Чин ван М.Ханддоржийн нэрэмжит тэмцээнд Их мастер Б.Гүндаваа түрүүллээ

Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван Мижиддоржийн Ханддоржийн нэрэмжит 27 дахь нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд чансаагаараа тэргүүлэгч шилдэг 128 шатарчин, тус яамны ажилтан, дипломат албаны шатарчид ур ухаанаа уралдуулснаас өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээнд Их мастер Б.Гүндаваа түрүүлж, Олон улсын хэмжээний мастер Г.Мөнхгал дэд байр, Фиде мастер Б.Баярмандах гутгаар байр, Фиде мастер Б.Гарьдмагнай дөрөвдүгээр байр, Фиде мастер С.Ган-Од тавдугаар байрт тус тус шалгарчээ.

Харин ГХЯ-ны ажилтнууд, дипломатчдын дунд зохион байгуулсан тэмцээнд ГХЯ-ны ажилтан Т.Батцэцэг түрүүлжээ. Тэрээр удам дамжсан шатарчин бөгөөд Их мастер Т.Батчимэгийн төрсөн эгч юм байна.

Шагнал гардуулах ёслолд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Монголын дипломат академийн захирал, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, ГХЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Н.Түвшинтөгс, дэд ерөнхийлөгч, Олон улсын мастер, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар оролцов. Монголын шатрын холбооноос зохион байгуулсан  энэ оны отгон тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү ажилласан бол улсын шүүгч Ч.Мөнхбат ерөнхий шүүгчээр ажиллажээ.

Тэмцээний үеэр шатрын бодлого зохиомжийн дэлхийн хүндэт мастер, Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер, шатрын нэрт зүтгэлтэн С.Чимэдцэрэн агсны мэндэлсний 85 жилийн ойн нэрэмжит Бодлого бодолтын 2017 оны УАШТ-ийг мөн зохион байгуулсан байна.

Чин ван М.Ханддоржийн нэрэмжит энэхүү шатрын тэмцээнийг Гадаад харилцааны яамны 80 жилийн ойгоор 1991 онд анх зохион байгуулж байжээ. Тухайн үед тэргүүн байр эзэлсэн шатарчдад 100 долларын шагнал олгож байсан нь улсын чанартай шатрын тэмцээнүүдтэй харьцуулахад өндөр бай шагналд тооцогдож байжээ. Харин эдүгээ уг тэмцээнд түрүүлсэн шатарчдыг нэг сая төгрөгөөр байлдаг юм байна. Эдүгээгийн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр тухайн үед Гадаад харилцааны яаманд дипломат ажилтан байхдаа 1991 онд зохион байгуулсан анхны тэмцээнд оролцож байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. daraa jil ornooo

    0 0 Хариу бичих