Ч.Хүрэлбаатар: Европын холбооны жагсаалтад орсон асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна

С.Сувд


Европын холбоо өчигдөр оффшор бүсүүдийн нэрсийн хар жагсаалтыг гаргахдаа Монгол Улсыг оруулсан. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 
 
-Европын холбооны зарласан хар жагсаалтад Монгол Улс багтсан байна. Үүнээс үүдэн Монгол Улс Европын холбооны ямар нэгэн хориг арга хэмжээнд өртчих вий гэсэн болгоомжлол байна?

Өчигдөр Брюссельд болсон Европын холбооны сангийн сайдуудын хурлаас энэ жагсаалтад  Монгол Улсыг оруулсан байна. Энэ талаар 2017 оны зургадугаар сараас эхлэн Европын холбоо манай Сангийн яамтай харилцаж эхэлсэн юм билээ. Хэд хэдэн асуудлууд байна. Тухайлбал, Монгол Улсын арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны тухай мэдээлэл, дансны хуулгыг Европын Холбооны гишүүн орнууд авдаг байх, гадаадын иргэдийн Монгол Улсын ААН-үүдэд эзэмшиж байгаа хувь хэмжээтэй холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулан авдаг байх гэх мэт асуудал ярьж байгаа.Монгол Улс хөгжиж буй орон. Мэдээллийн систем хангалттай хөгжөөгүй байгаа. 2019 оноос энэ асуудлыг хэрэгжүүлж эхлэхээр яриа хэлцэл явагдаж байсан юм байна. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс хийх ажил байгаа. Асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд  танилцуулах байх. 

-Энэ жагсаалтаас гарах боломж байгаа юу? Жагсаалтад багтсанаар Европын холбооны санхүүгийн зах зээл гарах эрхгүй болж байгаа тайлбарууд гарч байна л даа?  

-Яг одоогоор хар жагсаалтад багтсан 17 оронтой холбоотой ямар арга хэмжээ авахаа хэлээгүй байгаа. Үйл ажиллагаа одоохондоо хэвийн явна гэж үзэж байна. Цаад талын экспертүүдтэй өглөө холбогдож ажилласан. 2019 оноос мэдээллийг шууд солилцох ажлуудыг хийнэ гэж ярилцсан. 

-Хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгө оруулалтуудаа татах эрсдэл байгаа юу?

-Дэлхий нийтээрээ татвараас зайлсхийж байгаа үйл явцтай тэмцэж байгаа үед Монгол Улс татвараас зайлсхийх боломж олгож, хууль эрх зүйн үүднээс хангаад өгвөл улс орнуудаас олон хоригт орох боломжтой. Орчин үеийн банк санхүүгийн тогтолцоонд бий болгож байгаа тэр  жишигтэй хууль нийцүүлэхгүй бол болохгүй. Тиймээс Монгол Улс хууль журмаа үүнтэй нийцүүлэх ёстой. Заавал татвараас зугтаасан мөнгө Монголд орж ирэх албагүй. 

-Ямар ямар гол хуулиуд өөрчлөгдөх бол?

-Банкны тухай хууль, Татварын ерөнхий хууль гэх мэт хуулиудад өөрчлөлт орох байх. 

-Хар жагсаалтад орсноороо Монгол Улс оффшор бүс болсон уу?

-Оффшор ч биш л дээ. Татварын мэдээлэл нь ил тод байхгүй байна гэдэг нь бусад орнуудын хувьд иргэд, ААН-үүдийг нь татвараас зугтаах боломжийг бий болгож өгч байна гэж харж байгаа. Үүнийг залруулах шаардлагатай. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайн судлах хэрэгтэй.Юу юугүй Европын холбооны үгэнд ороод байдаг юм аа дэлгээд байж таарахгүй. Энэ мэдээллийг өгснөөр манайд ямар хэмжээний хохирол учрахав, ямар эерэг нөлөө авчирахнав гэх мэт.

    0 0 Хариу бичих