Э.Баярмаа: Нэг ангийн 60 хүүхдийн 2 нь л эрүүл шүдтэй байна

О.Нансалмаа


Хүний нэг араа шүд дутуу байхад л зажлах чадвар 30-40 хувиар буурч, ходоодны үрэвсэл, амны хөндийн хавдар, чихрийн шижин зэрэг 200-гаад өвчин  үүсэх эхлэл болдог байна. Тэгвэл 0-15 хүртэлх насны хүүхдүүдийн шүдний өвчлөл жил ирэх тусам ихсэж байгааг  шүдний эмч нар хэлж байгаа юм. Харин эцэг эхчүүд хүүхдийн шүдийг сүүн шүд учраас цоорох нь энгийн үзэгдэл, авахуулсан ч ахиад ургачихна гэсэн буруу ойлголттой байдаг байна.

Өнгөрсөн сард СХД-ийн нэгэн сургуулийн бага ангийн сурагчдад хийсэн үзлэгээр нэг ангийн 60 хүүхдийн зөвхөн 2 хүүхэд л эрүүл шүдтэй гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ үзүүлэлт нийт өсвөр насны хүүхдүүдийн дунд ч ялгаагүй байгааг эмч нар хэлж байна. Хүүхдийн шүдний өвчлөл ийнхүү газар авсны гол шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдэдээ шүдээ тогтмол угаахыг  сургаагүй, шүдний өвчлөл үүсгэдэг чихэр, амттан гэх мэт зүйлсийг маш ихээр авч өгдөгтэй холбоотой юм байна. Тухайлбал шинэ жил, төрсөн өдөр, хүүхдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдэдээ ямар бэлэг авч өгдөг талаар иргэдээс тодруулсан юм. 

Эцэг эхчүүд 

Нүүр ам судлалын сургуулийн судалгаагаар 3-5 настай хүүхдүүдийн 79 хувь, 6-8 настай хүүхдүүдийн 85 хувь нь шүд цоорхой, үрэвсэлтэй гэсэн дүн гарчээ. Тэгвэл хувийн эмнэлэгт хүүхдийн нэг шүдийг эмчлэхэд 30-40 мянган төгрөг шаардагддаг байна. Харин эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүд шүдээ эмчлүүлэх боломж байдаггүй бөгөөд, шүдний өвнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ч мэдлэг сул байдгийг эмч нар хэлсэн юм.

Э.Баярмаа Нүүр Амны Их Эмч   “Зарим эцэг, эх хүүхдийн шүдийг сүүн шүд учраас өвчлөх нь энгийн зүйл гэсэн буруу ойлголттой байдаг”

М.Нарантуяа    Шүдний Их Эмч   13 настай хүүхдийн шүдийг үзэж, эмчлэх боломжтой эсэхийг тодрууллаа”

9-р сургуулийн сурагч    “Ээж аавдаа эрхлээд маш их чихэр иддэг байсан. Үүнээс бол шүд маань өвдөж байна”

 Хүүхдийн шүдийг цухуйж эхэлмэгц содтой ус, давстай хар цайгаар зайлж, 2 настайгаас эхлэн хүүхдийн оогоор тогтмол угаасан тохиолдолд шүдний өвчлөл үүсдэггүй байна. Энэ нь зөвхөн шүдний өвчлөлөөс биш бусад 200 гаран өвчнөөс урьдчилан сэргийлэх  хамгийн зөв арга гэдгийг эмч нар хэллээ. Мөн хүүхдийн шүдийг цоорлоос хамгаалах дараах аргыг эмч нар зөвлөж байгаа юм. 

СҮҮН ШҮДИЙГ ЦООРЛООС ХАМГААЛАХ

  • Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд цоорлын нянг халдварлуулдаг байна. Үүнээс үүдэн хүүхдийн шүд цоорох эх үүсвэрийг тавьдаг байна.

  • Бага насны хүүхдэд аль болох чихэр болон чихэрлэг зүйлсийг бага өгөх хэрэгтэй. Учир нь хүүхдийн шүд цоороход нөлөөлдөг байна.

  • Цагаан идээ тараг сүүг өгч байх нь хэрэгтэй ба цагаан идээг чихэргүй идүүлж сургах чухал юм.

  • Хүүхдэд аль болох зажлууртай хатуу ааруул, ээзгий идүүлж эрүүний булчнинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэх нь шүлсний ялгарлыг сайжруулж шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.

  • Хүүхдийн шүдийг 6 настай хүртэл эцэг эхчүүд өөрсдөө угааж өгөх хэрэгтэй

  • Хүүхдийн шүдийг ургаж эхэлснээс хойш хүүхдэд зориулсан зөөлөн сойзоор, зориулалтын хүүхдийн оогоор угаах

  • Хүүхдийн шүдийг хоол идсэний дараагаар өдөрт 2-оос доошгүй удаа угаах

  • Хүүхдийн шүдийг нэг удаа угаахдаа 2-оос доошгүй минут угаах ба хүүхдийн хэлийг оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздох

  • Хүүхдийн шүдний сойзыг хамгийн багадаа 3-4 сарын дотор сольж байх нь чухал

  • Хүүхдийн шүдийг байнга ажиглаж байх ба 3 сард нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлж байх

  • Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаасны дараа түүнд хоол хүнс идүүлэхгүй байх хэрэгтэй.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Одоо ч ёстой хамаагаа алдажээ социализмын үед нэг ангиас хоёр хүүхэд шүдний өвчтөй гарсан бол бөөн юм болдог байж гэтэл одоо 60-н хүүхдээс хоёр хүүхэд эрүүл гарсан гээд баярлаад байдаг болсон юм уу ?

    0 0 Хариу бичих
  2. 1990 оноос хойш манай бүх юм эмх замбараагаа алдсан, ялангуяа боловсролын салбар мөн эрүүл мэндийн салбар ... ямарч хариуцлагагүй болсон, яаж ийгээд нэг нэгнийгээ шулахаас өөр юм бодохоо больсон ... :((

    0 0 Хариу бичих
  3. 1 ангид 60 хүүхэд? WTF?!

    0 0 Хариу бичих