Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагийн нуралт үүсчээ

С.Цолмон


Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас хувиараа нүүрс олборлож байсан хоёр иргэн дарагдсан талаар бид өмнө мэдээлсэн. Улмаар өнөө өглөөний 04.02 цагаас ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлийн удирдлага, зохион байгуулалтад ажиллажээ.

Ослын голомтод ажиллаж байгаа Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтохоос аврах ажиллагааны талаар тодруулахад "Уурхайн амнаас 140 метрийн гүнд нуралт үүссэн. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг гаргахаар өглөөний 04 цагаас эхлэн ажиллаж байна. Уурхайн гүнд олон удаагийн нуралт үүсч, голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Аврагчдын ажиллаж байгаа нүүрсний мөргөцөгт маш давчуу, нурсан нүүрсийг зайлуулах газаргүй. Мөн гал гарах нөхцөл бүрдэж, уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин илүү хортой хий (нүүрсхүчлийн дутуу исэл) ялгарч байгаа зэрэг нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсч байна" гэлээ.

Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш осол болсон энэхүү уурхайн хонгилд 10 орчим удаагийн нуралт үүссэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)