Галын машины сэлбэг, хэрэгсэл бэлэглэжээ

А.Санчир


Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах төслийн  хүрээнд Онцгой байдлын албанд 2003 онд 11,7 сая ам долларын үнэ бүхий гал унтраах зориулалтын 4 төрлийн 17 автомашиныг, 2013 онд 4 төрлийн 22 автомашиныг буцалтгүй тусламжаар нийлүүлжээ.

Дээрх төслийн хүрээнд эдгээр гал түймэр унтраах шуурхай албаны автомашинуудын сэлбэг хэрэгслийг  хүлээлгэн өгөх ажиллагаа өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт болсон байна.

Арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Японы Элчин сайдын яамны элчин зөвлөх Минорү Кикүчи, Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар оролцсон байна.

Буцалтгүй тусламжаар ирсэн автомашинуудыг Гал түймэр унтраах, аврах 18 ангид хуваарилсан бөгөөд энэ хугацаанд 29190 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 102 тэрбум 416 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлжээ.

Гэсэн ч 14 жил ашиглагдсан дээрх автомашинуудад ашиглалтын явцад эвдрэл гэмтэл үүсч, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага тулгараад байсан аж. Тиймээс эдгээр автомашинуудын ашиглалтыг  сайжруулах, засвар үйлчилгээ хийх, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх төслийг Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага хэрэгжүүлж, 450 мянган ам.долларын 837 ширхэг сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)