Намуудыг тараацгаая

Eagle.mn


Орчин үеийн дэлхийд улстөрийн намгүй төрт улс бараг байхгүй. Дарангуйллын уламжлалт дэглэмээ хадгалж үлдсэн хэдхэн орныг нэрлэж болно.

Igen, jött egy gyöngyhajú lány
Álmodtam, vagy igaz talán

Улстөрийн нам 

Орчин үеийн дэлхийд улстөрийн намгүй төрт улс бараг байхгүй. Дарангуйллын уламжлалт дэглэмээ хадгалж үлдсэн хэдхэн орныг нэрлэж болно. Хаант дэглэмээсээ салж чадаагүй Саудын Араб, Оман, Бутан, эсвэл цэргийн эргэлтээр улстөрийн намыг хориглосон Нигер, Пиночеттийн үеийн Чили, эсвэл шашнаар дамжин лалын нэгдлийг буй болгодог учир улстөрийн нам үүнийг саринаана гэж үздэг лалын зарим орон. Ингэхээр энд “намуудыг тараая” гэдэг нь улстөрийн намгүй төрийг байгуулцгаая гэсэн тэс сондгой уриалга биш нэдгийг эхлээд тогтъё.

Улстөрийн нам бол үзэл сонирхолоо даган сайн дураараа нэгдсэн хүмүүсийн улстөрийн байгууллага. Үзэл сонирхол гэдэг нь нийгэм-ангийн, улстөр-эдийн засгийн, үндэстэн-соёлын, шашны гэх мэт янз бүр сэдэлтэй. Судлаачид намуудыг санал авах байдлаар нь 1. Хувийн, 2. Олонхын, 3. Программын гэж гурав ангилдаг. Орчин үеийн улстөрийн нам их хожуу, дөнгөж XIX зуунд анхлан үүсчээ. Бүх нийтээр сонгуульд оролцож ард түмэн өөрсдийн төр засгаа үзэмжээрээ сонгодог болсноор үүнийг зохион байгуулж, өргөн олныг улстөрийн үйл хэрэгт татан оролцуулах зайлшгүй шаардлагаар намууд буй болсон юм. Ерөөс улстөрийн нам оршин байх утга учрыг одоо ч олон хүн ойлгодоггүй, тэрбайтугай үгүйсгэдэг ч гэсэн намгүйгээр цэгцтэй сонгууль явуулж болох өөр арга чарга олсонгүй явсаар өдий хүрчээ. 

Нэг намын тогтолцоо дарангуйллын системд байдаг. Хуучнаар нацист Герман, фашист Итали, ЗХУ, Монгол, өдгөө Хятад, Куба, Хойд Солонгос гэх мэт. Өөр улстөрийн нам оршихын хориглоно. Ийм тогтолцоо өнөө ч Африкийн олон оронд байсаар. Хоёр намын тогтолцоо АНУ-д бий. Тэнд өөр улс төрийн нам байхыг хориглодоггүй ч уламжлалаар буй болсон хоёр нам ээлжлэн төр барина. Энэ нь абсолют мажиратор сонгуулийн тогтолцоотой холбоотой. Ихэнх оронд пропорционал болон холимог системээр сонгууль явуулдаг учир олон нам парламетад хувааж төр барилцдаг.

Ардчилсан тогтолцоонд улстөрийн намын үндсэн үүргийг тодорхойлохдоо:

Нийгмийн үүрэг - иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг "зааж" өгөн тэдний шаардлагыг тодорхой зохих түвшинд гаргадаг.
Үзэл суртлын үүрэг - нийт нийгмийн гишүүд болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг санал болгож итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх.
Улс төрийн үүрэг - төрийн сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах.
Ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах


Монгол төрийн ардчилсан тогтолцооны үүсэл

1990 онд Монгол улс хүний эрх, улстөрийн олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрсөн ардчилсан төрт тогтолцоонд шилжин орсон. Улстөрийн намууд олноор буй болж, анхны чөлөөт сонгуулиар Монгол ардын хувьсгалт нам (МАХН), Монголын ардчилсан нам (МоАН), Монголын социал-демократ нам (МСДН), Монголын үндэсний дэвшлийн нам (МҮДН) парламетад суудал авсан. Тэр үед нийгмийн ардчилсан тогтолцооны эсрэг нам байтугай бие хүн ч байгаагүй. Улстөрийн зах зээлд орон зай эзлэхийн тулд нам хооронд шүүмжлэл өрнөж байсан болохоос шинэ тогтолцоог бүгд дэмжиж байлаа. Яг үнэндээ ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийг МАХН чиглүүлэн удирдсан юм. Гол удирдлага болох инстүүцүүд болон удирдагч нар нь болох Батмөнх, Содном, Намсрай, Чимид, Түдэв, Очирбатууд, Бямбасүрэн, Зардыхан, Гомбосүрэн, Өөлд, Даш-Ёндон, Жамсран, Жасрай… гээд үй олон коммунист аснууд илүүтэй эх орончид байсан учир нийгмийн ардчилсан тогтолцооны дэмжигчид төдийгүй сэтгэл зүрхээрээ идэвхитэй оролцогчид, чиглүүлэгчид байв. 

2000 онд хийсэн судалгаагаар 1990 оны шилжилтийг зөв зүйтэй нийгмийн өөрчлөлт байсан гэдэгт асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь зөвшөөрчээ. 1990 оны шилжилт бол Монголын нийт ард түмний ухамсартай сонголт байсан юм.

Баримтаас харахад шинэ тогтолцоог илтээр эсэргүүцсэн ганц тохиолдол бүртгэгджээ. Ордонд болсон нам, Засгийн газрын хамтарсан томоохон хуралд нэг залуу босч бусдыгаа аймхайгаар нь дуудан гадаа гарч өлсгөлөн суулт зарлагчидтай өөрийн гараар тулалдахын уриалсан. Гэвч хуралд оролцогчид түүнийг дэмжээгүйгээр байрахгүй шүгэлдэн суулгажээ. Тэр залуу хэлтсийн эрхлэгч болон дэвших санаатай азаа үзсэн болохоос үнэн санаанаасаа эсэргүүцээгүй байх. Түүнийг Чүлтэмийн Улаан гэх. 

Хожим нь ардчилагчдын зарим нь “амь насаараа дэнчин тавин байж…” гэж бүлтэрдэг болсон ч тэдний амь нас байтугай ажил төрөлд хэн ч заналхийлж байгаагүй. Талбай руу танк оруулахаар бэлдэж байв, НАХЯ-ы подволд зэвсэгтэй цэрэг арми бэлэн байдалд байлгав гэх мэтийн яриа шал худлаа. НАХЯ-ы сайд генерал Жамсран өөрөө ардчилагч нэгэн байсан шүү дээ. 

Тогтолцоогоо эсэргүүцэж, “урвагч Батмөнх, уул нь Хятадын туршлагаар танк оруулж хүчирхийлэх байсан юм” гэх хэл амыг хожим 1992 оноос хоёр ч хүн ил зарлан зарим дэмжлэг авч УИХ-д суудал эзэлсэн билээ. 

Шинээр төрсөн улстөрийн намуудад тухайн үед төрийн эрх мэдэл байгаагүй учир ардчилсан төр рүү хийх анхны шилжилтийн алхмуудад шийдвэр гаргалцах бололцоо байгаагүй. Гэвч тэд энэ шилжилтийг санаачлагч, түлхэгч, шаардагч, урагшлуулагч, хурдасгагч гол хүчин байсныг хэн ч үгүйсгэхгүй.


Үзэл санааны нэгдэл хулгай дээрмийн бүлэглэл болон хувирсан нь

Сонгуулийн абсолют мажоритар тогтолцооноос болоод сүүлийн 30 шахам жилд Монголд хоёр намын тогтолцоо уламжлал болжээ. Олон нам оршсоор буй боловч энэ хоёроос бусдад нь төр барилцах бололцоо гараагүй.

Цагийн явцад энэ байдалдаа дассаар эхлээд олигархиудын, явсаар өдгөө криминалын тогтоц руу шилжив. Хоёр нам өнгөн дээрээ улстөрийн зах зээлд зай булаацалдан биенээ шүүмжлэх боловч төрийн шийдвэр гаргах дээрээ тулахаар харилцан хуйвалдсан, дундын эрх ашгаа хуваалцсан, хамтарч хулгайлж шамшигдуулдаг нэгэн цул бүлэглэл болжээ. Ялангуяа 2004 оноос байгалийн нөөцийн хүчээр их хэмжээний гэнэтийн ашиг гараад ирмэгц энэ байдал бүр лавшрав. Өнгөн талдаа хоёр нам байгаа юм шиг мөртөө үнэн хэрэгтээ тухайн ашиг унац руу нам үл харгалзан бүлэглэлүүд болон хуваагдаж цадахаа мэдэхгүй идэж уух болов. 

Үүнийг МАНАН гэж хочлох. Тэр болгоныг тоочих хэрэггүй, бүхний нүдэн дээр ил явагдаж буй зүйл. Өдгөө МАНАН-г хараалын оронд хэрэглэж нулимах болсон хүн нь өөрөө энэ тогтолцоог анхлан санаачилж эхний цучлыг нь асааж, түрүүлж хэрэгжүүлж эхэлсэн нэгэн. Тогтолцоог эсэргүүцээд байна гэхээсээ өөрөө оролцсон төстэй тогтолцоо шинээр дахин буй болгох гээд улайраад байгаа мэт

Улстөрийн энэ хоёр ноёлогч нам өдгөө төрийн тогтолцоог нураан сүйтгэгч, голлон бузарлагч, улс орныг ялзруулагч болжээ. МАНАН-аас үтэр түргэн салахгүй бол улс орны уруутал доройтол цаашид ч үргэлжилсээр байх болно. Үүнийг ард олон ойлгон гарах гарц хайж байгаа нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас ил харагдсан. Аль аль нам нь зуун мянга хол гарсан гишүүдтэй гэж сайрхдаг. Өнгөрсөн сонгуулиар саналаа өгөхгүй хойргошсон гишүүдээ бүртгэлээсээ харан илрүүлж автобусаар зөөн бараг албадлагаар саналыг нь авчээ. Гэтэл аль аль намын гишүүд Ганбаатарын төлөө саналаа өгсөн байна. Гишүүд өөрийн намаа жигшиж байна. Архангай, Дорнод зэрэг аймагт тэдний зүсийг нь үзээгүй хүн тэргүүлж гарч ирлээ. Нийт саналын гуравны нэг МАНАН-г эсэргүүцжээ.

Олон жилийн турш сонгогчид дөрөв дөрвөн жилийн зайтайгаар хоёр намд ээлжилж санал өгдөг байсан. Хий горьдлого? Одоо залхжээ! 2020 онд саяны ялагдсан нам нь гарч ирнэ гэж олон хүн гэнэхнээр бодож байгаа бол эндүүрэл. Өчигдөр гуравны нэгийг эзэлж байсан МАНАН-г жигшигчид хүрээгээ тэлэх асар том орон зай бий болчоод байна. Хүмүүс эцэст нь гэмт хэрэгтнүүдэд суурилсан энэ хоёр намыг бүрэн таньсан. Энэ орон зай руу дараагийн МАНАН төстийг буй болгохоор санаархагчид зүтгэсээр.


МАНАН-г яаж тараах вэ?

Хоёр арга байна. Эхнийх нь цоо шинэ улстөрийн нам яаралтай байгуулаад үзэлцэх. Гэвч өнгөрсөн туршлагаас харахад энэ нь янз бүрийн олон удаагийн туршилтаар бүтэж байсан тохиолдол үгүй. 1991 онд Зоригийн байгуулсан Бүгд найрамдах намаас эхлээд ноднин байгуулагдаад хөөрхийлөлтэйгээр эцэслэсэн ХҮН нам хүртлэх олон оролдлогыг нэрлэж болно. Нийгмийн ухамсартай сэхээтнүүд оройлон шинэ ардчилсан улстөрийн нам байгуулан төрийн шийдвэр гаргагч болон босч ирэхийг үгүйсгэмгүй. Гэхдээ найдлага төрөхгүй буйн гол шалтгаан нь монгол хүний үл эвлэрэх төрлөх амбиц юм. 

Хоёр дахь зам нь 1990 оны төлөв рүүгээ эргэж очин гарсан цэгээсээ дахин эхлэх. 1992 онд МоАН, МҮДН хоёр нэгдэж Монголын үндэсний ардчилсан нам (МҮАН)-ыг үүсгэсэн. Энэ нэгдэл шүүхээр орон бүртгэгдэж, сонгуулийн хуудсанд бичигдэх дарааллаа хэвээр хадгалсан төдийгүй хуучин нэрийг нь хожим хэн ч хэрэглэж болохгүйгээр тогтсон. 2000 онд МҮАН, МСДН мөн ижил нөхцлөөр нэгдэж Ардчилсан нам (АН) үүсгэсэн билээ. Эдгээр нь шүүхийн шийдвэр бүхийалбан ёсны гэрлэлт байсан, одоо мөн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулах нь нээлттэй. Ингэвэл хууль шүүхийн шийдвэрийн дагуу АН хэмээх МАНАН-ын өрсөөн тал үгүй болно.

1990 онд байгуулагдсан МоАН, МСДН, МҮДН болон мөн онд анх удаа Дээд шүүхэд улстөрийн намаар бүртгэгдэн шинэчлэгдсэн МАХН-ын улстөрийн зорилго, тунхаглал, хүсэл тэмүүлэл яаж ч өөллөө гэсэн ерөнхийдөө ариун байсан юм. Аль нь ч өнөөгийн ийм өөдгүй бузар тогтолцоог хүсээгүй, төсөөлөө ч үгүй. 

Намаа эргэж сэргээнэ гэдэг нь тэр үед байсан толгойлогчдыг эргэж гаргана гэсэн үг огт биш. Бүхэл бүтэн үе солигдон, тэр үеийнхэн тэтгэвэрт гарчээ. Харин тэр үеийн ариун зорилт, хүсэл тэмүүлэл хөгшрөөгүй. Аймаг, сум, хот дүүрэг бүрт бие даасан хөдөлгөөнүүд үүсэн ерэн оныхоо намуудыг сэргээж болно. Үүний оройлогчид нь шинэ үеийн ухамсарт залуучууд байх юм. Үүнийг дагаад өдгөө нэгэнт цав суучихсан МАН ч хага үсрэн бутарч ерэн оны зорилт тэмүүлэлтэй шинэ намууд үүсгэх байх.

Ардчилсан нам 2000 оны 12 дугаар сарын 6-нд байгуулагдсан. Үүнээс хойш 17 жил өнгөрч байна. Хожим нь хулгайч, луйварчид, идээчин уугаачид, гэмт хэрэгтэнд эзлэгдэх бузрын үүр болон өөрчлөгдөхийг тэр үед хэн ч төсөөлөөгүй байх. 17 жил болжээ.

Биднийг бага байхад Унгарын Омэга гэдэг поп хамтлаг асар их алдартай байлаа. Тэдний “Сувдан үст охин” дууг бүгд мэднэ. Учир нь тэд дахилтаа монголоор дуулна. “Ингээд нийлээд бид хоёулаа арван долоон жил болжээ”. Бүр яг ингэж дуулна. Одоо та нар ютүб-ээр ороод сонсоорой. Өгүүллийн эхэнд ишилсэн унгар мөрийг копи паст хийгээд олоорой. 

Аймшигтай андуурсан байна билээ. Монголоор дуулаагүй юм билээ. Бид л тэгэж чагнасан хэрэг. “Эрт цагийнхаа нэгэн адил газар тэнгэр ногоон хөхөөрөө байг” гэж тэд дуулсан юмсанж. Харин 1989 оны 12 дугаар сарын 10 бол ямар ч эндүүрэл үгүй ариун үнэн юм шүү. Тэр л үеийнх шигээ газар нь ногоон, тэнгэр нь хөхөөрөө байг.


2017.12.10

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх