Цаазын ял Монголчуудад тустай юу

Д.Цэрэндорж /судлаач/

“Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна. Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна” гэсэн мэдээлэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны “president.mn” сайтад 2017 оны 10 дугаар сарын 16-нд гарснаас хойш энэхүү ялыг байх эсэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон хуульчид бичиж, хэлэлцэж үүнийг даган нийгэм талцсаар байгаа юм.

Үүнийг хууль зүйн үүднээс авч үзвэл, Монгол улсын Үндсэн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан хуулийн заалт үйлчилж буй. Монгол Улсад өнөөдрийн байдлаар цаазын ялыг түдгэлзсэн буюу 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурснаар Монгол Улс энэ төрлийн ялаас татгалзаж буй орны тоонд зүй ёсоор багтсан.

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн дэргэдэх Иргэний танхимд “Хүүхэд , эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэрээ энэхүү заалтыг дурьдаад  “уг заалтаас харвал цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг УИХ шийдэх бүрэн эрхтэй юм. Улмаар соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байсан. Нэгэнт цаазын ялыг нийгэмд хэрэгжүүлэх нь зүйтэй талаар санаачлага анх гарахдаа бага насны хүүхдийг хүчиндсэн хэрэгтэй холбогдон үүссэн тул үүнтэй холбоотой  зохицуулалтыг сөхөж харвал хангалттай хариуцлага хүлээхээр байгааг харж болно.

Тухайлбал, Монгол Улсад  2017.7.1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд хүчирхийлэн амь насыг нь бүрэлгэсэн тохиолдолд  бүх насаар нь хорих  ял хүлээлгэдэг. Үүнийг  бол цаазын ялтай тэнцэх түүнээс ч илүү хүнд ял гэж хуульчид үздэг талаар хүний эрхийн хуульч үзэл бодлоо илэрхийлсэн байсан.

Хүнииг буруутгаад цаазаар авах ял оноож хэрэгжүүлсэн бол үүнийг буцаах аргагүй. Гэтэл төрсөн ах нь дүүгээ хүчиндсэн гэж буруутгагдан, цаазаар авах ял оноогоод гүйцэтгэснээс таван жилийн дараа гэм буруугүй нь тогтоогдож жинхэнэ гэмт хэрэгтэн нь илэрсэн жишээ бий. Тиймээс эрх зүйн асуудал нь төгөлдөржөөгүй, шүүхээс гаргасан шийдвэрт алдаа гардгийг нийтээрээ ярьдаг мөртөө шүүхээс цаазын ялыг нэхэх нь хамгийн том алдаа юм.

Хүн төрөлхтөн одоо цаазаар авах ялаас татгалзаж байгааг “Эмнэсти Интэрнэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын гаргасан баримтаас харж болно. Тодруулбал, “нийтдээ 131 улс орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халсан.  Бусад 66 улс орон, газар нутагт цаазаар авах ялыг хэвээр хадгалан хэрэглэж байгаа боловч жил ирэх тусам гүйцэтгэх тоо нь буурсаар байна хэмээн тус байгууллагын мэдээнд дурьджээ.

Ийнхүү жил ирэх бүр цаазаар авах ялыг халж байгаа улс орнууд нэмэгдсээр байна.  Цаазаар авах ял нь улс төрийн хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулахад онцгой хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэг нь хаана ч нотлогдохгүй байгаа юм. Харин манай улс нэгэнт татгалзсан цаазын ялыг эргэн сэргээх нь хүний эрхийн төлөө хийсэн алхмаасаа буцаж ухарч байгаагаас ялгаагүй болно.

Ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгмийн замыг сонгосон тул бид хуулиараа энэ ялаас татгалзаад байгаа. Манай улс нэгдэн орсон олон улсын гэрээг заавал хэрэгжүүлэх  эрх зүйт төр, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх үүргийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн.

Цаазын ялыг халснаар бид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө нэр төртэй үүрэг хүлээж байгаа. Тиймээс ч  Монгол Улсад Европын холбоо үүд хаалгаа нээж, бид ч тус холбооны конвенциудад бас нэгдэн орж эхэлж байна. Энэ бол бидний хувьд хүний эрхийн болон эдийн засгийн хөгжлийн чухал алхам билээ.