Бид #НүдээНээсэн харин...

Сургуульдаа явахаар гарсан наймхан настай бяцхан охин буйдхан сумын төвөөс ор сураггүй алга болов. Эрэн хайх ажиллагааг цагдаагийн ажилтнууд ар гэрийнхэн нь хийсээр байгаа ч сураг ажиг гарсан зүйлгүй. 

Өсөхийн цагт эцэг эхээ алдах нэг зовлон

Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон 

Өтлөхийн цагт үрээ алдах нэг зовлон

Энэ хэрэгт хөндлөнгөөс оролцох бөө, үзмэрч хүртэл гарч ирж өөрийн фейсбүүк хуудсаараа охиныг ямар төрхтэй хүн хэрхэн авч явж, хаана нууж буйг билгийн мэлмийдээ харснаа хүртэл нийтлэв. Гэсэн ч 22 хоноход ямар ч сураг гараагүй хэвээр. Эцэг эх, эгч нь шар махтайгаа хатан сэтгэлийн там гээчийг мэдрэн сууна. 

Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин тавхан настай. Чихэр нэхэж, эрхэлж хэвтэх үеийнхнийхээ адил хүчирхийлүүлэх гэдэг үгийг ч ойлгохгүй, хойд эцэг нь өвтгөсөн гэдгийг л мэдэж, мэдэрсэн. Мөнгөн дэвсгэртүүдийг ч ялгаж мэдэхгүй түүнээс үзлэгийн хураамж нэхэн үүднийхээ төмөр сандал дээр өвчиндөө шаналж хэвтэхийг нь үл тоомсорлосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн. 

“Аав намайг өвтгөөд байна” гэх үгсийг чихнийхээ хажуугаар өнгөрөөснөөрөө 3-хан настай охины эх хүүхдээ балчир гэж бодож үгэнд итгээгүй нь зөвхөн сэтгэлийн бус бие махбодийн эдгэрэшгүй шарх үлдээсэн бол... 

Зочид буудалд амиа алдсан 13 настай сурагч охин. Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хууль бус аргаар хувилж авснаа нулимс унагалгүйгээр ярих гэсэндээ асар их тэвчээр зааж сэтгүүлчийн асуултад хариулж суугаа эцэг, уй гашуугаа үгээрээ илэрхийлж чадахгүй уйлах ээж.

Үрээ алдсан эцэг эх, сэтгэлдээ шархтай, алгахан биендээ ахадсан өвдөлт тээсэн багачууд. Тэдний дуу хоолой болохыг хүссэн иргэд, ТББ-ууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, аян өрнүүлж, кампанит ажил эхлүүлж байна. Иргэд бид эцэг эхчүүдийн зовлонг хуваалцан, хүүхэд багачуудын эсрэг хүчирхийллийг чадлаараа эсэргүүцэж холбогдох хүмүүсийнх нь анхааралд оруулахаар нэгтгэсэн дуу хоолой Тагнуулын ерөнхий газрын дарга асны үгс, намын дарга хэн болох эсэх асуудалд дарагдан замхарч байх шиг. Үндсэн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэх мэтээр хөврөх хуулиуд, түүний хэрэгжилтүүд, сэжигтнүүд, хэргийн үйл явц бүдгэрэн бүдгэрсээр. Бидний эрхийг хамгаалж, биднийг удирдан чиглүүлээч, намайг төлөөлөөч хэмээн сонгосон эрхмүүдийн хийх ажил, хэлэлцэх асуудал нь иргэдийн эрх, үүргээс ангид болчихсон хэрэг үү
Хүчирхийллийн гэмт хэргийн тухай асуудлуудыг хурцаар яригдаж, энэ төрлийн гэмт хэрэг гарах бүрт бүхний түрүүнд ТББ-ууд, иргэд сайн дураараа нэгдэн эсэргүүцлийн жагсаал хийдэг, холбогдох хүмүүст шаардлага хүргүүлдэг, харамсалтай нь шаардлагын хариуг албан ёсоор өгөх хугацаа гэж үгүй.

Иргэд хүчирхийллийн золиос болсон хойноо бус энэ аймшигт хэргүүдэд өртөхөөсөө өмнө хамгаалалт, хуулийн зохицуулалтыг, хүүхдүүддээ хүчирхийлэл гэгч мангасын талаарх мэдээлэл, ойлголтыг өгөхийг л, зах замбараагүй болсон нийгмээ цэгцэлж чадах шударга ёсонд нийцсэн хууль, тогтоомжийг л хүссэн. 

Иргэд хүчирхийллийн золиос болсон хойноо бус энэ аймшигт хэргүүдэд өртөхөөсөө өмнө хамгаалалт, хуулийн зохицуулалтыг, хүүхдүүддээ хүчирхийлэл гэгч мангасын талаарх мэдээлэл, ойлголтыг өгөхийг л, зах замбараагүй болсон нийгмээ цэгцэлж чадах шударга ёсонд нийцсэн хууль, тогтоомжийг л хүссэн. 

Харин бидний эрүүл эсэн мэнд амьдрах эрхийг хангах үүрэгтэй төр, төрийн түшээд таг чимээгүй, шуугиан дэгдсэн даруй гал намжаах сүржин өмөөрөл, худал үгсээр аргацаасаар хэдхэн хоногийн дараа өөр өөрийн эрх ашгаа хөндсөн асуудлуудаа ярилцаж суух нь харагддаг. 

Жагсаал хийж, хариуцлага нэхэж буй хүн бүрийн цээжинд өөрийн, үр хүүхдүүдийнхээ, ирээдүйн иргэдийнхээ төлөө нийгмээ эрүүлжүүлж төр иргэдийнхээ үгийг сонсдог байхад нөлөөлөхийг эрмэлзсэн, хүссэн зүрх л цохиулж байгаа. Нийгмийн сайн сайхны төлөө хийж буй жагсаал, жагсагчид, тэдэнтэй мөр зэрэгцэн зогсоогүй ч дэмжиж, түгээж суугаа хүмүүс олон бий. Эерэг хандлагыг түгээх, эвээр асуудлаа шийдэхийг зорьж буй шинэ үеийн залуус ийм олон байгаад өөрийнхөө төдийгүй үр хүүхдүүдийнхээ өмнөөс талархъя. 

Хүчирхийлэл, нэн ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хүн бүрийн арга барил, тэмцлийн хэлбэр нь өөр байдаг. Тэр ч утгаараа ТББ-ууд өөрсдийн зөв гэж үзсэн арга зам, итгэл үнэмшлээрээ хүүхдийн эсрэг хүчирхийллийг болж өгвөл таслан зогсоох, багасгах үйлдэл хийж байгаа нь сайн хэрэг. 

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэгчдийн тэргүүн шугамд Лантуун дохио ТББ-ын залуус яваа. Тэд үүнийгээ цааш өргөжүүлэн #НүдээНээ нийгмийн кампанит ажил болгож бусад ТББ-ын хамтаар эхлүүлэхээр шийджээ. Кампанит ажлын хүрээнд тайван жагсаал зохион байгуулахаас эхлээд зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, эрхзүйн орчныг бий болгох, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэхээс гадна хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хуулийн талаарх мэдлэг, боловсрол, эрх зүйн боловсролтой иргэн болохыг зааж сургах, гэр бүлтэй ажиллах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах, удирдлага арга зүйгээр хангах зэрэг олон асуудлыг хөндөж УИХ, Засгийн газрын гишүүдэд шаардлага хүргүүлэх зэрэг олон санал, санаачлага, өөрсдийн зүгээс хийж чадах ажлуудаа бодит болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. 

Яг үүнтэй зэрэгцэн Монголын эмэгтэйчүүдийн сангаас олон улсын сайн туршлага дээрээс үндэслэн бага насны хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдлэг олгох тогтолцоог сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүрдүүлэхээр зорьж боловсруулсан төслөө хэрэгжүүлж эхэлжээ. 

Монголын эмэгтэйчүүдийн сан (МОНЭС) ТББ “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төслийг БСШУСЯ-тай хамтран энэ оны нэгдүгээр сараас эхлүүлж туршилтаар хэрэгжүүлж байгаа аж. МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль, дүүрэг аймгийн боловсролын хэлтсүүд, Хөөрхөн зүрхнүүдийн аян, Хүүхэд хамгаалах үндэсний сүлжээ, охид эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ууд зэрэг нэлээд өргөн хүрээг хамарсан уг төслийг 3 жилийн хугацаатай явуулахаар бэлтгэсэн байна.

Эхний нэг жил сургалтынхаа модулийг боловсруулахад зориулсан бол хоёр дахь жилийн буюу туршилтын сургалт энэ сарын 1-нээс эхлэн аймаг, нийслэлийн 11 цэцэрлэгт нийт 4 цагийн сургалт болон орж эхэлжээ. Энэ намраас эхэлсэн туршилтын сургалт ирэх жилийн тавдугаар сард өндөрлөхөд туршсан модулиа үнэлж, сайжруулан 3 дахь жилдээ холбогдох төрийн байгууллагатайгаа хамтран улс даяар түгээн дэлгэрүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Үнэлж барашгүй үр дүнтэй уг төслийг хэрэгжүүлэхэд, сургалтын модулийг боловсруулахад хөрөнгө оруулсан газар нь Швейцарийн Ананда сан аж. Төслийн модуль боловсруулагдах, туршилтын сургалт, цааш түгээн дэлгэрүүлэх хүртэлх 3 жилийн бүх зардлуудыг Ананда сангаас санхүүжүүлжээ.

МОНЭС-ийн төслийн зохицуулагч Л.Ариунзул 

Мэдээж төслөөр байнга яваад байх боломжгүй учраас бид төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа юм. Нэгэнт түгээн дэлгэрүүлсэн модулийг цааш үргэлжлүүлэхэд хүний нөөц нь бэлтгэгдсэн байхад цаашид өөрсдийн өдөр тутмын хичээлийнхээ төлөвлөгөөнд оруулаад явахад болно. Энэ манай төслийн тогтвортой байдал болно гэж бид харж байгаа. 

Анхны санаа нь хоёр жилийн өмнө Хөөрхөн Зүрхнүүдийн аян ТББ-аас нийслэлийн 2 цэцэрлэг дээр Нийслэлийн боловсролын байгууллагатай хамтарч явуулсан туршилтын сургалт амжилттай болсон нь өдгөө ийнхүү төсөл болон хэрэгжих эхлэл болсон түүхтэй аж. Анхны тэрхүү туршилтын сургалтын амжилтаас хэрэгцээгээ олж харж, өргөн хүрээтэй болгож бодлогын түвшинд хамтарч ажиллах санаа цаашид үргэлжлэвэл сургуулийн өмнөх насныхан буюу 4, 5 настнууд бие махбодь, бэлгийн хүчирхийллийн тухай өөрсдийн балчир оюундаа таарсан мэдлэгтэй болохоос гадна өөрийгөө хамгаалахын тулд Би гэж хэн бэ, миний биеийн үнэ цэнэ юу вэ, бусад хүмүүсээс, нөгөө хүйсийнхээ хүнээс миний ялгаатай байдал юу вэ гэдгийг ойлгож авах болно.

Л.Ариунзул 

Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төсөл зөвхөн бага насны хүүхдүүдээс гадна багш нарын хүчирхийллийн талаар юу мэдэж байх ёстой, ямар мэдлэг чадвартай байх хэрэгтэйг таниулахын зэрэгцээ, эцэг эхчүүдийн хүлээх үүрэг, төрийн хүлээх үүрэг зэргийг ч давхар таниулах аж. “Хүүхдэд заасан бүхнийг гэрт нь давтуулж, амьдралын хэвшил болгохгүй бол хүүхдүүдээ хүчирхийллийн эрсдэлээс хамгаалж чадахгүй болдог. Тиймээс ч манай төслийн сонгож авсан стратеги нь бүх төрлийн оролцоог хамруулж бүгдийг нь сургах, сургасан бүхнээ байнгын давталттай байдлаар яваг гэсэн тактикаар ажиллаж байгаа. 

Нэг талаар урьдчилан сэргийлэх нөлөөллийн зорилготой, нөгөө талдаа харьяа яамыг бодлого, сургалтын хөтөлбөртөө оруулах журам гаргуулах гэсэн байдлаар хамтарч ажиллах бодол, зорилготой байгаа гэдгээ МОНЭС-ийнхэн онцлон дурдсан юм.

Зөвхөн энэ сард, энэ жил л бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, энэ хэргүүд нийгмийг цочроосон юм биш. Ажил, гэрийн хооронд өрөөлийн хүүхдийг бүү хэл өөрийнхөө хүүхдүүдийг ч анхаарах завгүй явах зуурт цагдаагийн байгууллагад өдөрт, сард, жилд ийм хэрэг хэдэн арваараа, магадгүй хэдэн зуугаараа бүртгэгдэж байгаа бол. Иргэд нь, ТББ-уудтай нийлэн чадлаараа дуу хоолойгоо нэгтгэн, жагсаж, аян өрнүүлж, гаднын байгууллагын хандив тусламжаар хойч ирээдүйнхээ төлөө санал санаачлага боловсруулж, хэрэгжүүлж, сайн үр дүн гаргаж, сайхан нийгмийг цогцлоохоор зүтгэсээр. Бид НҮДЭЭ НЭЭСЭН, харин хуулийг боловсруулж, баталж, хэрэгжилтийг нь хангах ёстой тэдний нүдийг бид нээж чадсан болов уу. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Түүнээс танд Монгол улсын юу хамгийн их таалагдаж гайхшруулсан бэ? гэж Монголд байхад нь асууж л дээ. Мэдээж уламжлал соёл гэсэн хариулт хүлээж байсан байх л даа. Гэхдээ тэр ингэж хэлсэн байдаг. "Монголд хамгийн эрх ямбатай анги бол хүүхдүүд юм байна. Монголчууд хүүхдүүдээ сайн халамжилдаг, улс нь бас их анхаардгийг хараад их сэтгэл хөдөлсөн" гэжээ. Би тэр үед өөрөө хүүхэд байсан болохоор юу хэлж байгааг сайн ойлгоогүй л дээ. Харин тэр Чили улсад нь хүүхдүүд их зовдог юм байна даа л гэж бодож билээ. Одоо Монгол хүүхдүүд одоогийн Чили хүүхдүүдээс илүү зовж байгаа гэж бодохоор бид өөдлөөгүй уруудаж иржээ. Ганц хүчирхийлэл биш, утаа, өвчин, чанаргүй боловсрол гээд бүгд орно. Хүүхэд бидний хойч ирээдүй гэж бид хэлэх дуртай. Гэтэл бид ямар ирээдүйг хүсч байгаа юм бэ?

    4 0 Хариу бичих
    • Хойч үе мань биднээс юу хүлээж авах нь тодорхойгүй болсон юм шиг байна

      0 0