АТГ-ын олон нийтийн дэд зөвлөлийн сургалт болж байна

А.Санчир


Авлигатай тэмцэх газар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг тавих зорилгоор дэргэдээ Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулан ажиллуулж буй. Тус газраас энэхүү дэд зөвлөлийн гишүүддээ зориулсан сургалтыг өнөөдөр эхлүүлжээ.

“Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа энэхүү хурал хёр өдөр үргэлжлэх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлагийн болон тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах 168 иргэн хамрагдаж байгаа юм.

Сургалтыг Авлигатай тэмцэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Нээлттэй нийгэм форум зэрэг төрийн болон  төрийн бус байгууллагын мэргэжилтэн, судлаач, багш нар хөтлөн явуулж байгаа аж.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд эрх зүйн акт, дүрэм журам, зааврын хууль зүйн үндэслэлийг хянахад анхаарах асуудал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаа, түүнээс сэргийлэх арга зам, худалдан авах ажиллагаан дахь нийтлэг зөрчил, цахим худалдан авалтад хяналт тавих, шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, төсвийн орлого, зарцуулалтын ил тод байдалд хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын хүлээх үүрэг, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах аргачлал зэрэг сэдвээр сургалт хийж байгаа юм байна.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)