ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Арванхоёрдугаар сарын 6

Ш.Самбуу


Испанийн Үндсэн хуулийн өдөр

Европын бусад орнуудтай харьцуулахад Испанийн Үндсэн хууль харьцангуй залуу. 1976 оны арванхоёрдугаар сарын 15-нд Испанийн улс төрийн шинэчлэлийн тухай хуулийг батлан Хууль тогтоох Кортесийн үйл ажиллагааг эхлүүлсэн ба тэр нь шинэ Үндсэн хуулийг баталжээ. Испанийн ард түмэн 1978 оны арванхоёрдугаар сарын 6-нд бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг дэмжсэн юм. 

Финляндын тусгаар тогтнолын өдөр

Финляндын тусгаар тогтнолын өдөр нь бүх нийтийн баяр юм. Энэ өдөр төрийн байгууллагууд дээр төрийн далбааг мандуулж, цэргийн парад хийдэг бөгөөд шагнал гардуулах ёслол ба ерөнхийлөгчийн хүлээн авалт болдог. Хамгийн олон ёслол болдог баяр бөгөөд үд дунд улсын гол сүмд баярын мөргөл эхэлнэ. Орой нь оюутнуудын бамбарт жагсаал болдог байна. 

Эквадорын нийслэл Кито хот үүсэн байгуулагдсан өдөр

Нийслэл хот Сан-Франциско де Кито (San Francisco de Quito) эсвэл хамгийн их хэрэглэгддэг хувилбараар Кито (Quito) хот үндэслэгдсэн өдрөө эквадорчууд тэмдэглэж байна. Хотод Испанийн байлдан дагуулагч Себастьян де Белалькасар орж ирсэн 1534 оны энэ өдрийг тэд нийслэлээ үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэж иржээ.

Монголын цэрэг Киевыг эзлэв

Бат хааны цэрэг 1239 онд Орост шинэ аян дайн хийж эхлэв. Үүний өмнө татар-монголчууд Владимиро-Суздалийн нутгийг эзлэн Зүүн хойд хэсгийн 19 хотыг эзэлсэн байжээ. Оросын хотуудыг Батын цэрэг бүслэн хааж, байлдан эзэлсэн билээ. 1240 оны арванхоёрдугаар сард Батын цэрэг Киевт дөхөж ирээд хотыг эвдлэн сүйтгэхгүйн тулд хотынхонд бууж өгөх санал хүргүүлжээ. Гэвч хотынхон тулалдахаар шийдсэн байв. Монголчууд хотын хэрмийг цөмлөөд хотод нэвтрэн гол эсэргүүцлийг нь 6-ны өдөр даран хотыг бүрэн эзэлсэн байна. Эсэргүүцэл үзүүлсэнд нь хотын 50000 хүнээс 2500 орчмыг үлдээн бусдын нь хүйс тэмтэрч хотыг тоносон ажээ.

“Encyclopedia Britannica” номын эхний боть хэвлэгдэв

Эдинбург хотноо “Британника” нэвтэрхий толийн анхны ботийн эхний дэвтэр 1768 оны энэ өдөр хэвлэгдэн гарчээ. Түүний нэр нь “Британийн нэвтэрхий толь буюу шинэ төлөвлөгөөний дагуу хийгдсэн урлаг, шинжлэх ухааны толь бичиг”  гэж байв. Нэвтэрхий толийг бүтээх санаа хэвлэн нийтлэгч, номын худалдаачин Колин Макфаркуэр ба барлаг Эндрю Белл нарт төрсөн гэдэг. Нэвтэрхий толь нь 1771 он хүртэл жил бүр янз бүрийн сэдвийг хамаарсан эсээнээс бүрэлдсэн тусгай тохимол болон хэвлэгдэж байлаа. Нийтдээ 100 боть хэвлэгдэж, 2400 хуудас бичлэг ба 160 зураг орсон байв. Гурван мянган ширхэг хэвлэгдсэн нэвтэрхий толь тэр үедээ 12 фунт гэсэн өдөр үнэтэй ч дороо зарагддаг байжээ.


 
“Британника” найм дахь хэвлэлтээ хүртэл Эдинбургт хэвлэгдэн гарч байгаад дараа нь “The Times”-ын ивээлд орон 1870 онд Лондонд иржээ. Лондонд 9-10 дугаар хэвлэл нь, Кэмбрижид 11 дэх хэвлэл нь гарч байлаа. 1901 онд түүнийг Америкийн “Sheers, Roobeck & Co” компани худалдан авсан байна. 1920 онд түүнийг авсан шинэ эзэд нь Чикагогийн их сургуульд уг толийг хэвлэх эрхийг нь 1941 онд буцалтгүйгээр шилжүүлжээ. 1974 онд өнөөгийн 15 дахь хэвлэлийн “New Encyclopaedia Britannica” хийгдсэн байна. 1997 оноос цахим хэлбэрээр гаргаж байхаар болжээ.
 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)