Тэхийн окоов

Eagle.mn


Америкийн Ерөнхийлөгчийн ярианы гол сэдэв нь Хойд Солонгос. Удирдагчтай нь твиттэрээр байнга хэрэлдээстэй. Элдэв нэр хоч өгнө, заналхийлнэ. Цаадах нь зүгээр байхгүй цаг алдалгүй хариуг нь барина. Бөөн шоу. Хоёр тал биенээ гол дайснаараа тодрууллаа. Дагаад мэдээллийн хэрэгслэл энэ сэдвээр бараг дагнах болов. Саяхан Хойд Солонгосын газар зүйн байрлалыг асуух асуулга зохиожээ. Америкчуудын ихэнх нь энэ гол дайснаа манай бөмбөрцгийн хаана байдгийг мэддэггүй аж. Зарим нь бүр Антарктидэд байдаг гэсэн бол, Номхон далайн жижиг арлыг заасан хүн ч гарсан. Гэтэл тавиад оны үед америкчууд Солонгосын хойгт байлдаж олон арван мянган хүнээ алдсан шүү дээ.

Дундач америк хүний газар зүйн мэдлэг үнэхээр дорой юм билээ. Зочид буудалд буух гээд бүртгүүлэхэд паспорт үзээд “Энэ Монгол гэдэг нь хотын нэр үү, эсвэл гудамж уу” гэж асууж байсан. Том буудлын менежер шүү дээ. Манай нэг оюутан ярьсан: сагс тоглодог хэдэн найзтай болж жил жингээ нөхөрлөжээ. Эхлээд л Монголоос ирсэн гэсэн чинь өнөөдүүл нь “аан” гээд л өнгөрч. Жилийн дараа тэд мань хүний суудаг хотыг асуужээ. “Би 10 мянган бээрийн холоос ирж сурч байна” гэсэн чинь “Танай тэнд тэгээд сургууль байдаггүй юм уу?” хэмээн гайхцгаах нь тэр. Нэртэй сургуулийн оюутнууд шүү дээ. “Дэлхийн хамгийн том улсуудыг нэрлээдэх” гэхээр “Мэдээж АНУ, дараа нь Техас, тэгээд Орос, Япон хоёрын нэг нь байх” гэж наасан тухай ч нэг нь ярьж байсан. Ерөнхийлөгч Буш Словенийн удирдагчидтай уулзаад “саяхан танай Ерөнхийлөгчтэй сайхан уулзалт хийсэн” гээд байсан нь Словак гэсэн шал ондоо улсыг хольж хутган шараа болж буй нь тэр.

Харин япончууд, европчууд нийтээрээ газар зүйн мэдлэг маш сайтай. Манай боловсролын тогтолцоо тийм ч гойд биш л дээ, гэхдээ газар зүйн мэдлэгийг маш сайн өгдөг байжээ гэж эргээд санахаар бодогддог юм. Дөрөвдүгээр ангийн Түмэн бодис хэмээх хичээлээр салхи хэрхэн үүсдэг, яагаад бороо ордгийг сайтар ойлгуулж чадаагүй мөртөө дэлхийн бөмбөрцөгийн хаана нь ямар улс гүрэн байдгыг жигд мэдүүлдэг байв. Энэ нь үзүүлэн материал хангалттай байгаагүйтэй холбоотой байх. Гэхдээ анги болгонд Дэлхийн улстөрийн газрын зураг өлгөөтэй байх. Таван тив, дөрвөн далай гээд л эхлэнэ. Хүүхдүүд газрын зураг дээр сайн дураараа багшаасаа хавьгүй илүү ажиллана. Санахаас анги болгонд л завсарлагаанаар газрын зураг дээрх улс хот гол мөрнийг таах, түрүүлж хэлэх уралдаан болдогсон. Энэ тэмцээнд оролцогч хүүхдүүдийн газар зүйн мэдлэг сурлагаас нь үл хамаарна. Гэхдээ газрын зураг орос хэл дээр байх учир нэр усыг янз бүрийн дуудлагаар хэлнэ. Тэглээ ч дэлхийн бүх улсын нийслэлийг цээжээрээ хэлдэг хүүхэд ховор байгаагүй юм шүү.

Албан хонтоор Монголоор дүүрэн. Улстөрийн товчооныхны зураг мэдээж бөөнөөрөө дүүжлээтэй. Гэхдээ даргын зэрэг зиндааг харуулах гол гоёл нь “Политическая карта мира” гэсэн маш том зураг өлгөөтэй. Хонтоорын гол гоёл чимэглэл байсан юм болов уу даа. Дөрвөн хэсгээс бүрдэг тэр зургийг нямбайлан залгаад паниаран дээр наан жаазалсан байвал тэгээд л хадандаа гарч буй нь тэр. Томоохон дарга нарын эл зургийн наана укаасаг гэх урт заагуур мод байх нь элбэг. “Үнэн” сонинд “Америкийн империалистууд Грэнада улсад довтлов” гэхэд л сургуулийн хүүхдээс эхлээд том оворын дарга хүртэл газрын зургаас нүдэнд үл үзэгдэх шахам Грэнада арлыг эргэлзээгүй шууд л олж заана.

Дээр үед би “Тэхийн окоов Чойжко” гэж нэлээд настай хүн таньдаг байв. “Тэхийн окоов” гэх энэ этгээд хочоо бусдад тайлбарлах дуртай нэгэн. Дөчөөд оны үед бага сургуульд байхдаа самбарын өмнө асуугджээ. Дөрвөн далайг нэрлэх ялд унаж. Гурвыг нь хэлчихээд нэгийг нь бардаггүй. Багш уурлан энэ байна хэмээн Номхон далайг укаасагдаад лавлахад тэрээр газрын зураг руу баахан ширтэж байснаа “Тихий океан” гэдгийг Тэхийн окоов гэх уншин бөөн инээдэм болсон гэх. Нэрт эрдэмтэн Шагж дэлхий бөөрөнхий гэж ярихаар итгэдэггүйгээр барахгүй өөрөөр нь даажигнаж байна хэмээн ууралдаг ч газрын зургаас далай тив улс орныг сайн мэддэг байсан тухай Дамдинсүрэн гуай дурссан нь бий.

Монгол улсын хилийг нарийвчлан тогтооход хэдэн үеийн турш тэмдэглэн хадгалагдсан хошуу, аймгийн газрын зургийг ашиглан маргаангүй шийдсэн гэх талаар Цэдэн-Иш гуайн дурссан ном ч бий. Зөвлөлтийн цэргийнхний ашиглаж байсан 500 мянгын, тэрбайтугай 250 мянгын масштабтай асар том “БНМАУ-ын газрын зураг” 1990 оноос ил болж өдгөө энд тэндэхийн хонтоорт үзэгдэх болжээ. Сүүлийн үед сансрын зураг их моод болсноор газрын зургийг уул устай нь зам харгуйтай нь ялган харах сайхан бололцоо нээгдлээ. Геологич Гарамжав гуайн яриагаар Оюутолгойг анх нээсэн хүн нь сансрын нисгэгч Гүррагчаа гуай гэнэ. Тэрийгээ өөрөө мэдээгүй л дээ. Гэхдээ тэр Монгол орнысансрын зургийг анх авчиржээ. Гэтэл Өмнөговийн нутагт асар том хуйларлын дүрс байгаа нь ажиглагджээ. Ийм хуйлрал дороо асар их баялаг агуулдаг болох нь геологийн ухаанд мэдэгдэж байсан хэрэг.

“Аанхаан” маягийн асуулт хариултын уралдааныг зурагтаар хараад сууж байхад өнөөгийн сурагч оюутнуудын газар зүйн мэдлэг ерөнхийдөө дундач америкчуудынхтай адил болчихсон юмуу даа! Шалгарсан тэргүүний оюутан ч “Сайн итгэлтийн хошуу”, “Франц Иосифын газар”, ”Тасманы арал”, “Галт газар” гэх мэтийн асуултад өнхрөөд л өгөх бололтой.

Английн Коллинз хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Дэлхийн улстөрийн газрын зураг”-ийг мөнөөхөн НЭПКО хэвлэлийн газраас 1,5 х 2,4 метрийн хэмжээтэйгээр монгол хэлээр хэвлэн гаргалаа. Урьдны дээр өгүүлсэн орос зургийг бодвол эвлүүлж наах шаардлагагүй нэг цулаас гадна “Өмнөд Судан” хэмээх саяхан шинээр буй болсон улсыг багтаасан, бүх нэршил нь монгол хэлээр. Мэдээж энэ хэмжээ нь айлд биш хонтоорт зориулсан аварга эд. Айл гэрт бол 1 х 1,4 метрийн хавтгайтай жижиг хувилбар нь бий. Мөн 500 мянгын масштабтай Монгол орны сансрын зургийг (1,5м х 2,7 м) бүх аймгийн хил сумдын нэртэйгээр хэвэллээ. Үүнийг Германы Бэртэлманн хэвлэлийн газраар дамжуулан сансрын зураг авдаг “Жоай” хэмээх алдартай компанид захиалан албан ёсны эрхтэйгээр худалдан авсан юм.

Гол нь хэдэн газрын зураг хэвлүүлчихээд энд тэнд шахах, борлуулахыг чухалчлаад байгаа юм бишээ. Хүмүүс, ялангуяа залуус, оюутан сурагчид газарзүйн мэдлэгээрээ америкчуудаас дээш гарч, түрүү үеийн ахмадуудынхаа хэмжээнд очоосой л гээд байгаа юм. Агнуурын тэнгис гэдэггүй юм байна, энэ нь тунгус хэлний “охот” буюу мөрөн гэсэн үг учир Охот тэнгис аж, Нигер, Нигериа хоёр чинь тусдаа өөр улс юм байна, Шанрила гэдэг чинь Хятадын асар том нурууны нэр юм байнашдээ, Зааны ясан эрэг улсын жинхэнэ нэр нь Кот дивуар, учир нь улсын нэрийг орчуулж хэрэглэх нь муухай, Владивосток, Тавантолгой хоёр яг нэг өргөрөг дээр байралдаг. Гэх мэт гэх мэт. Туршлагаас харахад мэргэжлийн бус хүн газар зүйн мэдлэгийг сургуулиас гэхээсээ газрын зурагтай ойр байж олж авдаг юм билээ.

2017.12.1

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх