргэдийн дунд үүсээд буй нэг буруу ойлголт нь төр миний хадгалж буй мөнгөнөөс шууд аваад байна гэх төөрөгдөл юм. Нэг талаар иргэдийн хадгаламжийн мөнгөнөөс татвар авах, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь өөр ойлголт ч гэлээ ийм шийдвэр гаргах нь зөв цагаа олсон эсэхээс үр дүн нь хамаардаг. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь хүн амын орлогын албан татварын нэг хэлбэр юм. Цаг хугацаагаа олсон улс орны эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд тусгалаа олсон цагт энэ төрлийн татварыг эсэргүүцэх эдийн засагч, иргэд гарахгүй л болов уу. Гол нь цаг хугацааны тохироо нь бүрдсэн эсэх, дундаж буюу улс гэрээ үүрч дүүрч яваа дундаж давхрагынхныхаа нуруун дээрх ачааг хүндрүүлэхийн зэрэгцээ халаасан дахь хэдээс нь давхар давхар суйлаад байх нь алсын хараатай, зөв бодлого шийдвэр мөн үү гэдэгт асуудлын гол оршино.

Бодит байдалд хадгаламжийн хүүгийн орлогоос авч буй татвар нь товчоор, муухайгаар тайлбарлавал иргэн, банк хоёрын дундын хэлцэлд төр хөндлөнгөөс шууд оролцож, нэг үгээр боловсон дээрэм хийж байгаа юм. 

Гэхдээ хадгаламжийн хүүгийн орлогоос авах татварыг шууд буруутгах аргагүй. Ийм зүйл болбол иргэд хадгаламжаа татна, арилжааны банкууд дампуурна, мөнгөний эргэлт багасна гэж байгаа нь иргэдийн эдийн засгийн мэдлэг хомс байгааг илтгэнэ. Мөнгөө банкинд хадгаламж хэлбэрээрэ байлгахын ашиг тус нь инфляцид өртөхөөс хамгаалж буй нэг хэлбэр болдог. Хэрэв хадгаламжийн хүүгийн орлогоос авах татвараас зайлсхийхээр хадгаламжаа цуцалж, бэлэн мөнгөө сейфэндээ хадгалах гэж байгаа бол та эдийн засгийн мэдлэг тун маруухан хүн юм гэх байна. Сүүлийн жилүүдийн инфляцийн төвшинг харахад жилээс жилд нэмэгдэж ирсэн байдаг. Төв банкны бодлогын хүү гэж нэг ойлголт энд дунд орж ирнэ. Энэ нь эрсдэлгүй хүү буюу таны хадгаламжинд дахь мөнгийг инфляцид өртөхөөс хамгаалж буй бодлогын чанартай зүйл.
Тиймээс хадгаламжийн хүүгийн орлогоос авах татварыг шууд буруутгах нь өрөөсгөл гэсэн үг. Гол нь цаг хугацаагаа хэр мэдэрсэн байна вэ гэдэгт гол нь байгаа хэрэг.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Татвар төлөхгүйбайж болдог юм болов уу

    0 0 Хариу бичих
    • Оролдоод үз

      0 0