МАН-ын хоёрдугаар хүний сураг

Eagle.mn


Ардын намыг “ардын” засгийн тэргүүн У.Хүрэлсүх удирдахаар болов. 2020 оны УИХ-ын сонгууль хаяанд, улс төрийн ууган институц МАН-ын 100 жилийн ой дэргэд ирсэн үед хагарсан намаа нийлүүлэх, хариуцсан засгаа ажиллуулах хариуцлага У.Хүрэлсүхийн толгой дээр бууж байгаа.

Нэгт, УИХ дахь МАН-ын бүлгээ эвлүүлж, Засгийн газрын бодлого, шийдвэртээ дэмжлэг авах,

Хоёрт, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үйл явцад МАН-д наалдсан муу нэрийг хусч сааруулах,

Гуравт, МАН-ын гишүүд, дэмжигчдийнхээ алдагдсан итгэл үнэмшлийг сэргээх,

Дөрөвт, үлдэж байгаа гурван жилд МАН, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс биелүүлж, улсдаа бага ч атугай ажил хийх чухал байгаа.

Ургаж биш мөргөж гарч ирсэн Засгийн газрын тэргүүн, соёолж биш салаалж гарч ирсэн МАН-ын дарга учир дээрх дөрвийг хийхийн тулд сайн баг л хэрэгтэй. Засгийн газар нь нэгэнт бүрдсэн тул У.Хүрэлсүхэд гар нийлж ажиллах генсек, нарийн бичгийн дарга нар нь чухал. Намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол МАН-ын хоёрдугаар хүн. Хөзрөөр бол шалдан ноён хол явахгүй тул У.Хүрэлсүхийн араас топордохгүй генсек хэн билээ. 2020 он хүртэл нэг зорилгын төлөө тууштай явах, адаглаад сөрж давхиад түгжилдээд байхгүй хүн нь одоогийн генсек Д.Амарбаясгалан байж мэднэ.

Дөрвөн жил сөрөг хүчин явсан намын сонгуулийн штабыг удирдаж ялалтад хүргэсэн, хатуу өрсөлдөөнтэй Ерөнхийлөгчийн сонгуульд багаа удирдаж, өөртөө гал дуудсан хүн нь Д.Амарбаясгалан. Одоо ч түүнийг У.Хүрэлсүхтэй хамтарч намынхаа эсрэг ажилласан гэж АН-ынхан илүү шүүмжилдэг. Гэхдээ зүтгэх цагтаа зүтгэж, МАН-ын генсекийн хувиар хуваагдсан намаа эвлүүлэхийг зүтгэснийг нь МАН-ынхан мэднэ.

Тэр хэдий У.Хүрэлсүхийн Зүүний хүчний фракцад харьяалалтай ч 60 тэрбумын асуудал сөхөгдөхөд М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын эсрэг мэдэгдэл хийж, нам доторх зодоонд ороогүй. Тэр бас МАН-ын генсекээр ажиллаж байхдаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах ажилд гар бие оролцоогүй. Энэ утгаараа УИХ-д байгаа 32, 33-ын бүлгийг эвлүүлж нэгтгэх, намаараа 2020 онд ялалт руу мацах замыг Д.Амарбаясгалан засч мэдэх юм.

МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр шинэчлэгдэж, Бага хурлаас намын генсекийг сонгоно. Одоогийн байдлаар өрсөлдөөн Д.Амарбаясгалан болон Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан М.Баярмагнай нарын дунд болохоор байна. Олонд төдий л танигдаж амжаагүй М.Баярсайхан 2020 оны сонгуулийг угтаж хүмүүст танигдах улс төрөө хийж байна. Харин саяхан өөрийнхөө дурсамж номыг хэвлүүлж тараасан Ж.Цолмон хатагтай улс төрд байгаагаа тунхаглахын тулд л генсекийн өрсөлдөөний тайзан дээр гарахын тулд нэрээ дэвшүүлж байна. Тэдний хэн нь Д.Амарбаясгалан шиг хоёр шатны сонгууль, хоёр Засгийн хооронд МАН-ын гал тогоог сахиж, намын эв нэгдлийг цавуудаж, үдэж байв. Тэдний хэн нь 60 тэрбумын асуудал, хоёр удирдагчийн гал дунд МАН-ын тулганы галыг өрдөж байв. Ингээд бодоход намын эв нэгдэл, 2020 оны сонгуулийн заяа төөргийг бодсон ч тэр сонголт нь Д.Амарбаясгалан л байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Энэ намыг тараанаа

    0 0 Хариу бичих
  2. Цолмон авгай хол очиж хэвт

    0 0 Хариу бичих
  3. Bayarmagnaig Bayarmagnai gej biche bayarsaihan gej bichtsen bhiimaa hooson tolgoinuud

    0 0 Хариу бичих
  4. МАН, АН 2 н хурал унэн ялгаатай юмаа. АН хурАл МАН г муулаад байдаг. МАН улс орон дотоод асуудлаа яридаг.АН алдаагаа гаднаас хайгаад байдаг.Дараагийн 4 жил хоолонд орохын тулд унэнийг худлаа бологдог худлааг унэн бологдог энэ у.т н энэ явуургуй байдлыг а.т н бид нар л шийдэнэ шуу дээ.

    0 0 Хариу бичих