Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар салбарын сайд Ц.Нямдорж мэдээлэл өгсөн юм. Тэрээр,

“Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ. Энэ хоёр байгууллагын алинд шилжүүлэхээ дахин судалж байж эцсийн шийдвэрийг гаргана. Харин гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материалыг нууцын зэрэглэлтэй үлдээж байна. Захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, үргэлжлүүлэн шалгахаар болсон. Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ илүү нээлттэй болно” гэлээ.

Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ илүү нээлттэй болно

Мөн тэрээр хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх эсэх талаар асуултад “Шүүхийн журмаар явна. Ер нь тийм бололцоо бий. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах боломжтой байдаг. Хоёрдугаарт, хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна” гэв.