UNPLUG - 2017 эвэнтээс ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Unread.today сайтын хамт олон залуусыг эрч хүчээр дүүргэж, мотивацилах зорилготой UNPLUG-2017 арга хэмжээг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн жил 500 залуус энэхүү арга хэмжээнд оролцож байсан бол энэ жил 800 гаруй залуусыг нэгтгэж, цар хүрээгээ улам тэлжээ. Мөн гурван цуврал хэлэлцүүлгийн хүрээнд Монголын бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй томоохон компаниуд, старт-аппыг үүсгэн байгуулагчдыг урьж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Ингээд та бүхэнд UNPLUG-2017 арга хэмжээнд оролцсон манлайлагч залуусын ярианаас гээж үл болох онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

I. ЭНТРЕПРЕНЕР СЭТГЭЛГЭЭ ЭХЛЭЛ ЦЭГ МӨН ҮҮ?

Хүн төрөлхийн энтрепренер байдаг уу эсвэл олдмол чанар уу? Бизнест амжилт гаргах гол нөхцөл юу вэ? гэх мэт сонирхолтой бөгөөд өргөн асуудлын хүрээнд эхнийг хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Метро девелопмент группийн үүсгэн байгуулагч Б.Одсүрэн: Өөрөө өөртэйгээ тэмцэлдээд ялж чадсан хүн л амжилтанд хүрдэг

16 наснаасаа ганзагын наймаа эрхэлж бизнест хөл тавьсан тэрээр алдаа, оноог хослуулж өнөөдрийн амжилтанд хүрснээ ярианы эхэнд дуулгасан юм. Анх 1997 онд мэдээлэл, технологийн чиглэлээр компаниа байгуулж, өнгөрсөн хугацаанд 60 гаруй санааг бизнес болгохоор зорьсноос эдүгээ таван чиглэл нь амжилт олж, хөл дээрээ босчээ.

  • Хувь хүн хэвтээ болон босоо гэсэн хоёр чиглэлээр хөгждөг. Хэвтээ чиглэл хүнд академик мэдлэгийг өгдөг, үүнд бид суралцах хэрэгтэй. Гэхдээ амжилтанд хүрэх, шатлал ахих нь хувь хүний босоо хөгжлийн чиглэлээс шалтгаалдаг. Энэ нь бусадтай харилцах, хүнд хэцүү нөхцөлд шийдэл гаргах, шүүмжлэлт сэтгэлгээтэй, тэвчээртэй байх гэх мэт амьдралын ухаан юм. Үүнийг олон улсын хэллэгээр EQ хэмээдэг.
  • Өөрөө өөртэйгээ тэмцэлдээд ялж чадсан хүн л амжилтанд хүрдэг.
  • Бизнес тэр чигээрээ алдаа шүү дээ. Бизнес тэнцэх нь алдаа, амжилт тэнцүү алдаа. Тиймээс алдаанаас ерөөсөө айж болохгүй. Гэхдээ алдаанаасаа өөрийгөө сайжруулж авч гарч чадахгүй бол тэгээд л карьер дуусна. Хэн нэг хүний, ямар нэг компанийн гүйцэтгэгч болоод л дуусна. Залуучууд тэвчээртэй, зоригтой бай, өөрийгөө хөгжүүл.

Мон Бэйкери ХХК, Tous Les Jours Mongolia-ийн үүсгэн байгуулагч Д.Ариунбат: Алдаж оносон он жилүүдээ эргэн харахад дахин дахин амьдарч чадах тийм сайхан амьдрал гэж боддог

Түүний бизнест хөл тавьсан түүх тун сонирхолтой. Д.Ариунбат 1988-1994 оны хооронд Хойд Солонгост лабораторийн инженерээр суралцаад эх орондоо хөл тавихад нийгэм бүхэлдээ өөрчлөгдсөн, хүнд хэцүү үе түүнийг угтжээ. Тэрээр 1998 онд Мон Бэйкери компаниа байгуулж, 2007 онд Монгол дахь анхны кофе шопуудын нэг Caffe Ti-amo-г нээж байжээ.

  • Би айлын том охин. Намайг зургаан жилийн дараа Улаанбаатарт буухад 100 төгрөг өгөх ч ах дүү байгаагүй. Хамаатан садан, гэр бүлийнхэн маань бүгд хөдөө байсан. Их л хэцүү байлаа. Бүх юмнаас хоцорчихсон, юу ч мэдэхгүй Монголдоо ирж байсан ч гэсэн надад боломж байсан. Нэгдүгээрт, би солонгос хэлийг маш сайн сурсан байсан. Тухайн үед солонгос хэлтэй хүн хуруу дарам цөөн байлаа. Хоёрт, дэг журамд суралцаж, цагийн юмыг цагт нь хийж сурсан байсан.
  • Анх аялал жуулчлалын компани байгуулаад Солонгос руу наймаа хийхээр явж буй хүмүүст хөтөч болон явж, бүх зүйлийг зааж өгдөг байсан. Ингээд Өмнөд Солонгост дахин гурван жил амьдрахдаа одоогийн бизнесийн санаагаа олсон. Тэгээд зарагдахгүй бол өөрөө идчихнэ дээ гэж бодоод анхны дэлгүүрээ нээж байсан. Одоо тэр гэнэн бодлоо бодож өөрийгөө шоолдог.
  • Надад олон салбар руу орох боломж байсан. Бизнес хийдэг компаниудын дунд хөтөч хийж явахдаа үнэ, өртөг, харилцагч гэх мэт олон мэдээллийн дунд байсан. Тухайн үедээ компани ингэж ашиг олдог юм байна гэдгийг хар барагцаагаар ойлгож авсан. Гэхдээ нарийн боовны бизнестээ үнэнч байсан нь намайг өнөөдрийн амжилтанд хүргэсэн гэж боддог.
  • 2007 онд Caffe Ti-amo-г нээж байхад хамаатан, эргэн тойрны хүмүүс маань 150 төгрөгний найруулдаг кофег 2700 төгрөгөөр зарах чи тэнэг үү? гээд хэн ч дэмжээгүй. Яг үнэндээ бизнес хийж байгаа хүнийг хөндлөнгөөс харахад тэнэг ч юм шиг, хөөрөлттэй ч юм шиг харагддаг. Бүгд л боль гэж байхад өөрт минь болно гэсэн зөн совин байдаг байхгүй юу. Гэхдээ би тэрийг өөрөө тааж олоогүй. 5 жил, 10 жилийн дараа ийм болохын байна гэсэн таамаг харагддаг. Тэрийг л би дагасан болохоос, зохиож олоогүй юм шүү дээ.
  • Caffe Ti-amo-г нээгээд эхний жил ямар ч ашиггүй ажиллаж байсан. Аливаа бизнест эртдэх бас оройтох үе гэж байдаг юм байна.
  • Бизнесээ эхлэх гэж буй хүмүүст хандаж хэлэхэд тухайн зүйлээ маш сайн судлах хэрэгтэй. Бодит байдлыг цаасан дээр нарийн буулгах шаардлагатай. Над шиг болно биз, болохгүй бол идчихнэ гэж битгий хийгээрэй. Би янз янзын зүйл туршиж үзсэн. Мэдэхгүй зүйлээ дэмий эхлүүлснээс болж олон зүйл хаяж байсан. Эрсдэл гаргахаасаа өмнө сайн судал.
  • Дараачийн шатанд шинэ үеийнхний хийх зүйл, орон зай дандаа хоосон байдаг.
  • Бизнес хийсэн он жилүүдээ алдсан, оносонтойгоо нийлүүлээд харахад дахин дахин амьдарч чадах тийм сайхан амьдрал гэж боддог. Олсон мөнгөндөө биш шүү. Хүн өөрийгөө хэн гэдгийг харуулж чадах, мэдэрч чадах, далд байгаа чадвараа нээх, өөрийгөө бүрэн дайчлах боломжийг олгодог болохоор тэр.  

SPS телевизийн үүсгэн байгуулагч, Microsoft Mongolia-ийн Бизнес хөгжлийн захирал Н.Наранбат: Амжилттай байхын тулд хүн хүнээрээ л байх ёстой

Эрхүүгийн зах дээр зуны гурван сар ээж, найзуудтайгаа бууз хийн зардаг байсан Н.Наранбат сургуулиа төгсөөд MCS электроникст хоёр жил ажилласны дараа Голланд руу тэтгэлгээр суралцахаар явжээ. Эргэж ирснийхээ дараа Скайтел, Юнител гэх мэт хувийн компаниудад ажиллаж туршлага хуримтлуулж байсан талаар яриагаа эхэлсэн юм.

  • 90-ээд оны эхээр 13,14 настай байсан бидэнд сонголт байгаагүй юм шиг санагддаг. Нийгэм өөрчлөгдөж, нээлттэй болж байсан үед ажилла эсвэл өлбөрч үх гэсэн хоёрхон л сонголттой байлаа.  
  • Нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиж байсан тэр харгис үеийг давахын тулд ээж, аав маань үнэхээр их зүтгэсэн. Тэр хүнд үеийг дахиж тэдэнд амсуулахгүйн тулд, мэдрүүлэхгүйн тулд бизнесийн салбарт орох шийдвэр гаргасан.
  • Ямар нэгэн салбарт амжилттай байхын тулд хүн хүнээрээ л байх ёстой. Энэрэнгүй, хүнлэг байх л хэрэгтэй.
  • Өнөөдөр залуус мэдлэг гэдэг зүйлийг хуваалцаж байж л цаашаа ахина.
  • Алдааг хамгийн түрүүнд өөрөөсөө хай. Алдааг өөрөөсөө хайгаад мэдэрчихсэн тохиолдолд дахиж тэр алдааг гаргах нь тун ховор.

Хуур Мюзик группийн үүсгэн байгуулагч С.Дөлмандах: “Би энэ бизнест хамгийн чухал хүн нь” гэж боддог нь хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа

Компьютер хараад анхны харцаараа “дурлачихсан” тэрээр 2004 онд сургуулиа төгсөөд анхны ажлын гараагаа  эдүгээ LENDMN, Анд Глобал ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анарын компанид ажилд орсноор эхлүүлжээ. Маргааш нь нэгэн банкнаас тав, зургаа дахин өндөр цалинтай ажлын санал ирсэн ч Ч.Анартай ажиллавал их зүйл сурах юм байна гэж дүгнэсний үндсэн дээр уг саналаас татгалзсан тухайгаа тэрээр ярьсан юм.

  • Гудамжинд явахад шийдлээ хүлээсэн дүүрэн асуудлууд, бэрхшээлүүд, “жимснүүд” харагдаад байдаг. 10 жил мэдээллийн технологийн салбарт ажилласан туршлагатай надад амархан, шийдчихэж болмоор санагддаг байсан. Яг үнэндээ түүх гээд эхлэхээр “өргөстэй”, “түүхий” жимснүүд л их байсан.
  • Ямар нэгэн юм хийх гэж байгаа бол цаана нь юу байдаг, яаж ажилладгийг нь заавал уншиж мэд.
  • Ихэнх хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь “Би энэ бизнест хамгийн чухал нь. Би л ачааг нь үүрч энэ бизнесийг хөдөлгөж байна” гэж боддог. Гэхдээ чамайг гарахад орлох хүн үргэлж байдаг. Тиймээс даруу бай.
  • Алдаа гарахад хажууд чинь хэн байх нь чухал. Хийж байгаа зүйлээ олон талын мэргэжлийн хүний нүдээр харах хэрэгтэй.
  • Тасралтгүй суралцаж, аливаа зүйлийг уйгагүй оролдож байсан зан чанар маань намайг өнөөдрийн түвшинд авчирсан.
  • Сайн програмыг гурван удаа бичдэг гэсэн үг бий. Эхний удаа бичихэд асуудлаа ойлгодог, дараагийн удаа зөв шийдлийг нь олдог. Гурав дахь удаа асуудал, шийдлээ аль алиныг нь ойлгочихсон байдаг.
  • Ерөнхий зарчим нь, маш жижигхэн ч хүмүүсийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлыг шийдчихэд л тэр бизнес болдог.

II. БАЙГУУЛЛАГА, КОМПАНИД ИННОВАЦИЙН ДНХ-Г СУУЛГАХ НЬ

Энтрепренер сэтгэлгээний дараагийн шат болох инноваци. Том, жижиг байгууллагууд хэрхэн инноваци хийдэг вэ, байгууллагын доторх энтрепренерүүд буюу интрапренерүүдийг хэрхэн бий болгож, өсгөн бойжуулах вэ вэ? Бүтээлч, шинэ санаачилга дэвшүүлдэг ажилтнуудаа дэмждэг байгууллагын соёлыг хэрхэн бүрдүүлэх вэ? гэх мэт асуултуудад хоёрдугаар хэсгийн хэлэлцүүлэг хариулт өглөө.

Петровис ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан: Бизнесийн улс төрөөс ялгагдах хамгийн том ялгаа бол чадаж байгаа хүн нь ахидаг тогтолцоо юм

  • Мэдээж байгууллага том байх тусам инноваци хийх хэцүү. Гэхдээ сайн баг бүрдүүлж, багаа хөгжүүлж, тэр багтаа ажил хариуцуулж хийлгэх замаар инновацийг хийдэг болов уу гэж боддог. Үүнээс гадна бидэнд давуу тал бий. Тэг цэгээс гараагаа эхэлж буй ихэнх энтрепренерүүдтэй харьцуулахад бидэнд нөөц бололцоо, чадавхи, санхүү байдаг. Үүнийг зөв зүйл рүү л чиглүүлэх хэрэгтэй.
  • “Шинэ тэнгэрийн хааяа”-г бид байнга харж байх ёстой. Бизнест нэг зүйлдээ хүчтэй төвлөрч ажиллаад, нэг амжилт, нэг тооны төлөө ажилласан үед өдөр бүр түүнийгээ бодож, өөр зүйл анзаарах сөхөө гардаггүй. Тиймээс жилдээ хэд хэдэн удаа манай байгууллага дээр юу өөрлөгдөж байна, гадна зах зээл дээр юу болж байна, хүсэн хүлээсэн өөрчлөлтүүдээ хийж чадаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Мөн үүнийг нийт хамт олондоо яаж хүргэх үү, яаж шинэ тэнгэрийн хааяагаа хамтдаа харах уу гэдэг дээр ажиллаж чадвал инновацийг амжилттай хийнэ.  
  • Залуусыг ажилд авахдаа чадвар эзэмших хурд, хариуцлагатайгаар ажлыг нугалах чадвар, бусадтай хамтарч ажиллах байдлыг нь гол шалгуур болгодог.
  • Үр дүн гаргаж байгаа тэр хүн л хурдан дэвших ёстой. Бизнесийн улс төрөөс ялгагдах хамгийн том ялгаа бол чадаж байгаа хүн нь ахидаг тогтолцоо үйлчилдэг. Чадаад, хийгээд, үзүүлээд, бусдад хүлээн зөвшөөрөгдөж байгаа хүн л энэ системд хамгийн хурдан ахидаг.

Юнител ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбат: Ажилчдаа тав тухтай байдлаас нь гаргаж, дараагийн хүсэл тэмүүлэл рүү нь аваачих нь компанийн удирдлагын хийх ёстой хамгийн том ажил

Тэрээр Юнител компани 2006 онд анх байгуулагдахад инженерээр ажилд орж эдүгээ гүйцэтгэх захирал хүртэл өсөн дэвшжээ. Мөн тухайн үед 30 ажилтантай байсан үүрэн телефоны оператор өнөөдөр 1100 ажилтантай, зах зээлийн 40 гаруй хувийг эзэлсэн, түүчээлэгчдийн нэг болоод байна.

  • 2006-2011 оны хооронд одоогийн Юнител компанийн үндэс суурийг тавьсан залуучуудын дундаж нас 25 байсан гээд бодохоор Монголын бизнесийн орчин залуусыг юм хийж, өөрсдийгөө харуулах боломж өргөн байна.
  • Хүмүүс нэг хэсэг тодохой карьерт хүрэх, том төслийн ард гарах гээд маш эрч хүчтэй ажилладаг. Тэр нь амжилттай болоод удирдлагаас урамшуулал авсны дараа амжилтандаа ханаад, “Comfort Zone”-доо үлдчих гээд байдаг. Ажилчдаа тэр тав тухтай байдлаас нь гаргаж, дараагийн хүсэл тэмүүлэл рүү нь аваачих нь компанийн удирдлагын хийх ёстой хамгийн том ажил.
  • Ажилчиддаа хийх эрх мэдлийг нь өг. Удирдлагууд эрсдлийг нь түрүүлж ярих гээд байдаг. Тэгэхээр тухайн хүн хийж чадахгүй бол яанаа, удирдлагынхаа өмнө хэлсэн үгэндээ хүрч чадахгүй бол яанаа гэсэн айдастай үлддэг. Үүнийг бид эрсдлийг хуваалцах замаар даван туулж болно. Өөрийнхөө бүх хүчин чадлыг дайчлаад зоригтой хий, амжилтанд хүрэхийг хичээ. Хэрэв чадахгүй бол би ч бас эрсдлийг чинь хуваалцъя гэсэн итгэл үнэмшлийг бий болговол ажилчдаа дараагийн түвшинд гаргаж чадна.
  • Аливаа хүнээс хамгийн түрүүнд суралцах чадварыг нь хардаг. Дараа нь хамтын ажиллагаа. Энэ хүн хажууд байгаа хүнээсээ эхлээд гадаадын зах зээл дэх хүнтэй хэрхэн хамтарч ажиллаж чадна байна вэ гэдгийг хардаг. Гуравдугаарт мэргэжлийн ур чадварыг нь харгалздаг.

Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Бид нэгдэх, нийлэх цаг болсон. Монголдоо том компани гэгдэж байгаа ч хил даваад л бид жижиг, дунд үйлдвэрлэгч шүү дээ

Хамгийн их инноваци нэвтрүүлж болох, дагаад олон хүний амьдралд өөрчлөгдөх боломж харагдсан учраас хүнсний ууган үйлдвэр “Сүү” хувьцаат компанийг сонгож ажиллахаар шийдсэн гэж тэрээр ярьсан юм.

  • Инновацийг хүмүүс том хөрөнгө оруулалтаар шийдэх асуудал гэж боддог. Гэтэл “Сүү” компанид өнөөдрийг хүртэл хийгдсэн, хийгдэж байгаа ажлуудыг нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт авахгүйгээр, доторхи зохион байгуулалтаа өөрчлөх замаар хийсэн.
  • Инновацилаг санаа гаргахын тулд хүнийг өдөр тутмын ажил, ачааллаас нь чөлөөлөх хэрэгтэй. Хүн өдөр бүр нэг л ажлыг хийгээд байдаг. Гэтэл тухайн хүнд асуудлыг шийдэх санаа байсан уу гэвэл байсан. Гэвч хэзээ ч боломжийг нь олгож байгаагүй, удирдлагууд нь анхаарч сонсдоггүй. Өөрөөр хэлбэл, орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.
  • Бид өрсөлдөөн гэдэг нэрийн дор асар их зардал гаргадаг, тансаг орчинд байлаа ш дээ. Одоо нэгдэх, нийлэх цаг болсон. Яагаад гэвэл энд Монголын гурван том компанийн төлөөлөл сууж байна гэж байгаа ч хил даваад л бид жижиг, дунд үйлдвэрлэгч шүү дээ.
  • Залуус их гоё ярьдаг, амладаг ч гүйцэтгэл нь тэг байдаг. Тиймээс миний хувьд хамгийн түрүүнд хариуцлага, гүйцэтгэл хоёрыг хардаг.  

III. ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ ЗАГВАР

Энтрепренер сэтгэлгээтэй байгаад, инноваци хийж чадвал дараагийн шат нь юу вэ? Монгол бизнес дэлхийн зах зээлд гарахын тулд ямар бодлого, бизнесийн моделийг барих хэрэгтэй вэ? Бидний өрсөлдөх давуу тал юу вэ, бизнесээ өргөжүүлэхэд давуу талаа хэрхэн ашиглаж болох вэ? Хариултыг гурав дахь хэлэлцүүлэг хөндлөө.

LENDMN, Анд Глобал ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар: Том компаниуд, банкууд л старт-аппыг худалдаж авдаг байсан бол бид эсрэгээрээ банк худалдаж авсан

  • Чи эх орондоо амжилт олоогүй бол хүний нутагт, өөр соёлтой газар амжилт гаргах хэцүү.  
  • Санхүү болон эрүүл мэндийн компани олон улсын зах зээлд хамгийн нарийн зохицуулалттай байдаг. Санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бидний хувьд өөр нэг улсын зах зээлд орохын тулд 1-1.6 сар хууль, эрхзүйн судалгааг хийж, олон нарийн зохицуулалтыг давж гарах хэрэгтэй болдог.
  • Залуус старт-апп гэхээр мэдээллийн технологийг хараад байдаг. Гэтэл аж үйлдвэрийн салбарын инноваци технологи чухал байна. Залуус дунд органик химийн хүн байвал 20 сая доллар санал болгосон төсөл ч байна. Харамсалтай нь ихэнх залуус IT-ийн салбар дээр төвлөрөөд байна.
  • Монголчууд юмыг хооронд нь эвлүүлж, зохион байгуулж чаддаг хүмүүс. Энэ чадвар оюуны салбарт хамгийн том давуу тал, хил хязгааргүй хамгийн өргөн боломж олгож байна.
  • Том компаниуд, банкууд л старт-аппыг худалдаж авдаг байсан бол бид эсрэгээрээ Филиппинд үйл ажиллагаа явуулдаг банкыг худалдаж авсан.
  • Дэлхийн хамгийн том 7 хөрөнгө оруулалтын сан манайд хөрөнгө оруулалт хийе гээд халга тогшоод, дугаарлаж байна.
  • Манай компани бол Монголын залуусын зүрх сэтгэл шингэсэн компани. Тиймээс бид тэрбум долларын үнэлгээнд хүрэх тун ойрхон байна.

LHAMOUR Брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан:  Өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, эх дэлхийгээ хайрлах гэсэн Lhamour-ийн философийг хэрэглэгчиддээ хүргэхийг зорьж байна

Анх 2014 онд үйл ажиллагаагаа эхэлж байсан Lhamour брэнд эдүгээ дэлхийн 7 оронд бүтээгдэхүүнээ гаргаж, гадаад зах зээлд амжилттай хөл тавиад байгаа юм.

  • Хүссэн хүнд нь эрүүл бүтээгдэхүүнийг хүргэе гэсэн зарчмаар анх бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн. Энэ нь зөвхөн бүтээгдэхүүн гэхээсээ байгаль орчинд ээлтэй байлгаасай гэж хүсдэг.
  • Өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, эх дэлхийгээ хайрлах гэсэн Lhamour-ийн философийг хэрэглэгчиддээ хүргэхийг зорьж байна.
  • Монголд байгаа түүхий эдийг ашиглаж уламжлалт ёсоор бидний хэрэглэж заншсан зүйлд инноваци оруулаад, өнөө үед тохирсон, олон улсын хүсээд байгаа тэр бүтээгдэхүүнийг л хийхийг хүсдэг.
  • Хөгжсөн орны иргэд үйлдвэрлэлийн салбараас маш их залхаж байна. Өртөг багатай, массын бүтээгдэхүүн хэрэглэснээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас бүгд органик бүтээгдэхүүн хүсч байна.

WOOVOO APP-ийг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр:  Монгол залуус Солонгосын оймсны үйлдвэрт ажиллахаар дугаарлаж байсан бол одоо гадаадын иргэд манайд ирээд ажиллаж байна

WOOVOO дижитал сэтгүүлийн хамт олон сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхийн 10 хотын талаарх мэдээллийг англи, испани, хятад, орос, япон, монгол гэсэн зургаан хэл дээр гаргаад байна.  

  • 2017 оны Тавантолгойн цэвэр ашиг 50 тэрбум төгрөг гарлаа гээд л ярьж байна. Хамгийн том ордоо ухаад нэг жилд олсон ашгаараа бид Асем Виллагийн 10 байшинг л худалдаж авч хүчирнэ шүү дээ.
  • Цоо шинэ зүйл хийх гээд байх шаардлагагүй. Яагаад бид хийх ёстой юм, бид юугаараа давуу юм бэ гэдэг концептоо гаргаад ирчихвэл болно. Тесла өнөөдөр Фордын араас 120 жилийн дараа машин хийгээд ашиг олохгүй ш дээ.
  • Залуус нэгдэх хэрэгтэй. Нэг нэгээрээ 20 компани байгаад хэрэггүй.
  • Хүмүүс Жэк Магийнх шиг хамгийн ашигтай бизнесийг л эш татаж ярьдаг. Сингличүүдийн өдрөөр олсон ашиг шиг шууд л 18 тэрбумыг олоод байсан юм шиг санадаг. Гэтэл тэр хүн онлайн худалдааг нээхдээ өөрийнхөө хөргөгчийг 30 удаа худалдаж, 30 удаа өөрийнхөө хөргөгчийг худалдаж авч байсан юм шүү дээ.
  • Биднээс та нар яаж Европ, Азийн аль алинд нь таалагдахаар дизайн хийгээд байнаа гэж асуудаг. Монголчуудад маш олон давуу тал байгаагийн нэг нь, өөрсдөө Ази соёлтой, Орос маягаар сургууль төгсчихсөн, баруунд очоод хүмүүжчихсэн учраас аливаа зүйлийг бүх талаас нь харж чаддаг.
  • Бид дэлхийн топ-200 хотын мэдээллийг аппликэйшн болгохын зорьж байна.
  • Өмнө нь монгол залуус Солонгосын оймсны үйлдвэрт ажиллахаар дугаарлаж байсан бол одоо манайд 9 орны 17 хүн ирээд ажиллаж байна.

“Говь” ХК-ийн дэд захирал Л.Ариун:  “Говь” компанийн экспортын борлуулалт 45 хувийн өсөлттэй гарсан

  • Ноолуур гэдэг үнэтэй, тансаг бүтээгдэхүүн. Худалдан авагчийн итгэл үнэмшил байж байж жирийн ноосон бүтээгдэхүүнээс хэд дахин өндөр үнэ төлж тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг.
  • Бид дэлхийн ямар ч үйлдвэрээс, ямар ч компаниас илүү түүхий эдтэйгээ ойрхон компани учраас бидэнд боломж байна.
  • Улс бүр, бүс нутаг бүр харилцан адилгүй. Тухайн оронд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд размер, өнгө, үнэ, загвар, ямар сувгаар борлуулалт хийх вэ гээд бүх стратегиа шинээр гаргадаг.
  • 2016 онтой харьцуулахад “Говь” компанийн экспортын борлуулалт 45 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь бидэнд ямар их боломж байгааг харуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Uneheer mundag humuus baina yariltslagiig herhen butneer ni uzeh ve

    0 0 Хариу бичих
  2. Ochij suugaaguidee haramschihlaa

    0 0 Хариу бичих