“Үндсэн хуулийг өөрчлөөд бүх зүйл сайхан болно гэвэл том эндүүрэл”

С.Бүжин


Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалж буй. Ажлын хэсэг Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар өнгөрсөн долдугаар сараас хойш орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, нэгтгэж дуусчээ. Тодруулбал, улсын хэмжээнд 330 орчим мянган хүн саналаа өгснийг архивын 2706 нэгж болгон цахим мэдээллийн санд оруулаад буй юм. Энэ ажлын дараа буюу өнөөдөр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд хуульч, академич С.Нарангэрэл “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр “1999 онд гэв гэнэт, хуйвалдааны журмаар оруулсан монголчуудын дунд  "дордохын долоо" хэмээн нэрлэгдсэн нэмэлт, өөрчлөлт Монгол Улсад хөгжил, дэвшил авчирсан уу гэдэг асуултыг иргэний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийсэн 1999 оны парламент, үүнийг баталгаажуулсан 2000 оны парламентын гишүүдээс хариуцлагатайгаар асуумаар байна. Өнөөдөр Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт, өөрчлөлтийг дахин оруулахгүй байх баталгаа байна уу гэдгийг Улсын Их Хурлаас иргэн, судлаачийн хувьд асууя. Үндсэн хуулиа л сайн болговол, өргөс аваад хаясан мэт сайхан болно гэж бодож суугаа бол энэ их эндүүрэл гэдгийг судлаачийн хувьд хэлмээр байна. Тэгвэл Монгол Улс цаашдаа яах ёстой вэ, ямар гарц байна вэ. Өнөөдөр монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй, хариуцлагагүй болсон. Хууль, тэр дундаа Үндсэн хууль үүсмэл бол, ёс суртахуун бол хүн бүрийн уураг тархинд байдаг төрмөл зүйл. Аливаа улс, нийгэм, хувь хүн, айл өрх ёс суртахуунаа алдаад ирэхээр уналт, доройтол, ялзралд ордог нь жам ёсны зүйл. Монгол Улсын өнөөгийн  байдал нь Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэдэг нь бодит үнэн” гэлээ.

Үндсэн хуульд тусгагдсан асуудал тодорхой бус байдгаас Үндсэн хуульд тодотгол хийх асуудлууд зайлшгүй гарч ирсэн. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлт гэдэг ч Үндсэн хуульд хийсэн тодотгол байсан

Харин Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хууль зүйн доктор  Б.Гүнбилэг  “Өнөөгийн улс төрийн хямралыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр засрахгүй. Харин улс төрчдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд Үндсэн хуулиас бусад хуулиа ягштал сахих, сахиулах нь зүйтэй байна. Тухайлбал, аль нэг нам сонгуулийн үр дүнд ялалт байгуулбал тухайн намын төлөөлөл болсон албан тушаалтан төрийн албан хаагчдыг хоморголон халдаг байдлыг эрүүжүүлж, албан тушаалын гэмт хэрэгт хамруулан шийтгэж эхлэх цаг нь болсон. Үндсэн хуулийн 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн 7 нэмэлт, өөрчлөлтийг эргэн харж, яаралтай эдгээр зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуулийн эдийн засаг, эрхэд суурилсан төсвийн төлөвлөлт, захиран зарцуулалтын талаар огт мэдэж байгаа, мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байгаа өнгөрсөн 25 жилийн парламент, Засгийн газрыг гайхдаг” хэмээн илтгэлдээ онцоллоо.

Түүнчлэн судлаач нийтлэлч Б.Баабар “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” сэдвээр  илтгэл танилцуулсан юм. Түүний хувьд Үндсэн хуульд тусгагдсан асуудал тодорхой бус байдгаас Үндсэн хуульд тодотгол хийх асуудлууд зайлшгүй гарч ирсэн. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлт гэдэг ч Үндсэн хуульд хийсэн тодотгол байсан гэдгийг хэллээ.

Мөн өнгөрсөн 25 жилийн турш улстөрчид нь Үндсэн хуулиа санаатай, санамсаргүйгээр  зөрчдөг. Төр нь хуулиа баримтлахгүй байгаа нь зөрчлийн үндэс болж байгааг дурдсан.

Хурлын дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар төрийн байгууллагуудаас санал авч, дараа нь УИХ-д өргөн мэдүүлэх чигтэй байна. Энэ утгаараа өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд ажлын хэсгийнхэн ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Юун Баавар бэ!!! Мэргэжлийн судлаачдыг сонсох цаг болсон! Сайн дурыхан байрандаа очвол таарна.

    0 0 Хариу бичих