Л.Насанцэнгэл: Мансууруулах бодис хэрэглэгчдийн гол эмчилгээ нь сэтгэлзүйн эмчилгээ

Мансууруулах бодисын хэрэглээ, урьдчилан сэргийлэх, сэтгэл заслын эмчилгээний талаар СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.

-Сонирхож  хар тамхи хэрэглэсэн, мансууруулах бодисоос хамааралтай болчхоод хэрэглээд байдаг хүмүүс их байдаг уу?

-Мансууруулах бодисыг донтон хэрэглэгчдийн дийлэнх нь гадаад улсад хэрэглэж хэвшээд ирсэн хүмүүс байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд мансууруулах бодисонд донтох эмгэгийн улмаас мансууруулах бодисонд бие, сэтгэлийн асар их хамааралтай болоод өчнөөн зовиур шаналгаа илэрсэн байдаг.

-Мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг ямар шинж тэмдгээр мэдэх боломжтой вэ?

-Ойр дотнын хүн чинь согтуу юм шиг үл ойлгогдох төлөвтэй, нойргүйдэл, тайван биш, хэлсэн үг ойлгохгүй ер нь өмнөхөөсөө ааш зан нь хэвийн биш болоод байвал анзаарах хэрэгтэй. Ер нь эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ аливааг сонирхож шохоорхдог өсвөр насан дээр нь хүүхдүүдтэйгээ ажиллаж, анзаарч байх хэрэгтэй. Эцэг эхчүүд нь өсвөр насны хүүхдүүдтэйгээ маш сайн ажиллахыг хуульчилж өгснөөр Швейцарт мансууруулах бодисын хэрэглээ буурсан байдаг.

Энэ төрлийн донтолтын гол эмчилгээ урьдчилан сэргийлэх үйлдэл нь сэтгэл зүйн эмчилгээ. Олон нийт эм өгөөд эмчилчихдэг юм шиг хандлагатай. Гэтэл эмийн аргаар эмчилсэн эмчилгээний үр дүнд өндөр хөгжилтэй орнуудад тав хүртэлх хувь л байдаг.

-Ямар хугацаанд эмчилгээ хийдэг вэ?

-Сэтгэлзүй сэтгэл заслын хөтөлбөр гэдэг бол урт хугацааны хөтөлбөр байдаг. Архинд донтох эмгэгтэй төстэй хэрнээ 60 дахин их хордуулдаг, донтуулах үйлчилгээ үзүүлдэг учир урт хугацаа шаардагддаг. Эхлээд 28 хоногийн сэтгэл заслын эмчилгээ хийдэг цаашдаа долоо хоног тутамд сэтгэл зүйн зөвлөгөө зэргээр доод тал нь нэг жил зургаан сар, түүнээс дээш насан туршдаа эмчилгээнд хамрагдаж байж эрүүл болно.

-Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрт танай байгууллагын оролцоотой ажиллаж байна вэ?

- 2015 онд 90 байсан мансууруулах бодис хэрэглэж экспедицэд орсон хүний тоо 2016 онд 174 болж өссөн нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, илрүүлэлт сайжирсантай холбоотой. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хууль байдаг. Үүний үндсэн дээр 2017-2019 онд хэрэгжих  Хар тамхитай тэмцэх үндсэний хөтөлбөр батлагдсан. Үндэсний хөтөлбөрийг дагаар 2017 оны тавдугаар сард нэгдүгээр шатны төлөвлөгөө гарсан. Энэ дотор 43 ажил багтсан. Үүнээс 20 нь эрүүл мэндийн салбартай хамааралтай.

СЭМҮТ-ийн хувьд оношилгоо, эмчилгээний стандартын шинэчлэхээр 11 стандарт боловсруулан ажиллаж байна. Мөн сэтгэцэд нөлөөлөх 19 шинэ эмийн сүүлийн 3 жилийн дотор хэрэглэж байна. Шээс, шүлснээс 13 төрлийн шинжилгээ авах шинэ арга, сорилуудыг нэвтрүүлээд ажиллаж байна.

Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар сургагч багш бэлтгэж байна.

-Танай төвд эм тариа хүрэлцээтэй байж чаддаг уу, эмчилгээний төсөв хэр хангалттай байдаг вэ?

-Манайх сэтгэл засал, сэтгэц нөхөн сэргээх эмчилгээ хийдэг, улсын хэмжээний тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Эмийн төсөв тийм ч хангалттай биш, нэг тэрбум төгрөг байдаг. Гэхдээ төсөвтөө тохируулаад Монгол Улсад бүртгэлтэй, стандартын шаардлагыг хангасан эм тариаг хэрэглэдэг. Ар гэрт эмч тариа захин авч ирүүлэх шаардлагагүй. Мөн эмчилгээнд хэрэглэх эмүүдийг зөөж тээвэрлэх, хадгалахад онцгой шаардлага хяналт тавигддаг тул ар гэрийнхэн нь ч авч ирэх боломжгүй.

-Манай улсад хийгдэж байгаа эмчилгээ  бусад улс оронд хийгдэж байгаа эмчилгээнээс хэр ялгаатай байдаг вэ?

-Сэтгэл заслын хувьд орчин үеийн эмчилгээг хийж чадаж байгаа. Эм тарианы хувьд зарим нэг бодисыг орлуулах эмчилгээг оруулж ирэх шаардлагатай байгаа.

-Мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хүнийг эхлээд хаана дагуулж очих ёстой байдаг юм бол?

-СЭМҮТ-ийн харьяа сэтгэцийн тасаг 21 аймаг, есөн дүүрэгт байгаа. Хэрэв болзошгүй шинж илрэх юм бол харьяа дүүргийн сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандах ёстой. Гэхдээ юуны өмнө хүүхэдтэйгээ ярилцаад үзэх хэрэгтэй. Магадгүй өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хямралд орсон байж болзошгүй.

-Өсвөр насны хүүхдүүд ямар тохиолдолд мансууруулах үйлчилгээтэй бодис хэрэглээд байна вэ?

-Олон нийтийн сүлжээгээр өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн буруу сурталчилгаа явдаг. Үүнээс болоод хүүхэд шохоорхож хэрэглээд хамааралтай болох тохиолдол бий. Донтсон хүн алсдаа олон эрхтний дутмагшилд орж амиа алддаг. Тиймээс өөр аргаар стресс бухимдлаа тайлах чухал болохоос ямар нэгэн зүйлд автаж мансууруулах бодис хэрэглэж болохгүй.

-Хар тамхины хэрэглээг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Дэлхий бусад улсуудын адилаар хар тамхины хэрэглээ манай улсад ч нэмэгдэх хандлагатай болоод байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхийн оролцоо, хүмүүжил маш чухал. Үүний тулд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цаг гарган ярилцах, харилцаа үүсгэж байх хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yatsan horvoo ve!!!!

    0 0 Хариу бичих