Ц.Цэрэнпунцаг: Нийслэлийн хэмжээнд “Камержуулалт-2” аяныг үргэлжлүүлэхээр саналаа өгсөн

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний гаралтыг хэрхэн бууруулж байгаа талаар  Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Үр дүн нь хэр гарч байна?

-Нийслэл хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт түүний судалгаа, гэмт хэргийн цахим зураглалд үндэслээд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх ажилдаа иргэд олон нийтийн саналыг авах, тэдний саналыг дэмжих талд дээр түлхүү ажиллаж байна. Мөн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүн гэмт хэргийн гаралт буурч, халуун мөрөөр нь илрүүлэх  ажлуудад дэвшил гарсан.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жилд хэдэн төгрөг төсөвлөж, зарцуулагддаг вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд тухайн жилийн хүү, торгуулийн орлогын 40 хүртэлх хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд заруулна гэж заасан хэдий ч бодит байдал дээр хэрэгждэггүй.

Энэ жилийн хувьд Нийслэлийн урьдчилан сэргийлэх ажилд хоёр тэрбум гаруй төгрөг төсөвлөгдсөн.

-Энэ төсөв зөвхөн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулагддаг уу? Эндээс цалин олгогддог уу?

-“Олон нийтийн цагдаа”, “Оюутан цагдаа” зэрэг хөтөлбөрүүдэд ажиллагсдад олгох урамшуулал, дүрэмт хувцсанд ихэнх нь зарцуулагддаг. Бусад сургалт сурталчилгааны ажилд бага хувь нь зарцуулагддаг.

-Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэчнээн хувь нь камержуулалтад хамрагдсан бэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэр болон аж ахуй нэгжүүдийн арав орчим хувь нь камержуулалтын системд хамрагдсан байгаа.  Ирэх жил гэмт хэргийн гаралт ихтэй эмзэг цэг, нутаг дэвсгэрийг гаргаж “Камержуулалт-2” аяныг үргэлжлүүлэх саналаа өгсөн байгаа. Төсөвтэй холбоотойгоор харьцангуй цөөн камер суулгах төлөвтэй байна.

Сургуулийн орчинг камержуулах талаар ихээхэн анхаарч, тодорхой ажлуудыг хийж байгаа. Мөн гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд дээр цагдаагийн ажилтныг нэмэлтээр ажиллуулж тогтмол хугацаанд багш нийгмийн  ажилтнуудтай хэлэлцүүлэг, уулзалт хийж байгаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)