Арванхоёрдугаар сарын 14 дэлхийд

Морихей Үэшиба төржээ

Айкидо тулааны урлагийг үндэслэгч Морихей Үэшиба 1883 оны арванхоёрдугаар сарын 14-нд төржээ. 

Орос-Японы 1904-1905 оны дайн оролцон гардан тулааны мастер гэдгээ харуулж байсан, 1924 онд лам нарын засаглалт хаант төрийг бий болгохоор Монголд хийсэн Японы нууц аянд оролцсон гээд сонин түүх намтартай, агуу тулаанч Морихей Уэшиба өөрийн ертөнцийг үзэх үзэл бодлоо 1930-аад онд өөрчилжээ. Тэрээр өөрийн сургуулийг нээж, шинэ үеийн дайчин урлагийг бүтээсэн байна. Түүний үндэслэсэн айкидо нь зодооны урлаг гэхээсээ илүүтэйгээр шашин юм. Уг зодооны урлагийг эзэмшигч дайчны зорилго нь энх тайван байдаг ажээ.

Морихей Үэшидогийн хэлсэн үгээс:
“Та энд өөрийн тэнгэрлэг гарлыг мэдэрч, төрөлхийн ухаарлаа ойлгохын тул байгаа” 
“Энхийн урлаг нь Мира (айкидо) гал, тэнгэр, газар, усны бэлгэдэл болсон эр зориг, эрдэм мэдлэг, хайр ба нөхөрлөл гэсэн дөрвөн их буянд тулгуурлана.” 
“Бэрхшээл, бүтэлгүйтэл ба муу хүмүүстэй тааралдсан ч талархаж бай. Тэр бүгд нь Энхийн урлагийн дасгал сургуулийн хэсэг юм.” 
“Жинхэнэ ялалт бол өөрийгөө ялахыг хэлнэ” 
“Айкидо бол сөргөлдөөн биш. Сөргөлдөөн биш байгаа цагт л ялалт ирнэ.”
"Ялагдаагүй" гэх нь "тулаанд хэзээ ч ороогүйг хэлнэ". 
Жинхэнэ дайчин урлагийн зорилго нь энх тайван тогтоох”
“Хэрэв эсрэг тал чинь галаар чамд довтолж байгаа бол усаар түүнээс хамгаал” 

Нострадамус төржээ

Эмч, эрдэмтэн бөгөөд их зөнч Нострадамус (Мишель де Нотрдам) 1503 оны энэ өдөр Правансийн Сен-Реми хотод төржээ. Олон хүн түүний зөн билгийг уншаад ирээдүйн үйл явдлыг хайдаг. Зарим хэсэг нь түүнийг зальтан гэхээс холгүй үздэг ч тал бий. Ямар ч байсан түүний амьдрал тийм амар байсангүй. 

Тэрээр 1518 онд суралцахаар Авиньонд ирээд 1521 онд урлагийн магистр зэрэг авсан байна. Монпелье их сургуулийн Анагаахын факультетад тэрээр 1529 онд ороод 1534 онд докторын зэрэг хамгаалжээ. Тэр цагаас хойш түүний нэрийг латин маягаар Nostradamus гэж бичих болсон байна. 

Эмчийн мэргэжилтэй болсон тэрээр Ажен хотноо ажиллан тухайн үед нарийн шинжлэх ухаан гэгдэж байсан зурхайгаар хичээллэх болжээ. Гэвч түүнд гай тохиолдсон аж. Хотод тахал гарч түүний хоёр хүүхдийг эхнэрийнх нь хамт авч одсон байна. Мөн хотынхон түүнийг буруу номтон гэж буруутгаснаас тэрээр Аженыг яаран орхиж Италид иржээ. 

Италид өнгөрөөсөн онуудад түүний зөн билэг илэрсэн гэдэг. Тэрээр тахал газар авсан байсан ч эх орондоо эргэн ирж хотуудаар яван хүмүүсийг аварч өвчнийг анагааж байжээ. Тэр нь түүнийг үндэсний баатар болгосон байна. Нэр хүнд нь өсч, хөрөнгө мөнгөтэй ч болж. Нострадамус дахин гэрлэж зургаан хүүхэдтэй болжээ. 

Тэрээр үзмэрч болсноосоо хойш жил тутмын үзмэрийн цомирлиг хэвлүүлэн улам алдаршсан байна. Францын хатан хаан Екатерина Медичи, түүний авьяасыг бишрэгч байсан учир ордны эмч бөгөөд зурхайч болгожээ. 

Нострадамус өөрийн алдар нэрийн ид оргил үед 1566 оны долдугаар сарын 2-нд амь үрэгдсэн байна. “Өөрийн шидэт үзгээрээ од гаригсын нөлөөгөөр дэлхийн ирээдүйн үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн, бүх хүнээс цорын ганц алдарт Мишеля Нострадамусийн цогцос энд амгаланг үзэн нойрсч буй” гэсэн үгийг түүний булшинд сийлэн үлдээсэн байдаг. 

Английн зальтан эдийн засагч Жон Ло Парисаас зугтав

Францын бүх санхүүг өөрийн хяналтад авч байсан эдийн засагч, зальтан Жон Ло хоосорч, уурласан хадгаламж эзэмшигч нараас зугтан Парист эхнэр, охин, дүүгээ орхиод 1720 оны энэ өдөр Брюссельд нууцаар зугтан гарсан байна.  

Дуэлийн аллагаар шийтгэгдэхээс айн эх орноо орхин цагаачилсан энэхүү Шотландын цагаач Францын Сангийн сайд ба Төв банк мөн “Хоёр Энэтхэгийн компани” гэх колонийн асар том компанийн тэргүүн болж чадсан байжээ. Санхүүгийн зогсонги байдлыг арилган эрүүлжүүлэхэд юуны түрүүнд төрийн банкны онцгой мөнгөн тэмдэгт хэрэгтэй гэдгийг тэрээр итгүүлж чадсан байв. 

Өөрийн төслийг хэрэгжүүлэхийг тэрээр Шотланд, Англи, Савойн вант улс, Генуягийн бүгд найрамдах улсад  санал болгож байснаас ганцхан Франц л түүний саналыг хүлээн авсан байна. 

Тухайн үед шинэ хаан XV Людовик дөнгөж долоон настай байсан ба хааны сан хөмрөг хоосон мөн залхуу, далдаар төрийг удирдагч Орлеаны Филипп Францыг захирч байсан юм. Түүнд Логийн төсөл таалагдаж, 1716 онд зальтан мөнгөн тэмдэгт гаргах хувь нийлүүлсэн банк нээх эрхээ авсан байна. Шинэ мөнгийг нь чөлөөтэйгөөр алтан зоосоор сольж байлаа. Эхэн үедээ Логийн систем амжилттай байсан учир удалгүй 1718 онд түүний банкийг Францын хаантны банк болгосон байв. Гэхдээ цаасан мөнгөний хэмжээ ихсэх тутам алт мөнгөн зоосны солилцоо улам их болоод алт ба мөнгөн нөөц шавхагдсан аж. Наймдугаар сард банк дампуурлаа зарласан ба түүний мөнгийг арваннэгдүгээр сард эргэлтээс гаргасан байна. Хувь нийлүүлэгчдийн пирамид болгосон улсын санхүү нь хэдхэн өдөрт сүйрч Парисийг том үймээний өмнө авчирсан аж. 

Руаль Амундсен Өмнөд туйлд хүрэв

Амундсен бага наснаасаа Хойд туйлд аялал хийхээр мөрөөдөж байжээ. Фритьоф Нансен 1889 онд Гринландад аялал хийгээд ирсний дараа Амундсены шүтээн болсон гэдэг. Залуу Руаль түүн шиг алдартан болохыг хүсч байсан юм.

Хоёр жил анагаахын факультетад суралцсаны дараа тэрээр эхийнхээ хөрөнгийн өв залгамжлан авчээ. Тэгээд өөрийгөө ирээдүйн их аяндаа бэлтгэж эхэлсэн байна. Тэрээр таван жил далайн үйл ажиллагаанд янз бүрийн хөлөг онгоцонд хөлсний ажилтан хийн суралцжээ. Тэрээр 1897 онд “Бельжик” хөлөг онгоцны ахмадын туслах болон Өмнөд туйлын зүг аянд гарсан байна. Энэ аянаас тэрээр туйлын бие даасан аяндаа бэлтгэх нөхцөл байдлыг сайн мэдэж авсан аж. 

Ингээд тэрээр “Йоа” гэдэг нэртэй жижиг хөлөг онгоц худалдан аваад тэрээр зургаан хүний хамт хойд зүгт аян хийн Атлантын далайгаас Номхон далайд орох Баруун хойд замыг нээжээ. 1906 онд тэрээр буцан ирэхэд үндэсний баатар хэмээн шууд л хүлээн зөвшөөрөгдсөн юм. Ингээд Амундсен Хойд туйлын аян замд бэлтгэж эхэлсэн боловч Америкийн Фредрик Кук Хойд туйлыг нээсэн анхны хүн нь болжээ. Жилийн дараа Роберт Пири Хойд туйлыг нээсэн хэмээн Куктай зарга үүсгэсэн байна. 

Ингээд Амундсен төлөвлөгөөгөө өөрчлөн Өмнөд туйлын аянд 1910 онд гарчээ. Түүний хөлөг онгоц “Фрам”  Россын мөсөн ууланд хүрч, бэлтгэлээ сайтар базаагаад 1911 оны аравдугаар сарын 19-нд Өмнөд туйлын зүг гарсан байна. Арванхоёрдугаар сарын 14-нд Амундсен Өмнөд туйлд хүрсэн ба Английн Роберт Скоттын багаас нэг сарын өмнө Өмнөд туйлыг нээж чадсан түүхтэй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)