Манай улсын агаарын замаар 100 мянга дахь онгоц дайран өнгөрчээ

Манай улсын агаарын замаар үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ. Үүний илрэл нь нэг жилд агаарын замаар дамжин өнгөрөх онгоцны тоо нэмэгдэж байгаа явдал. Үүнийг баталсан үйл явдал өчигдөр боллоо.

Монгол Улсын агаарын замаар энэ он гарснаас хойш 100 мянга дахь онгоц өчигдөр дайран өнгөрлөө. Уг онгоц “Мюнхен-Шанхай” чиглэлд нислэг үйлдсэн Герман улсын авиа компаний “LufthansaDLH726” А-340 дугаартай онгоц байжээ.

 Өмнө нь хөөрөлт, буулт, өнгөрөлт бүгд нийлээд жилд 100  мянга хүрдэг байсан бол энэ жил ийнхүү дан ганц буулгүйгээр агаарын замаар дамжин өнгөрсөн онгоцны тоо 100 мянгад хүрсэн нь энэ ажээ. Харин хөөрөлт, буулт хийсэн онгоцны тоог нэмбэл энэ статистик нэлээд нэмэгдэх юм байна. Тухайлбал ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны цахим хуудаснаа мэдээлснээр 2017 оны арваннэгдүгээр сарын 27 буюу өнөөдөр өглөөний 9.00 цагийн байдлаар Монгол Улсын агаарын зайгаар 100661 онгоц нэвтрэн өнгөрөөд байна. Энэ тоолуур агаарын орон зайгаар дайран өнгөрөх, нисэлт, буулт хийх бүх онгоцыг тоолж, цаг, минут тутамд өөрчлөгдөж байдаг юм байна.  

Дашрамд сонирхуулахад, ИКАО буюу Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн болсон бүх орны агаарын зайг үнэгүй ашиглуулах зарчимтай байдаг. Харин агаарын зайд нислэг үйлдэхдээ агаарын навигацийн үйлчилгээг авч нислэгийн аюулгүй байдлаа хангуулсны төлөө агаарын тээвэрлэгчид тухайн улсын навигацийн байгууллагад үйлчилгээний төлбөр төлдөг байна.

Сүүлийн жилүүдэд улсын төсөвт оруулах навигацийн хураамжийн төлбөрийг ИНЕГ давуулан биелүүлж байгаа аж. Жилд 100 мянга орчим онгоц Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрөх болсон нь үүнд нөлөөлсөн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тэнд хэлтэй боловсролтой залуучууд ажиллаж тэднийг эсэн мэнд хил давуулж мөнгө олж өгч байгаа. Тэдний ажил амьдрал ямар байгааг сурвалжлаад өгөөрэй

    0 0 Хариу бичих