Банкнаас бусад санхүүгийн салбарт ОУВС-гийн зөвлөхүүд үнэлгээ хийж байна

Eagle.mn


Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн урилгаар ОУВС-гийн зөвлөх Филип Жонсон, Мими Хо нар манай улсад ажиллаж байна. Зөвлөхүүд энэ долоо хоногт багтаан санхүүгийн зохицуулагч байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийн урьдчилсан судалгааг хийж, одоо байгаа чадавхийг үнэлэн, сайжруулахад шаардлагатай техникийн туслалцааг тодорхойлох юм байна.

Зөвлөхүүд судалгааны ажлынхаа эхэнд СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхантай уулзаж, банкнаас бусад санхүүгийн салбарын ерөнхий төлөв, зохицуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагааны цар хэмжээ, далайцыг цаашид нэмэгдүүлэх шаардлага, байгууллагын бодлого, стратегитай танилцуулжээ. Сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөн, дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр баяжихын зэрэгцээ оролцогчдын тоо огцом нэмэгдэж буй санхүүгийн салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого түлхүү тавигдаж буй юм. Иймд банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдийн зохицуулалт, бодлогын удирдлага болон хяналт шалгалтын тогтолцоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Ноён Филип Жонсон, хатагтай Мими Хо нар урьд өмнө манай улсад удаа дараа ирж ажиллаж байсан туршлатай зөвлөхүүд юм. Тэд дээр дурдсан хугацаанд СЗХ-ны нийт газар, нэгжийн ажил, ачаалал, хүчин чадал болон гүйцэтгэлийн чанар зэргийг судлахын зэрэгцээ банкнаас бусад санхүүгийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцохоор төлөвлөжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)