Шарга Морьтын завгүй айл

Л.Эрдэнэжаргал


Амангелд гуайнх Шарга Морьтод суурьшаад 14 жил болжээ.

Монгол хүн бүр жилд нэг мод тарихад л монголчууд ногоон байгальтай болно доо...

Ач, зээгээ амралтын өдрүүдээр зочлон ирэхэд тоглуулах сагсан бөмбөгийн жижигхэн боловч талбайтай байлгаж амрах нөхцөлийг бүрдүүлэхсэн, хөрш айлуудтайгаа сайнтай муутай аман дахиа хуваагаад идчихдэг, таньдаг таньдаггүй ч мэнд устай, дүүрэг хороогоо удирдаж яваа хүмүүсийнхээ хэлсэн ярьсан, хийж бүтээхээр зорьсныг биелүүлж, чадахаараа тус нэмрээ оруулдаг, хууль дүрмээ биелүүлж амьдрахсан гэж хичээж явна хэмээн гэрийн эзэн яриагаа эхлэв. Увс аймгийн Түргэн сумын уугуул З.Амангелд, гэргий Г.Цогзолмаатайгаа гэр бүл болоод 48 жил болжээ. Эдний 6 хүүхэд бүгд сургуулиа онц төгсөцгөөж, дотоод гадаадад дээд боловсрол эзэмшиж, зэрэг нэмсэн төдийгүй өдгөө бүгд улс орондоо хувь нэмрээ оруулж яваа ажээ. 

З.Амангелд гуайн гэр бүл Увс аймгийн Түргэн сумын нутгийн зөвлөлөөс “Шилдэг гэр бүл”, 2015 онд “Монголын бахархалт гэр бүл”, 2017 онд нийслэлийн тэргүүний 9 өрхийн нэгээр шалгарчээ. “Би “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр манай гэр бүлийг шагнасныг том хүндлэл гэж хүлээн авч байгаа. Сүхбаатар дүүрэг хэчнээн хүн амтай, хэчнээн өрх гэртэй билээ. Тэр дундаас бид хоёрын ялгарах юм юу байх вэ дээ” хэмээн даруухан ярих З.Амангелд гуайгаас сурах зүйл олон байлаа. 

2009 онд аргал, үртэс, нүүрсний нунтаг зэргийг холин утаагүй түлш хийж нийслэлийн 370 жилийн ойн болзолт уралдаанд шалгарч байсан нь түүний нийслэлээс авсан анхны шагнал байжээ. Санаачилсан утаагүй түлш нь хүмүүст таашаагдан хөршүүд нь хувь хувьдаа дуурайлган хийж галладаг болсон нь хямд төсөр түүхий эдээр, хялбар хийх боломжтой хэрнээ утаа гаргадаггүй давуу талтай болжээ. Эднийх байшин, 10 ханатай зочдын гэрийнхээ дулааныг шалны халаалтаар буюу утаа гардаггүй технологиор шийджээ.

З.Амангелд

Монгол хүн бүр амьдрал ахуйдаа санаачилга гаргавал утаанаасаа салах бүрэн бололцоо байна. Төр засгаас шөнийн цахилгааны төлбөрийг тэглэнэ гэдэг бүр их боломж олгож байгаа юм. Манайх орой 21-ээс өглөө 06 цаг хүртэл халаагаад, 06-д хөгшин эрт босдог учраас босоод паарнуудаа хаагаад авчихна. Үүнээс гадна дулааны алдагдалгүй байшин барих хэрэгтэй. Тэгвэл шөнөжин халаасан паарныхаа дулааныг өдөртөө хадгалчихна, нэмээд өдрийн нарны гэрлийн тусгалаараа дулаанаа бүр нэмчихнэ. Хүүгийн маань компани Солонгосын нэг компанитай түншлэн “Номадик хаус” буюу нүүдлийн сууц гэсэн томоохон зөөврийн сууц хийдэг юм. Энэ шийдэл шалнаасаа халаад зогсохгүй цэвэр бохир усны асуудлаа ч давхар шийддэг. Хүүгийн минь барьж өгсөн энэ байшин дотроо душтэй, ариун цэврийн өрөөтэй гээд цэвэр, бохир усны асуудлаа ч шийдсэн орон сууцнаас ялгарах юмгүй байшин болсон.

Автын мэргэжилтэй З.Амангелд гуай засварын механикаар ажлын гараагаа эхлэн гражийн дарга, жолооч, баазын дарга зэрэг ажлууд хийж яваад гавьяаныхаа амралтад суусан бол гэргий Г.Цогзолмаа нь цэцэрлэгийн багшаар олон жил ажиллаж, эрхлэгч хийж байгаад тэтгэвэрт гарчээ. 

“Социализмын үед ажиллаж, амьдарч явлаа. Тэр цагт хүмүүс тэгш амьдралтай байсан гэж би боддог. Зах зээлийн гэх чөлөөтэй сайхан нийгэмд шилжлээ. Гэхдээ зах зээлийн нийгэм хэдий чөлөөтэй ч хатуу нийгэм гэж би хэлнэ. Хатуу гэж яагаад хэлэв гэхээр хөдөлмөрлөж чадсан болгон нь сайхан амьдарна. Харин архи уудаг, худал хэлдэг, хулгай хийдэг, ажил голдог, залхуурдаг нөхдүүдэд бол ер нь амьдрал байхгүй гэж хэлж болно. Энэ их том нутаг, энэ их баялагтай Монгол орны минь иргэд ядуу амьдрах учиргүй. Эх орон минь удахгүй Кувейт шиг баян орон болоосой гэж хүсдэг” хэмээн З.Амангелд гуай өгүүлсэн.

Хашаандаа байх 20 метр урт хүлэмжиндээ нарийн ногоогоо тарьж, намарт хураасан ургацынхаа ногоо, Увсын Б.Лааганы сорт гэж алдаршсан чацарганы 100-гаад модны зэрэгцээ үхрийн нүд, тошлой зэрэг жимсний бут тарьдаг ажээ. Хоёр буурал зундаа үнээгээ сааж, тараг бүрж өдөртөө завгүй өнждөг гэнэ.

“Манай хөршүүд та хоёр чинь өдөржин хашаандаа өнжих юм гэж хэлдэг. Ер нь өдөржин завгүй өнжинө, завгүй байх ёстой юм. Өглөө 06-д босно, зундаа бол тугал ивэлгэнэ. Өдөрт тараг бүрнэ, тэрийгээ хөгшин надаар самруулна. Бүрсэн тараг, саасан сүүгээ үр хүүхдүүд, хадам ээж гээд 7 гэрт хувааж, ундаа усны саванд хийн тараана. Бас болоогүй ээ, хажууханд байх нуураас усаа авч гадаах усны савандаа хийж наранд бүлээсгэн ногоогоо услана. Манай үүгээр жаахан булаг урсдаг юм. Тэндээс насосоор усаа авч жимснийхээ бутнуудыг услана. Үдийн цайгаа уучихаад эргэж гараад хашаа хорооны зэрлэг, ногоо жимсний талбайгааа цэвэрлэхээс эхлээд хийх зүйл мундахгүй шүү. Заримдаа хүүхдүүдэд ажил гарвал хөгшин бид хоёр явж ач зээгээ харна” хэмээн өвгөн ярив. Одоо байгаа чацарганы модныхоо тоог нэмж чацарганы төгөлтэй болохыг зорьж байгаа З.Амангелд гуай “Монгол хүн бүр жилд нэг мод тарихад л монголчууд ногоон байгальтай болно доо” хэмээн ярих аж. 

Залуудаа аймгийн заан цол хүртсэн Амангелд гуайн аав Ө.Зул ч аймаг сумандаа нэртэй сэхээтэн төдийгүй аймгийн заан цолтой, Увс аймгийн Сагил сумын сургуулийг байгуулж, анхны захирлаар нь ажиллаж байсан, Үйлдвэрчний эвлэлийн анхны дарга, “Хархираа” амралт зусланг үүсгэн байгуулагч, Баруунтурууны САА-н анхны дарга байсан гэнэ. 

“Монголчууд олуулаа байх тусмаа сайхан юм гэж би боддог. Хүн хүнээр дутдаг болохоос бусад юмаар дутдаггүй гэдэг. Манай дөрвөдүүд их хатуу шүү дээ. Хоёр хүүхэдтэй бол нэгээр бод гэдэг. Олуулаа байх сайхан байдаг. Хүн тарвага хоёрын үрс тасардаггүй гэдэг шиг Өнөрийн Зулын ганц хүү би ийм олуулаа болоод байна. Одоо үр хүүхэд, ач зээгээ үзэж өнөр олуулаа 30 гаруй хүн болж, энэ жил ууган ач минь гал голомтоо бадраан тусад гарч хүүхэдтэй болж гучаа хүртэл үзлээ шүү дээ” хэмээн З.Амангелд гуай сэтгэл хөдлөн өгүүлэв. Тэрээр өөрийн өвөө, ааваас эхэлсэн гурван үеийн түүхийг өгүүлсэн ном бичиж үр хүүхдүүдээ үлдээхээр шийдэн баримт сэлт цуглуулж эхэлжээ. Мөн ажиллаж байсан авто бааз, барилгад ажилласан 30 жилийнхээ тухай дурдатгал бичих бодолтой байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Bolovsrilin said asan gantumurin hadam aav bn

    0 0 Хариу бичих
    • Gantumur said hurgen huu huchtei gehcheer ehnerinhe buh duug avgaitai nuhurtei n bolovsrlilin yaam ruu ajild orulsan da

      0 0
  2. hamgiin ih ail baidg

    0 0 Хариу бичих
  3. Saihan tsag ued surch humuujsen humuus iim saihan baharhmaar

    0 0 Хариу бичих
  4. Энэ хүний ажилсаг нь Монгол залуучуудад үлгэр жишээ болохоор юм. Ийм хүмүүсийг л байнга бичиж байвал нийгэм цэвэршинэ дээ.

    3 1 Хариу бичих
    • Zavgui bh gedeg ugig humuus sain tusgaj avasaida.hodolmorch ger buld az jargal husiy

      0 0