УИХ-ын дарга М.Энхболд Б.Хурцын томилгоог маргааш хэлэлцүүлнэ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол  зохион байгуулах саналаа ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүний саналтай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга болон УИХ-ын дарга М.Энхболд нар дараахь байдлаар байр сууриа илэрхийллээ.

Ж.БАТЗАНДАН: -Нээлттэй сонсгол зохион байгуулахаар 22 гишүүн гарын үсэг зурж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн боловч, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн. Гэвч Өргөдлийн байнгын хороо өргөдлүүдийг судлах хугацаа шаардлагатай хэмээн хойшлуулсан байна. Иймээс УИХ-ын 22 гишүүн өргөдөл бичсэн иргэдийг Төрийн ордонд хүлээж авч уулзахаар болсон. Маргаашийн арга хэмжээнээс гарах сонсголын дүгнэлтийг УИХ-д хүргүүлнэ. Та бүхэн сонирхоорой. 

М.ОЮУЧИМЭГ: -ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой найман өргөдөл ирсэн. Тэдгээр өргөдлийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч манай Байнгын хороо руу шилжүүлсэн. Бид өргөдөл бүрийг судлах ёстой учраас УИХ-ын даргаас хугацаа хүссэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос манайд өргөдөл ирүүлснээс хойш 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Өргөдлүүдийг авснаас хойш судалж байна. Нэг зүйлийг тодотгоход өргөдлүүдийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатайг хуульд заасан.  Хууль зөрчих эрх байхгүй, хуулийн дагуу хуралдааныг явуулна. Эсвэл Ерөнхийлөгч Элчин сайдын асуудлаа татаж авах боломжтой.

М.ЭНХБОЛД: -Нэгэнт Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцүүлэх боломжгүй гэсэн хуулийн заалт байгаа тул маргааш Элчин сайдын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцье.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)