Хотын иргэд өвлийн идшээ бэлддэг энэ цаг үед малын шүлхий өвчин гарсан байршлаас малын мах авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 21 хоногийн хорио цээр тогтоогоод байна. Тиймээс нийслэлд уг өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулж байна.
Түүнчлэн дөрвөн аймгийн сумдад малын шүлхий галзуу өвчин илэрчээ. Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн “Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.17-ны өдрийн 17-2195 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Түмэнгийн гозгор” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ тус багийн малчин Д-гийн 11 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.13-ны өдрийн 17-2368 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Бандийнхүү” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ тус багийн малчин Б-гийн 1 үхэр 11.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.16-ны өдрийн 361-362 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.