Багш нар ном шахаж оюутны эрхийг зөрчдөг тохиолдол бий

Eagle.mn


Өнөөдөр олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Манай улсад нийт 220 мянган оюутан сурч боловсорч байгаа бөгөөд тэдний эрхийг хамгаалдаг нэгдмэл байгууллага бол Монголын Оюутны Холбоо юм. Уг байгууллагад эрүүл мэнд, нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих, цагийн ажил хийх зэрэг асуудлын талаар оюутнуудаас хамгийн их гомдол, санал ирдэг хэмээн оюутны холбооныхон хэлж байлаа.

Мөн багш нар дүнгээр “боох”  хичээлд холбогдолгүй ном худалдаж ав гэж шахах, сургалтын албаны хүнд суртлын асуудлууд ч цөөнгүй ирдэг байна. Харин оюутнууд хоорондын үл ойлголцол, курсийн ялгаанаас гарсан асуудлууд харьцангуй багасчээ.

Энэ талаар МОХ-ны зөвлөх Д.Үүрийнтуяа “Өнөөдөр хөндөгдөж байгаа хамгийн чухал асуудал бол автобусаар хөнгөлттэй зорчих үнэмлэх гараагүй олон сургууль байгаа. Мөн бид оюутныг хамгийн түрүүнд англи хэлтэй болгох зорилгоор хөнгөлөлттэй сургах аян өрнүүлж байгаа” гэлээ. Тэд ийн оюутнуудад тулгамдаж буй асуудлыг автобус унааны хөнгөлөлт, англи хэлний мэдлэг гэж харсан бол оюутнууд өөр зүйл хэлж байлаа.

ОЮУТНУУД: Шаардлага тавихад эргээд хичээл дээр унагаах, шалтгаангүйгээр ялгаварлан гадуурхах зэргээр бидэнд дарамт үзүүлдэг. Үүнээс болж оюутнууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, ижил хөдөлмөрлөсөн ч шударга дүн авдаггүй байдалд хүрдэг

Эрх нь зөрчигдөж буй талаар оюутнуудаас асуухад “Шаардлага тавихад эргээд хичээл дээр унагаах, шалтгаангүйгээр ялгаварлан гадуурхах зэргээр бидэнд дарамт үзүүлдэг. Үүнээс болж оюутнууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, ижил хөдөлмөрлөсөн ч шударга дүн авдаггүй байдалд хүрдэг” хэмээв.

Мөн тэд “Сургалтын стандарт гадны орныхтой харьцуулахад хаана нь ч хүрэхгүй байна. Биднийг сурч боловсрох эрхээр бүрэн хангаж өгөхгүй байна. Сургалтын албаны хүнд суртал байсаар байгаа нь сурах идэвхийг бууруулж, эрхийг нь зөрчиж байгаа. Үүнийг бүх хүн мэддэг мөртлөө зоригтой дуугардаггүй. Асуудлаа яриад холбогдох газраа очихоор нааштай хүлээж авч, эерэг шийдвэр гаргаж өгдөггүй” гэсэн юм.

1941 оны энэ өдрийг Нацистын дэглэмийг эсэргүүцэж харамсалтайгаар амиа алдсан Чех оюутан Яан Оплеталын дурсгалд зориулан Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Оюутны эрхийн уг гарал нь Үндсэн хуульд тусгагдсан хүний эрх, хүний эрхийн түгээмэл тунхаглалтай салшгүй холбоотой юм.

О.Нансалмаа

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)