Ханиад, томуу хайхрамжгүй зангийнх

А.Санчир


Монголчууд бидний дийлэнх нь хэнэггүй, хайхрамжгүйгээсээ болж ханиад, томуу тусч байна. Өөрөөр хэлбэл бидэнд амьсгалын замын энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зуршил, амьдралын зөв хэвшил төлөвшөөгүй. Тиймээс ханиад, томуу туссан хойноо л гэнэт ухаарч, хүчтэй эм, тариа, антибиотик хэрэглэхийг чухалчилдаг нь нууц биш. Уг нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадвал эрүүл мэнд болон эдийн засгаараа хохирохгүй байх боломж хүн бүрт бий.

Хайхрамжгүй, тоомсоргүйгээсээ болж ханиад, томуу тусч байгааг нотлох нэг судалгааг сонирхуулъя. Энэ бол манай www.eagle.mn сайтаас уншигчдынхаа дунд явуулсан ээлжит санал асуулгын үр дүн юм.
Энэ удаа бид “Та ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?” гэсэн асуултыг уншигчдадаа тавьсан юм. Санал асуулгын дүн тун сонирхолтой гарчээ. Сонирхолтой гэдэг нь яах аргагүй монголчууд бидний ахуйн соёл, зан төлвийг илтгэхүйц үр дүн гэсэн үг. Тодруулбал, санал асуулгад оролцогчдын дөнгөж 6 хувь нь л гэр орон, ажлын байрандаа эрүүл ахуйн дэглэм барьдаг гэж хариулжээ. Ханиад хүрсэн хүнээс хол байхыг хичээдэг гэж мөн 6 хувь нь хариулсан байна. Шаардлагагүй бол олон нийтийн газар явахаас татгалздаг, вакцин тариулдаг гэсэн хариулт тус бүрт 10 хувь нь санал өгчээ. 

Санал асуулгад оролцогчдын 39 хувь нь ханиад хүрэхгүйн тулд дулаан хувцас өмсч, илчлэг хоол хүнс хэрэглэдэг гэжээ. Гэтэл ямар ч дэглэм барьдаггүй хүмүүс 26 хувийг эзэлж байна. Энэ бол өнөө хэнэггүй хүмүүсийн эзлэх хувь ийм өндөр байна гэсэн үг. Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх талаар огт боддоггүй, сүх далайтал үхэр амар гэгчээр халдвар авч үгдэрч хүндэртлээ эм, эмнэлэг барааддаггүй хүмүүс эрүүл ахуйн дэглэм барьдаг, вакцин тариулдаг хүмүүсээс даруй 2-3 дахин олон байдаг ажээ.

Эндээс ханиад, томуу, ер нь аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэвшил, зуршлаа өөрчлөх шаардлага байгааг харж болохоор байна.

Гэр орон, ажлын байрандаа эрүүл ахуйн дэглэмийг сахиж, чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, агааржуулах, ариутгалын бодисоор шал болон хаалганы бариул зэрэг нян, вирус дамжуулах эрсдэлтэй газруудыг угааж цэвэрлэх, хувийн ариун цэврийг сахих, ханиадтай хүнээс аль болох хол байх, өвлийн улиралд бусадтай аль болох гар барихгүй байх, олон нийтийн газар явахаас аль болох татгалзах гэх мэт ханиаднаас урьдчилан сэргийлэх олон арга зам бий.

Мэргэжлийн эмчийн зөвлөгөө ч үүнийг баталж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн их эмч Г.Гантөмөр дараахь зөвлөгөөг цахим хуудаснаа нийтэлжээ.

Хүн олноор цугласан үзвэр үйлчилгээний газраар сэлгүүцэхгүй байх, ялангуа бага насны насны хүүхдийг авч явахгүй байх. Дулаан хувцаслаж ажил амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх нь чухал. Мөн амин дэмээр баялаг чацаргана, нэрс, аньс гэх мэт эрдэс баялаг ихтэй жимсний шүүс, аарц, сонгино, сармис зэргийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх хэрэгтэй. Томуугийн үед тогтмол витамин С аль ч насныхан зөв тунгаар тогтмол хэрэглэх нь таныг томуугаас тодорхой хэмжээнд хамгаалах хүчин болж өгнө.
Амьсгалын замын халдваруудаас сэргийлэн амны хөндий, хоолойгоо давс, сод, тамидин буюу худалдаанд гарч байгаа ам зайлах зориулалтын шингэнээр өдөрт 2-4 удаа зайлах хэрэгтэй.

Энэ бүхэн дээр нэмээд хэлэхэд гараа тогтмол угааж, өвлийн улиралд агаараа чийгшүүлж, амин дэмээр баялаг хоол хэрэглэн, амьдралын эрүүл хэв маяг баримтлах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн С витамин өвчнөөс хамгаалахад ч өвчнийг давахад ч тустай. Цайр агуулсан бэлдмэл, эхинаци, заяахай буюу гандигар, далдуу модны цэцэг, мянган навчит, гавар, сармис  зэргийг капсул, цай хэлбэрээр хэрэглэхэд тустай. Томуугийн эсрэг вакцин хийлгэх эсэхээ өрхийн эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй бөгөөд шаардлагатай гэж үзвэл жилд нэг удаа хийлгэнэ. Булчин шөрмөс өвдвөл халуун буулгаж, өвчин намдаадаг эм ууж зовиураа багасгаж болно. Жоргүй авч болох олон тооны бэлдмэл байдаг ч өрхийн эмч, эм зүйчийн зөвлөгөөг заавал авах  хэрэгтэй. Гурав хоногийн турш халуун буухгүй, хоолой хөндүүрлэн, шар ногоон цэр гарч, цээж хөндүүрлэн, амьсгал давхцаж  эхлэх нь халдвар хүндэрч байгаагийн шинж  тул эмчид яаралтай хандах нь зөв юм.

Амьсгалын замын халдварт өвчнөөр дэгдэлтийнх нь оргил үед насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь, хүүхдүүдийн 30 хувь нь өвчилдөг гэсэн статистик бий. Мөн сүүлийн үед ханиад, томууны халдвар тээгч вирус  жил бүр шинж чанараа өөрчлөх болсон учраас эмчлэх арга зүйг ч тухай бүрт нь шинэчлэн боловсруулж байх шаардлага тулгарч байгаа аж. Нөхцөл байдал ийм байхад бид хайхрамжгүй, хайнга зангаа өөрчлөхгүй бол болохгүй. Дахин хэлэхэд ханиад, томуу бол хайхрамжгүй зангийн төлөөс юм. Яагаад гэвэл аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тэр боломжийн дэргэдүүр бид өнгөрсөөр байдагт л хамаг буруу нь бий.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)