Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Итгэл-Зүтгэл-Хариуцлага” сэдэвт зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөн нь үндэсний хөгжлийн бодлого, үзэл баримтлал, 2018 оны улсын төсвийн талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын Албан даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар үүрэг, чиглэл өгөх зорилготой юм.

НҮБ-ын Дэлхий нийтийн тогтвортой хөгжил хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар "Тогтвортой хөгжлийн бодлого 2030" хөтөлбөрийг баталжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл ядууралгүй улс орон болох зорилго тавьсанаа Засгийн газрын зүгээс орон нутгийн удирдлагуудад танилцууллаа. 2000 онд Монгол улсын ядуурлын хувь хэмжээ 35-38 хувь буюу өндөр байсан бол 2001-2014 онд эргээд буурчээ. Харин  2016 оноос  ядуурал нэмэгдэж гурван хүн тутмын нэг нь ядуу байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр онцоллоо.

2016 оноос ядуурал нэмэгдэж гурван хүн тутмын нэг нь ядуу болжээ.

Түүнчлэн тэрбээр Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогыг 21 аймгийн удирдлагуудад танилцууллаа. Мөн 21 аймгийн Засаг дарга, Нийслэл, дүүргийн дарга ИТХ-ын төлөөлөгч нарт Засгийн газрын гишүүд 2018 оны төсвийн төслийг танилцуулж, өвөлжилтийн бэлэн байдлын талаар хэлэлцэн, 2030, 2050 Монгол улсын хөгжлийн алсын харааг танилцуулж, Үндэсний хөгжлийн газраас гарсан аймаг сумдын хөгжил болон өрсөлдөх чадварыг танилцуулсан юм.

Ирэх онд 918 сая мал отроор өвөлжих судалгаа байгаа бөгөөд 32 мянган тонн өвс бэлтгэхээс одоогийн байдлаар 23 мянган тонн өвс 5.3 мянган тонн хадлан тэжээл бэлтгэжээ. Түүнчлэн энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 87.8 хувьтай байгааг дуулгалаа. Мөн 11 дүгээр сарын эхээр орсон цас хөдөө орон нутагт 11-33 см зузаарч, өвөлжилт хүндэрч эхэлсэн талаар онцолсон юм.