ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Арваннэгдүгээр сарын 20

Ш.Самбуу


Лев Николаевич Толстой нас баржээ

Оросын суут зохиолч Лев Николаевич Толстой 1910 оны арваннэгдүгээр сарын 20-нд нас баржээ. “Надад хэн нэг нь бүү саад болог гээд би хаа нэг тийшээ явлаа. Намайг тайван үлдээ” хэлсэн нь их зохиолчийн сүүлчийн үг байжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Толстой хүрээлэн буй орчин нь түүний ёс суртахуунтай зөрчилдөж байснаас ихээхэн шаналж байсан гэдэг. 1910 оны арваннэгдүгээр сарын 10-нд хувийн эмчтэйгээ хамт гэр бүлээ орхин нууцаар явжээ. Ийнхүү нууцаар явах замдаа 82 настай их зохиолч өвчин авч Астапова станцад галт тэрэгнээс буугаад амьдралынхаа сүүлчийн долоо хоногийг уг станцын даргын гэрт өнгөрөөн өөд болжээ.

Л.Толстойн ишлэлээс:

“Үхлийн адил зайлшгүй болсон нөхцөлд л гэрлэх хэрэгтэй”

“Бид хүмүүст хийсэн буянаараа тэднийг хайрлаж, тэдэнд өгсөн зовлонгоороо тэднийг үзэн яддаг”

“Тамга бол бүдүүлгийн зэвсэг”

“Дарь нь биш харин түүнийг зохиогчид нь хождог”

Хар арьстан ”Спартакийг” цаазлав

Португалийн колоничлогчид Бразилийн Зүүн хойд нутгийн оргодол хар арьстнуудын удирдагч “хар арьстан Спартак” гэгдэх Зумби душ Палмарешийг 1695 оны энэ өдөр цаазалжээ. Уг явдлаас 100 жилийн өмнө ширэнгэн ойд оргодол боолуудын цэргийн бүлэглэл квиломбо ихээр бий болж эхэлжээ. “Боол байснаас үхсэн нь дээр” гэсэн уриан дор Зумби бараг хориод жил португаличууд,  голландчуудтай тэмцэж байв. Харамсалтай нь тэмцэгчдийн дотор байсан урвагч түүнийг дайснуудад нь барьж өгчээ. Түүний нас барсан өдрийг Бразилид “Хар арьстнуудын ухаарлын өдөр” гэж тэмдэглэдэг болжээ.

“Фидело” дуурь анх удаа тоглогдов

1805 оны энэ өдөр  Людвиг ван Бетховены цорын ганц дуурь “Фиделио”-г анх тоглосон түүхтэй. Наполеоны цэрэг Вена хотыг эзэлснээс долоо хоногийн дараа “Театер-ан-дер-Вин” театрт энэ дуурийг тоглосон гэдэг. Леонара гэдэг эмэгтэй Фиделио гэдэг залуугийн төрхөөр шоронд нэвтрэн дарангуйлагчтай тэмцэгч, хайртай нөхрөө аварч буй тухай өгүүлэх уг дуурь өдгөө Хөгжмийн театрын агуу бүтээлийн нэг хэдий ч анхны үзэгчдэд нь төдийлөн таалагдаагүй гэсэн сонирхолтой баримт бий.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)